Р.Жигжид: Газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолсон технологийг Монголд нутагшуулж байна
Уул уурхайн сайд асан Р.Жигжидтэй уулзаж ярилцлаа. Түүнтэй ярилцах сэдэв маш олон. Монгол-японы харилцаанаас авхуулаад уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ямар бодол, дүгнэлттэй явдгийг нь уншигч танд хүргэж болно. Асуудлыг зөв бөгөөд зөөлөн талаас нь харахыг чухалчилдаг нь энэ хүний эрхэм чанар байж мэднэ. Дипломат албанаас төрийн сайд болсон цөөн улс төрчийн нэг тэрбээр эдүгээ монгол-японы хөрөнгө оруулалттай "everyday farm” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашихаас гадна хоёр ч төрийн бус байгууллагыг тэргүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж байна. Түүнийг "Чухал хүн” буландаа урилаа.
-Тантай харьцдаг албаны хүмүүсийг гурван бүлэгт хувааж болохоор аж. Нэг хэсэг нь таныг Элчин сайд аа гэж байхад нөгөө нь уул уурхайн сайд, захирал аа хэмээх юм. Харин төрийн бус байгууллага болоод хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж байгаа нөхөд тань хэн гэж дууддаг вэ?
-Сэтгүүлчид их ажигч хүмүүс шүү. Миний юу хийж явааг хэдийнээ судалж амжсан байх шив. Үнэнийг хэлэхэд, би гурван байгууллагын харьяалалтай болсон байна. Эхнийх нь таны хамгийн сүүлд тодотгож асуусан "Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо” төрийн бус байгууллага. Түншийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Д.Содном гуай ажилладаг юм.
Дараагийнх нь "Монгол-Токуда” сан. Уг санг Токушюүкай группийн ерөнхийлөгч, Японы парламентийн гишүүн асан Т.Токуда тэргүүлдэг. Энэ эрхэм Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан олон асуудлыг шийдэхэд маш их хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний санаачилгаар "Монгол-Токуда”сан 2011 онд байгуулагдсан. Миний хувьд энэхүү сангийн удирдах зөвлөлийн гишүүн.
Нэгэнт сангийн талаар ярьж эхэлсэн болохоор зарим зүйлийг тодотгох нь зөв байх. "Монгол-Токуда” сан манай улсын эрүүл мэндийн салбарт хандивын үйл ажиллагаа явуулахаас гадна эх нялхсын эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тасаг байгуулж, тус бүр таван ширхэг диализийн аппарат бэлэглэснээс гадна Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хиймэл бөөрний төв байгуулан 10 ширхэг диализийн буюу хиймэл бөөрний аппарат суурилуулж өгсөн. Түүнчлэн аппарат ажиллах тасаг, төвд ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулж өгдөг.
Гуравдугаарт нь миний одоо ажиллаж буй сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлийн "Моннаран” төсөл. Нөгөөтээгүүр, Монгол-Японы хамтын ажиллагааны нийгэмлэг харьцангуй олон. Тэр дундаа Японд бол бүр ч олон. Ор нэр төдий бус бодитоор үйл ажиллагаа явуулдаг нь Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо болон Монгол-Японы найрамдлын нийгэмлэг. Энэ хоёр төрийн бус байгууллага бусдыгаа тэргүүлж, голлох үүрэгтэйгээр ажилладаг юм.
-Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Гадаад хэргийн сайд "Бүрэн эрхт Элчин сайд Р. Жигжид бол хоёр орны найрамдалт хамтын ажиллагаанд их зүйлийг хийсэн хүн хэмээн онцлон тэмдэглэж байсныг санаж байна. Чухам тэр мөчид танд юу бодогдож байсан бэ?
-Хоёр улсын хооронд 1972 онд албан ёсны дипломат харилцаа тогтсон түүхтэй. Тэр он жилүүдийг эргэн санахад тэр үед хүйтэн дайны үе байлаа шүү дээ. Цаг үеийн нөхцөл байдал хэдий тийм байсан ч бид бие биедээ найрсгаар ханддаг байсныг онцолж хэлэх ёстой. Ингэж явсаар 1990-ээд оны эхнээс хоёр орны харилцаа маш идэвхтэй болж ирсэн. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг Япон улс анхнаас нь дэмжсэн.
