📅

Д.ДОРЛИГЖАВЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ОФФШОР БҮСТ ШИЛЖҮҮЛСЭН 800 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТҮҮХ

🕔 2017/04/27 13:41

Д.ДОРЛИГЖАВЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ОФФШОР БҮСТ ШИЛЖҮҮЛСЭН 800 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТҮҮХ

"Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг луйвар булхайн аргаар завшсан том жижиг олон дуулианы нэгийг энд сөхөн хөндөе. 2002 оны тавдугаар сарын 9-нд УИХ нэгдсэн чуулганаараа зөвхөн нэг асуудлыг бүтэн өдөржин хэлэлцсэн байдаг. Тусгайлан цаг гаргаж хэлэлцсэн асуудал нь УИХ-ын Ажлын хэсгээс Эрдэнэт үйлдвэрт хийсэн санхүүгийн шалгалтын тайлан, дүгнэлт.

2000 оны УИХ-ын сонгуулийн дараа есдүгээр сард Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн бөгөөд энэ баг ТӨХ-ны дарга Зориг, Тамгын газрын дарга Шинэбаатар, Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Жаргалсайхан, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Дэмбэрэл, Гаалийн ерөнхий газрын дарга Мөнхбаатар, Үйлдвэр, худалдааны яамны мэргэжилтэн Хуандаш, Татварын ерөнхий газрын байцаагч Оюун гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй болов.

2001 оны хавар хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын талын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас нэгэн албан бичиг хүлээн авчээ. Үүнд "Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэр хариуцсан захирал Даваасамбуугийн зөвшөөрлөөр Киприйн "Травинатрейдинг” гэдэг компанид 800 мянган ам.доллар шилжүүлсэн. Үүнийг данс бүртгэлд авах уу, яахав гэсэн мөрүүд байсан бөгөөд "Эрдэнэт” хамтарсан үйлдвэрт ОХУ-ын Бурядын Энергострой компаниас нийлүүлдэг эрчим хүчний үнийг бууруулах, тасалдлыг багасгахад зуучилсны хөлсөнд Киприйн "Травнеттрейдинг” компанид шилжүүлсэн мөнгө хэмээн тодотгосон байдаг.

Хэрэг явдал нэлээн өндөр авч УИХ Ажлын хэсэг томилон Эрдэнэт үйлдвэрийг шалгаж эхэлсэн юм. Энэ Ажлын хэсэг шалгалтаараа Киприйн "Травнейттрейдинг” компани нь Бурядын "Энергострой” ба Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрийн хооронд цахилгаан эрчим хүч бэлтгэн нийлүүлэх гэрээнд зуучлагчын хувьд огт оролцоогүй. Бурядын "Энергострой” нь Киприйн энэ компанитай ямар нэгэн ажил хэргийн холбоогүй болон өөр ноцтой гэж үзэхээр олон баримтыг илрүүлсэн байдаг.

Эрчим хүчний үнийг бууруулах, тасалдлыг багасгах асуудлаар 1999 оны аравдугаар сарын 18-27-нд "Эрдэнэт” үйлдвэр болон ОХУ-ын Аиес, Бурядын "Энергострой” компаниуд хэлэлцээ хийж, протколын дагуу хамтран ажиллах байгуулсан юм байж. Гэтэл "Энергострой” болон Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрийн хооронд цахилгаан эрчим хүч бэлтгэн нийлүүлэх гэрээнд сууж зуучлагчийн хувьд огт оролцоогүй Киприйн "Травнейттрейдинг” гэдэг компани гэв гэнэт хөндлөнгөөс орж ирээд 800 мянган ам.доллар аваад арилсанд хэргийн гол учир оршиж байв.

ГОК-той гол гэрээг байгуулсан "Энергострой” компани Киприйн "Травнейттрейдинг” гэдэг энэ компанийг огт мэдэхгүй хэмээн мөрөө хавчсан бөгөөд 800 мянган ам.доллар залгисан "Травнейттрейдинг” компанийг хоёр улсын Зөвлөл ч мэдэхгүй гэжээ. Харин энэ компанитай  гэрээ байгуулсан байдаг. Тэдний байгуулсан гэрээний дагуу  "Травнейттрейдинг”-д 1999 оны аравдугаар сарын 15-нд нэг сая ам.доллар нийлүүлэх ёстой байсан ч  1999 оны 10 сарын 29 болон арваннэгдүгээр сарын 7-нд их хэмжээний мөнгийг хоёр хуваан шилжүүлсэнийг УИХ-ын Ажлын хэсэг тогтоосон байдаг. Үйлдвэрээс 800 мянган ам.доллар зуучлалын шагнал нэртэйгээр гараад явчихсан.

