📅

МАН-ын Бага хурал, АН-ын бүх гишүүдийн сонголтын бүрэн бус зураглал

🕔 2017/05/05 11:29

МАН-ын Бага хурал, АН-ын бүх гишүүдийн сонголтын бүрэн бус зураглал

 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ МАН хамгийн түрүүнд тодрууллаа. Шийдвэр гаргах цагийг нь тулгаж байж шийдээ дуулгадаг МАН энэ удаад уламжлалаа эвдэж, эрх барьж байгаа гэсэндээ эртэй, баяртайгаар нэр дэвшигчээ ил болгов.

 

Энэ удаагийн Ерөн­хий­лөг­чийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөнө. Тав­дугаар сарын 3-нд хуралд­сан Бага хур­лын өмнөх шөнө нь хуралд­сан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас М.Энхболд, Ц.Нямдорж хоёрыг Бага хуралд оруулж санал хураалгахаар бол­сон юм. Энэ хурал дээр М.Энхболд Ерөн­хий­лөгчийн сонгуульд өрсөл­дөхөөр улайран зүтгэхгүй гэдгээ илэрхийлжээ. Гэвч МАН-аас дарга нь л нэр дэвшдэг уламжлалыг дагах хэрэгтэйг Удирдах зөвлөлийн гишүүд нь сануулсаар Бага хур­лын санал хураалтад орол­цохоор болгосон аж. Энэ тухайгаа Бага хур­лын индэр дээрээс ч хэлсэн байна лээ. "...Өнөөд­рийг хүртэл надад "Заавал Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшинэ” гэ­сэн улайрсан бодол, ха­туу зорилго байгаагүй, үнэнийг хэлье” гэсэн юм. Түүнтэй өрсөлдсөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд хэ­дэн жилийн өмнөөс л Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшихээс татгал­захгүй гэдгээ битүү хатуу, ил далд илэрхийлж ирсэн. Тиймээс ч тэрээр уржигдар болсон Бага хуралд тун чиг итгэл төгс орж очсон. Харин санал хураал­тын дүн гарахад Бага хурлын 259 гишүүний 222 нь намын дарга М.Энхболдыгоо дэмжиж, 37 хүн УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тө­лөө саналаа өгсөн бай­даг. Гэхдээ Михаилд бодол бий гэдэг шиг Ц.Нямдорж өөрийнхөө бодит рейтингийг харъя гэж энэ өрсөлдөөнд оролц­сон байх талтай. Ингээд 2017оны Ерөн­хийлөгчийн ээл­жит сонгуульд МАН-аас тус намын дарга Миеэгомбын Энхболд нэр дэв­шихээр боллоо.

 

М.Энхболд нь 1964 оны долдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хо­тод төрсөн. 1982 онд Нийс­лэлийн 10 жилийн I лабо­ратори дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их сур­гуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1987-1989 онд Улаан­баа­тар хотын Ахуйн үйл­чилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны тө­лөв­лөлт аж ахуйн меха­низмын хэлтэст мэргэ­жилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйл­чил­гээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэр­гүүлэгчдийн дар­га, 1999-2005 онд Нийс­лэлийн Засаг дарга бө­гөөд Улаан­баатар хо­тын захи­рагч, 2005 оноос УИХ-ын ги­шүүн, 2006-2007 онд Монгол Улсын Ерөн­хий сайд, 2007-2012 онд Монгол Улсын Ша­дар сайд, 2012-2016 онд УИХ-ын дэд дарга, 2016 оноос УИХ-ын даргаар ажиллаж байгаа. Тэрээр 1990 онд МАН-д элссэн, 1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга, 1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, 1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга, 2005-2007 онд МАН-ын дарга, 2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2013 онд МАН-ын даргаар сонгогдсон. Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч, Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн, "Манзушир хутагт” сангийн Тэргүүний сонгуульт ажилтай юм байна. АН-ын хувьд уржигдар буюу мөн л тавдугаар сарын 3-нд Бүх гишүүдийн санал хураалтаар нэр дэвшигчээ тодрууллаа.