Миний хувьд Японд 1996-2000 онд улс төрийн зөвлөх, 2004-2006 онд Элчин сайдын зөвлөх, 2006-2011 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан. Улс төрийн зөвлөхөөс Элчин сайдаар ажилласан онуудад Монгол Улс ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үе тохиосон юм. Тэр үед бидэнд эдийн засгийн хамтын ажиллагаа, түүн дотроо Засгийн газрын шугамаар орж ирэх зээл тусламжийн хэмжээг ахиухан авах явдал байсан.
Үүний тулд улс төрийн сайн харилцаатай байж улс төрийн дэмжлэг авах явдлыг чухалчилж байв. Япон улс манай улсыг бүхий л талаар талаас дэмжиж байлаа. Харин 2004-2011 онд улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөр болсон. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг сайжирч, буцалтгүй тусламж бус эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярьж эхэлсэн. Өрөөр хэлбэл, бид гаднын улс орнуудаас авсан зээлээ төлөх бяртай болж ирсэн гэсэн үг.Үүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, худалдааны салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөж эхэлсэн.
Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хоёр талын Элчин сайдын яамд хичээн зүтгэсэн. Тэр үед хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмаар явж байсан юм. Бидний цаашдын зорилго тухайн үед иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэл рүү шилжих явдал байлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсондоо би хувьдаа баяртай явдаг. Эдийн засгийн харилцааны хувьд эдийн засгийн түншлэлийн гэрээ буюу худалдааны гэрээг байгуулах том зорилтыг хоёр тал дэвшүүлсэн. Энэ том алхмын үндэс суурийг би бас тавилцсан гэж боддог.
Үүнээс гадна Японы Гадаад яаманд манай асуудлыг хариуцдаг байсан нэгжийн нэрийг өөрчлүүлж чадсан явдал. Өмнө нь манай асуудлыг Хятадын хэлтэс хариуцдаг байсан юм. Нэг ёсондоо Хятадын асуудал дотор манай асуудал яригддаг байлаа шүү дээ. Жижиг мэт санагдаж болох ч Монгол Улсын хувьд том асуудлыг шийдүүлэхийн төлөө хөөцөлдсөний эцэст Япон улс Гадаад яамны хуульдаа өөрчлөлт оруулж, Хятад- Монголын хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нь хоёр улсын харилцаанд чухалд тооцогдох үйл явдал мөн билээ.
-Та эдүгээ Элчин сайд бус хүмүүнлэг, төрийн бус байгууллагын элч төлөөлөгч болжээ.
-"Токушюүкай” группийг үндэслэн байгуулагч нь ноён Т.Токуда сан буй бүхнээ хүний сайн сайхны төлөө зориулсаар ирсэн энэ хүн тосгонд, ядуу тариачны гэр бүлд төрж өссөн нэгэн. Түүний бага нас маш хүнд нөхцөлд өнгөрсөн байдаг. Нэгэн удаа дүү нь хүнд ханиад тусч эмнэлгийн тусламж авах шаардлага гарч л дээ. Харамсалтай нь тосгон ганцхан эмчтэйн дээр шөнө болсон байсан тул тусламж авч чадалгүй дүүгээ алдаж.
Чухам тэр үед л мөнгөтэй хүнд нийгэм үйлчилдэг болохыг яс махандаа тултал мэдэрсэн гэдэг. Хожим арван жилээ төгсмөгцөө анагаах ухааны сургуульд элсэн суралцаж, дараа нь амь насаараа дэнчин тавьж байж зээлээр эмнэлэг байгуулсан түүхтэй. Токуда гуайн туйлын зорилго эрүүл, амьд явахад хүн бүр тэгш эрхтэй гэх үзэл. Энэ үзэл бодол, байр суурийнхаа төлөө бүх насаараа зүтгэж яваа буянтай буурал. Эдүгээ түүний байгуулсан анхны эмнэлэг өргөжин хөгжиж, дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй. Та бүхэн бод доо, 70 нэгдсэн больниц, 31 клиник оношилгооны төв, 76 асрамжийн газрыг байгуулсан байх юм.