Хэрэг явдалд огт хамаагүй Киприйн захын нэг компани энэ их хэмжээний мөнгийг хоёр улсын Засгийн газар эзэнтэй, хамтарсан үйлдвэрийнхний дунд зүгээр л амаа хөдөлгөсөн болчихоод аваад арилсан нь гайхамшигтай луйвар гэж Ажлын хэсэг үзсэн байдаг. Ингэж үзэх шалтгаан ч байж. Учир нь Д.Дорлигжавтай Киприйн "Травнейттрейдинг” компанийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтыг эрэн хайхад энэ этгээд ажлаасаа гараад олон жил болсон байсныг Ажлын хэсэг дүгнэлтэндээ тусгасан байв.

Энэ асуудал 2002 онд хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн эрэлттэй дуулианд тооцогдож, УИХ-ын Ажлын хэсгийн 45 хуудас бүхий шалгалтын материалын товчлол хэвлэл мэдээллээр тарж байлаа. Дуулианы эзэн Д.Дорлигжав энэ үед АН-ын төв аппаратад очиж ажилласан ба Кипр улсын Травнеттрейдинг компанид 800 мянган америк доллар шилжүүлснээ тодорхой тайлбарлаагүй "УИХ зөвхөн миний гарын үсэгтэй зүйлийг л шалгаад байгаа” гэсэн утгатай ярилцлагыг сонин хэвлэлд өгч байсан нь архивын шарласан хуудаст үлджээ. "Эрдэнэт”-ийг шалгасан УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг нэгдсэн чуулганаар хэлэлцдэг 2002 оны тавдугаар сарын 9-нд Д.Дорлигжав УИХ-ын гишүүн талийгаач Ж.Наранцацралтад хэсэг баримт дайсан байдаг. Ингээд Ж.Наранцацралт гишүүн түүний өмнөөс УИХ-ын чуулган дээр шалгалтын Ажлын хэсгээс:

-Энд Дорлигжавын нэр хамгийн их гарч байгаа Дорлигжав өнөөдөр надаар тодорхой материал өгч явууллаа. Ажлын хэсэг асуудлыг бүх талаас нь харсан уухолбогдож байгаа бүх хүнтэй уулзсан юм уу. Энэ талаар ямар арга хэмжээ авсан юм бэ хэмээн асуусан байдаг. Түүний асуултад Ажлын хэсгийнхэн:

Төрийн хянан шалгах хорооны шалгалт бол өөрийнх нь бүрэн эрхийн дагуу графикийн хугацаанд хийсэн шалгалт. Ажлын хэсгийн шалгалт бол УИХ-ынх. Ямар нэгэн нам хүчинтодорхой хүмүүсийг буруутгах гэсэн зорилгогүй. Гарсан алдаа дутагдал, зөрчил нь энэ хүнтэй холбоотой учраас гишүүдийн анхаарлыг яах аргагүй татаж байна. Хамтарсан үйлдвэрийнхээ үйл ажиллагааг сайжруулах асуудлыг ч бид хөндөж байна. Шалгалтын үеэр илэрсэн дутагдалыгхуулийн байгууллагад шилжүүлэхгүй орхих эрх зүйн үндэс байхгүй хэмээн хариулсан байдаг. Энэхүү Ажлын хэсгийг тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж ахалж байсан билээ.

Ингээд Д.Дорлигжавт хуулийн байгууллага "Эрдэнэт” хамтарсан үйлдвэрийн Зөвлөлтэй 1999 оны дөрөвдүгээр сарын 2-нд ОХУ-ын Москва хотод байгуулсан гэрээний 2, 3 дугаар заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, их хэмжээгээр хэтрүүлсэн ба Зөвлөлтэй зөвшилцөлгүй Кипр Улсын нэр бүхий компанитай хуурамч гэрээ байгуулж уг компанид их хэмжээний америк долларыг шилжүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Он жил өнгөрч энэ хэрэг замхарсан бөгөөд өнөөдөр цагдаа, прокурорын архивт энэ хавтаст хэргийн баримт байдаг юм болов уу? Энэ асуултад та ч бас хариу хайх гээд үзээрэй.

Хэнд эрх мэдэл байна тэр хүний гарт хөрөнгө санхүү нь төвлөрдөг учраас эрх мэдэлтэй байх эсэхээ шийдэх хөрөнгөө эндээс босгохын тулд "Эрдэнэт”-ийг улс төрийн намууд стратегийн түшиц газар болгон ашигласаар 20 орчим жил болж байна. Ийн тонуул дээрэмд өртдөг ч Эрдэнэтийн овооны зэсийн нөөц хараахан шавхагдах болоогүй. Дээр нь улсын төвсийн ихэнх хувийг бүрдүүлчихнэ. Тиймдээ ч улстөрчид "Эрдэнэт” үйлдвэрт "саалийн үнээ” гэх нэрийг оноосон биз ээ.

cyprus-300x130 Д.Дорлигжавын 'Эрдэнэт'-ээс оффшор бүст шилжүүлсэн 800 мянган ам.долларын түүх

Эх сурвалж: http://pressnews.mn/article/59

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?