 

Энэ сонгуульд АН-ын зургаан нэр дэвшигч өрсөлдсөн юм. Гэхдээ өрсөлдөөн Р.Амаржаргал, Х.Баттулга хоёрын дунд явагджээ. Шөнийн турш сошиалын сонин болж, олныг оволзуулсан санал хураалтын явцад Р.Амаржаргал тэргүүлж байсан ч эцсийн мөчид ялалт Х.Баттулгад очив.Тодруулбал, Х.Баттулга 2740.9 оноо, Р.Амаржаргал 2374.8 оноо, Д.Дорлигжав 1058.6 оноо, Н.Алтанхуяг 1044.1 оноо, Л.Болд 917.3 оноо, Б.Жаргалсайхан 213.3 оноог тус тус авчээ. АН-ын ийн нэр дэвшигчээ тодруулахдаа дүгнэсэн аргыг АН-ын дарга С.Эрдэнэ, албан бус дарга гэгдэх З.Энхболд нарын тун цөөхөн хүн мэдэж буйг учир мэдэх хүн хэлнэ лээ. Юутай ч энэхүү сонгуулийн дүнг оноогоор тооцсон. Харин аргачлал нь тодорхой бус байгаа юм. Ер нь АН-ын шинэ дүрэм олон нийтэд төдий­лөн ойлгомжтой биш байгааг хэлэх хэрэгтэй.

 

Тэгэхээр тог­лоомын дүр­мийг намын эрх баригчид өөрчлөн зохион байгуулах боломжтой. Өнөөдрийн энэхүү нам доторх сонгуульд үүрэг нөлөөтэй оролцож буй гэгдэх З.Энхболд уг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга байсан хүн. Тэр үед намаа "ухаан гаргаж” удирдсан бол өдийд АН ингэтлээ газардахгүй байх байв. Учир нь З.Энхболд УИХ-ын дарга, АН-ын дарга байсан. Хууль тогтоох бүх эрх мэдэл түүний гарт төвлөрөөд байсан юм. Х.Баттулга Ерөнхий­лөг­чид нэр дэвшихээр хамгийн өндөр оноо авч шалгарсан нь зарим нэг хүчин зүйлийн нөлөөтэй гэдгийг ажиглагчид хэлж байна. Хамгийн товчоор хэлэхэд түүнийг "Бүлэглэл”-ийг төлөөлөн нэр дэвшиж байна гэж байгаа юм. Харин Р.Амаржаргалын хувьд нийт ард түмнээс өндөр санал авах кандитатаар нэрлэгдэж байсан. Мөн нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүсээс ганцаараа маш том ялгаатай байсан юм. Тэрээр идэж, уусан асуудалд огт холбогдож байгаагүй. Бидний ярьдгаар "нэр цэвэр” нэр дэвшигч байлаа. Гэхдээ нэгэнт дүн нь гарч, намын удирдлагууд зарласан болохоор Х.Баттулга дараа дараагийн даваагаа даваад АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой боллоо.

 

Х.Баттулга нь 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль, 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Зураач мэргэжлээр тус тус төгссөн. Ингээд 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982-1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач, 1990-2004 онд "Женко” ХХК-ийн Ерөнхий захирал, 1997-2004 онд "Баянгол зочид буудал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 1999-2004 онд "Мах Импекс” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв. Мөн тэрээр Монгол Улсын гавъяат тамирчин юм. Ийн өнөөдрийн байдлаар МАН, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой болж байна. Дээрээс нь МАХН-аас хэн нэр дэвшиж орж ирэх нь маргааш тодорхой болно гэж яригдаж байна. Ингээд өрсөлдөөн МАН-ын дарга М.Энхболд, АН-ын гишүүн Х.Баттулга, мөн МАХН-ын нэр дэвшигч гурвын хооронд өрнөнө.

 

Тэгээд хэн нэг нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Энэ удаагийн сон­гууль ихээхэн онцлогтой. Монголын ард түмэн бүх нийтээрээ санал өгч Ерөнхийлөгчөө сонгох сүүлчийн сонгууль юм. Яг одоо процесс нь яваад эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парла­ментаас сонгодог болно. Хэрэвзээ өөрчлөлт орсон байдлаар өнөөд­рийн нэр дэвшигчдийг харвал Х.Баттулга парламентаас хэзээ ч гарахгүй харагдаж байгаа юм. Харин Р.Амаржаргал нь гарч ирсэн бол М.Энхболдын хувьд маш хүчтэй өрсөлдөгч болох байв. Гэвч энэ удаад хууч­наараа буюу ард түмэн саналаа өгч Ерөн­хийлөг­чийг сонгоно. Санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болох юм. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.ДАМДИН-ОЧИР

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?