Ноён Токуда 1990 онд Японы парламентад дөрвөнтөө нэр дэвшиж сонгогдсон нэгэн. Манай оронд Японы доод танхимын гишүүн байхдаа ирж байсан юм. Тухайн үед манайд эмнэлэг байгуулах гэсэн төлөвлөгөө нь бүтээгүй тул Болгарт 600 ортой эмнэлэг байгуулсан нь эдүгээ өргөжиж 1,000 ортой болсон. Үүнийг мөн л өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан. Харамсалтай нь тэрбээр 2002 онд маш хүнд, хэдэн зуун мянгад нэг тохиох өвчин туссан. Ухаан санаа нь эрүүл атлаа биеийн бүх булчин нь суларсан. Эрүүл мэндээсээ болж улс төрийг орхин зөвхөн дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ эмнэлгүүдийнхээ үйл ажиллагааг оюун ухаанаараа удирддаг болсон.
Хэдийгээр 24 цагийн асаргаа, сувилгаанд байдаг ч нийгмийн сайн сайхны төлөө цаг нартай уралдан хөдөлмөрлөж байгааг нь хүндлэхээс өөр аргагүй юм. Тэрбээр хүнтэй уулзахдаа нүдээрээ үсэг рүү зааж түүнийг нь үг өгүүлбэр болгох маягаар ойлголцдог. Би энэ хүнийг 1990-ээд оны эхээр Монголд ирэхэд орчуулагчаар нь ажиллаж танилцсан. Сүүлд Элчин сайдаар ажиллаж байхдаа ноён О.Миятогоор дамжуулж уулзахдаа өмнө нь ярьж байгаад орхисон эмнэлэг байгуулах талаар санал солилцож, улмаар "Монгол- Токуда” санг үүсгэн байгуулж, Монголын талыг хариуцан ажиллах болсон.
-Сангийн хэтийн төлөвлөгөөг Улаанбаатар хотноо эмнэлэг байгуулах явдал гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Иж бүрэн оношилгоо бүхий эмнэлэг байгуулах явдал. Гэхдээ хэзээнээс ажил хэрэг болох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд туслах хүсэл эрмэлзэлтэй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бид саяхан эрүүл мэндийн салбарт юу хэрэгцээтэй байна вэ гэдгийг судалж үзэхэд, эмнэлгийн зориулалттай ор, түргэн тусламжийн машин дутагдалтай байгааг олж мэдсэн. Хамгийн гол нь хүн сэтгэл амар амь насаа даатгах эмнэлэгтэй болох нь ноён Токудагийн нэн тэргүүний зорилго байдаг.
-Дэлхийн олон оронд байгуулсан түүний эмнэлэг хандив уу эсвэл эргэн төлгөдөгдөх нөхцөл бүхий зээл байдаг юм уу?
-Хандив, буцалтгүй тусламжийн хүрээнд баригддаг. Монгол-Токуда сан бол төрийн бус байгууллага.
-Таны дараагийн ярих сэдэв бол сэргээгдэх эрчим хүч Монгол Улсад дөнгөж хөгжиж байгаа салбар?
-"Everyday farm” бол Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компани. Японы тал дийлэнх хөрөнгө оруулалтыг хийсэн. Манай компани анх 2004 онд хөдөө аж ахуй, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг Монголд нэвтрүүлсэн. Толгой компани маань Японы Farmdo групп. Японд нэр хүнд бүхий хөдөө аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж. Тэгэхээр та бүхэн хөдөө аж ахуйн компани яагаад сэргээгдэх эрчим хүч рүү орсон юм бэ гэж гэж асуух нь дамжиггүй.
Японд хөдөө аж ахуй эрхэлдэг хүний тоо харьцангуй цөөрч залуучууд нь хот руу шилжих болсон нь энэ салбарт хүндээр тусч тариалангийн талбайнууд эхнээсээ эзгүйрсэн. Тиймээс "Farmdo” компани ашиглахаа больсон талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрчим хүчний нарны панел байгуулж, түүнийхээ дор давхар тариалалт хийх болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, нэг сумаар хоёр туулай буудсан хэрэг.
Панелийг битүүмжлэхээр хүлэмж болж буй юм. Компанийн санаачилгыг Засгийн газар нь дэмжиж, өндөр үнээр худалдаж авсан нь эдүгээ Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн сэргээгдэх эрчим хүчний "Моннаран” төсөл. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хүлэмжид хөрс ашиглахгүйгээр усан суурьтай тариалалт эрхлэх боломж бүрдэх учиртай. Түүнчлэн шинэ орчин нөхцөл бүрдэнэ. Ногоочид шороотой зууралдахгүйгээр хүнсний ногоог хүлэмжид тарьдаг болно гэсэн үг.
-Миний ойлгосноор шилэнд цэцэг үрслүүлдэгтэй адил технологийг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж байна гэсэн үг үү?
-Зөв ойлгосон байна. Хөрс нь усан дотроо хөвөн байрлаж түүнийгээ тусгайлсан бордоогоор тэжээж ургуулна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бид гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль гэх мэт хүнсний нарийн ногоог туршилтаар тариалж байна.
Харин сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болсон шалтгаан нь нүүрстөрөгчийг хэмнэх зорилготой.
Тэгэхээр нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийг Монголд нэвтрүүлэхийг Японы засгийн газар бодлогоор дэмжиж байгаа юм.
-Мэдээж төслийн ар талд санхүүгийн нарийн тооцоо буй. Ямар ч улс орон хөрөнгө мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулахгүй. Хоёр улсын аль алинд нь ашгаа өгөхүйц төсөл гэдгийг хэн баталж нотолсон юм бэ?
-Энэхүү төслийн цаана дэлхий дахинд нэр хүндтэй "Хитачи” мөн "Энникс” фирм мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч түүн дотроо нарны эрчим хүчний асар их нөөцтэй гэсэн судалгааг тэд хийсэн байдаг. Бүтэн жилийн турш нартай байдаг, хуурай цаг агаар зэргээс гарах ашигт үйлийн коффицент нь өндөр гарсан байна лээ. Тийм учраас манай улсыг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой нь гэж үзсэн.
Тэгээд ч Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж буй. Нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангахаар төлөвлөсөн. Харин 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэсэн зорилт тавьсан.
Мөн дэлхий хийн атомын цахилгаан станцаас татгалзаж эхэлсэн. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд ч сэргээгдэх эрчим хүч голлох хүчин зүйл нь болох учиртай. Тэгээд ч нүүрсийг түүхийгээр нь хэрэглэхээс дэлхий дахин татгалзаж эхэлсэн. Энэ бүхнийг бодолцож үзэхэд ч манай улс одоогоос дэлхий дахинтай мөр зэрэгцэх хэрэгтэй. Үүнээс улбаалан сэргээгдэх эрчим хүчний хууль гарсан. Маш сайн хууль болсон гэж мэргэжлийн улсууд дүгнэдэг. Тэр утгаараа гаднын хөрөнгө оруулалт энэ салбарт идэвхтэй орж ирж байгаа юм болов уу гэж бодож байна.
-"Моннаран” төслийн хүрээнд баригдах сэргээгдэх эрчим хүчний станц хэдийд ашиглалтад орох вэ?
-Манай станц хөдөө аж ахуйд суурилсан болохоор жаахан ажиллагаатай. Бид станцаа хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхнийх нь энэ оны зургаадугаар сард.Тодруулбал, 2.4 МВт-ыг ашиглалтад оруулна. Үүний дараа наймдугаар сард бүтнээр нь 10 МВт чадалтай станцаа ашиглалтад хүлээлгэж өгөх учиртай.
-Үйлдвэрлэсэн эрчим хүчээ хаашаа нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бидний хийсэн тооцоогоор Төв аймгийн Баянчандманийн дэд станцад нийлүүлэхээр 30 км агаарын шугам татсан. Станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсон тохиолдолд Баянчандмань, Баянцогт, Нөхөрлөл, Атар, Авдрант, Жаргалантыг эрчим хүчээр хангах юм.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Одоо хэрэгжих гэж байгаа "Алт-2” хөтөлбөр ном журмаараа бол "Алт-3” шүү дээ. Энэ нь нэг талаараа өмнөхөө үгүйсгээд байгаа ч юм шиг. Жилийн өмнө "Алт” хөтөлбөрийг боловсруулж явсан хүний хувьд та юу гэж бодож байна вэ?
-Чин үнэнийг хэлэхэд, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн тэр он жилүүдэд иргэн хүн уул уурхайн компани байгуулан үйл ажиллагаа явуулаад зогсохгүй ашиг олж болдог юм байна гэдгийг мэдрүүлсэн зүйл бол "Алт” хөтөлбөр шүү дээ. Ач холбогдлын тухайд олон зүйлийг хэлж болно. Тухайлбал, "Алт” хөтөлбөр хэрэгжсэнээр хямралд ороод байсан Монгол Улсын эдийн засгийг сэргээснээс гадна алтны нөөцийг нэмэгдүүлсэн. Бас сайнтай зэрэгцээд сөрөг зүйл ч гарч ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хууль бусаар алт олборлогчид байгаль орчныг хэрхэн сүйтгэж орхисныг та бид бэлхнээ мэдэж байгаа шүү дээ.
Байгаль орчны доройтол тэр үеэс эхтэй. Тэр үед хэн бүхний толгойд баяжих хүсэл байснаас биш байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх тухай бодож байгаагүйн горыг өнөөдөр бид эдэлж буй. Асуудалд эхнээс нь бодитой хандсан бол байгаль орчин ингэтлээ доройтохгүй байсан. Гэхдээ байдал жилээс жилд өөр болж байгаа шүү дээ. Манай багийнхны хувьд олборлосон алтаа гадагшаа сул алдах, татвараас зайлсхийдэг тэр урсгалыг барьж үлдэх арга замыг эрэлхийлсэн. Үүний тулд татварын тогтолцоонд өөрчлөлт оруулж, хувь хэмжээг бууруулснаар улсын сан хөмрөгийн хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон. Нөгөөтээгүүр, алтны компаниудыг эхний ээлжид үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай дэмжлэгийг улсаас үзүүлэх бодлогыг давхар авч явсан.
-"Алт” хөтөлбөрийг боловсруулах явцад энэ салбарын хууль, эрхзүйн орчныг өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарсан уу?
-Гол нь татварын тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзсэн. Алтанд 10-15 хувийн татвар оногдуулдаг байсныг Монголбанкинд тушаасан тохиолдолд татварын хэмжээг бууруулж, 2.5 хувь болгон өөрчилсөн. Үүний үр дүнд жилд таван тонн гаруйгаар буураад байсан алтны тушаалт 3-4 тонноор нэмэгдсэн шүү.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Алт-2” хөтөлбөрийг боловсруулахдаа та бүхний хийсэн тооцоо, судалгааг үндэслэж байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн "Алт-2” хөтөлбөрийн суурийг тавьсан болж таарах нь?
-Тэгж хэлж болох байх. Анхны "Алт" хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд энэ салбарт хөл тавьсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхтэй болж, алт олборлох, хайх хөтөлбөр эрчимжсэн байдаг. Гэвч тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, хууль бусаар алт олборлогчид, татвараас зугтаагчдаас болж алтны салбар тэр чигээрээ унасан. Түүнийг ил болгох нь бидний нэн тэргүүнд хийх ажил байсан. Тэгээд ч Засгийн газар эдийн засгийг маш богино хугацаанд сэргээх зүйл бол ашигт малтмал тэр дундаа алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж үзсэн. Алтны үнэ цэн дэлхийн зах зээл дээр өндөр байсан. Тиймээс гадагшаа урсах урсгалд хориг тавьж, алт олборлолтыг төрийн зүгээс дэмжих хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлсэн гэдгээрээ бидний ажил далайцтай болж чадсан.
-Урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлогчдод ихээхэн саад болсон гэж салбарынхан нь дүгнэдэг?
-Ерөнхийдөө үзэл санааны хувьд зөв хууль. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд хүндээр туссан. Хууль боловсруулагчид хуулийн хэрэгжилт гадаадын хөрөнгө оруулагчид ямраар тусахыг бодолцож үзээгүй. Тиймээс цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулахдаа нөхцөл байдлыг мэдэрч, үүндээ тохирсон арга хэмжээг авах ёстой.
Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн тухайд шийдвэрлэж чадахгүй байсан зарим зүйлийг гацаанаас гаргасан ч гадаадын хөрөнгө оруулалт бүхий олон компани хохирсон гэдгийг хэлэх ёстой. Судалгаа хийж байхдаа гаднын хөрөнгө оруулалт бүхий компаниудыг яах ёстойг хуулийн төсөлд тусгаагүйн улмаас асуудалд ялгавартай хандсан мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. Тиймээс яамны зүгээс хөрөнгө оруулалт нь хийгдчихсэн компаниудын үйл ажиллагаанд хатуу хяналтыг тавих байдлаар асуудлыг цэгцэлсэн. Үүний үр дүнд байгаль орчинд хор хохирол учруулж байсан явдлыг хуулийн хүрээнд цэгцэлсэн. Нөгөөтээгүүр, урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлолтод нөлөөлж байсныг цэгцэлснээр алт олборлолт тодорхой хэмжээгээр нэмэгдэж сэргэж эхэлсэн. "Алт” хөтөлбөр бол олборлолтыг зөв арга зам, зөв чиглэлээр сэргээж, экспортыг дэмжсэн хөтөлбөр болсон.
-Эрдэс баялгийн биржийн асуудал хүчтэй яригдаж байснаа нам жим болсон. Та бүхний хүлээж байсан үр дүн нь юу байсан юм бэ?
-Эрдэс баялгийн бирж байгуулах гэж байсан хэдий ч харамсалтай нь амжаагүй. Тэгээд хөдөө аж ахуйн биржтэй нэгтгэсэн. Уг нь анх тус тусад бирж байгуулах асуудал яригдаж байсан юм. Бидний байгуулах гэж зүтгээд орхисон Эрдэс баялгийн биржийн тухайд үнэхээр их ашигтай хувилбар байсан. Өөрөөр хэлбэл, биржийн үйл ажиллагаа худалдан авагч, олборлогч гэсэн системээр явж, худалдан авагчид шударгаар өрсөлдөн хамгийн өндөр үнийг санал болгосон иргэн, аж ахуйн нэгжид худалдан авах эрхийг олгох байсан юм.
-Яамны зүгээс бичил уурхайчдыг бүртгэлжүүлж, тэдэнтэй хамтрах гарцыг хайж байсан. Үүнийг зөв гэх хэсэг байхад тэднийг өөгшүүллээ хэмээн буруушаах нэгэн ч байсан?
-Хэдэн жилийн өмнө ногоон түмпэн үүрэн уул хадаар алт хайн тэнэх хэсэг бүлэг нөхдийг нинжа гэдэг байлаа. Одоо тэднийг тэгж нэрлэх аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, нинжа нарын ихэнх нь хэдийнээ хөл дээрээ боссон. Зарим нь бүр компанийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй. Тиймээс бүртгэлд хамруулж, үйл ажиллагааг цэгцлэх нь зүй ёсны асуудал. Бүртгэлгүй байхын хэрээр татвараас нуугдаж, гадагшаа гарах алтны урсгалын хэмжээ нэмэгдэнэ. Сүүлийн үед томоохон компаниуд гэрээгээр бичил уурхай эрхлэгчдийг хөлсөлж ажиллуулдаг болсон байна лээ. Энэ бол байж болох л хувилбар. Хамгийн гол нь үйл ажиллагаа нь зөв байж, зөв технологи ашиглах хэрэгтэй.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