📅

АН-ын нэр дэвшигч сунгаагаар биш "Шонхор"-оос тодрох уу

🕔 2017/04/26 10:28

 

АН-ын нэр дэвшигч сунгаагаар биш "Шонхор"-оос тодрох уу

 

Монгол Улс тав дахь төрийн тэргүүнээ сонгоход ердөө хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Боловсролын системийн завхарлын хажуугаар энэ хаврын улс төр ид өрнөж эхэллээ. Парламентад суудалтай намууд сонгуульд нэр дэвших хүмүүсээ зарлахаар дор бүрнээ улстөржиж байна.

 

МАН-ынхан аливаа асуудлаа дотооддоо нам гүмхэн шийддэг уламжлалаа хадгалахаар бэлтгэж байгаа бол АН-ынхан аль хэдийнэ булаацалдаад эхэлчихлээ. Одоогийн байдлаар Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Л.Болд тэргүүтэй улстөрчид сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.

 

Түүнчлэн намын дарга С.Эрдэнэ эдгээр эрхмүүдтэй тусгайлан уулзалт хийсэн гэх мэдээлэл ч зарим хэвлэлүүдээр гарч байна. Харин МАХН-ынхан урьдын адил намын даргаа зүтгүүлэх гэсэн боловч хууль хяналтынхан Н.Энхбаярын ялтай хугацаа дуусгавар болоогүй хэмээн бичиг цаас шидэлсээр байгаа. Тиймээс арга буюу өөр хүнийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа  гэх яриа байна.

 

Хамгийн сүүлийн мэдээллээс харвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьснаа мэдэгдсэн. Гэтэл өөр нэг эх сурвалж Ц.Шаравдоржийн нэр ч яригдаж байгаа гэх. Гэхдээ хэн нь бэ, аль эсвэл огт  өөр "хөзөр” дэлгэх үү гэдэг нь анхаарал татсан хэвээр үлдэх бололтой.

 

Гэхдээ мэдээж намуудын нэр дэвшигчдээс хамгийн их сонирхол татаж байгаа нь АН-ын нэр дэвшигч нар юм. Одоогийн байдлаар нэр дэвших хүсэл сонирхлоо илэрхийлсэн хүмүүс нь ихэвчлэн тогтоогдсон зүйл байхгүй ч элдэв хэрэгт холбогдож шалгагдаж байсан хүмүүс байна. Харин нэр дэвших хүслээ илэрхийлсэн эрхмүүдээс Р.Амаржаргалын хувьд нэр цэвэр хүн гэдгийг хэвлэлүүд онцолж байна.

 

Гэхдээ энэ нам Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ хэрхэн яаж тодруулах нь бас тодорхойгүй байна.  Намын дарга С.Эрдэнэ дотоод сунгаагаар нэр дэвшигчээ тодруулна хэмээн ярьж байсан ч  одоо тийм цаг хугацаа үлдсэнгүй.

 

Эх сурвалжуудын таамаглаж байгаагаар сонгуульд нэр дэвших эрхмүүдийн зарим нь нэрээ татаж, заримыг нь С.Эрдэнийн "талынхан” хасч, ҮБХ-ны хуралд хоёр хүний нэрийг оруулна гэж таамаглаж байгаа. Эндээс харвал намаасаа хэн нэр дэвшихийг гишүүд нь бус ҮБХ-ынхон шийднэ гэсэн үг. Тус намын ҮБХ 380 гишүүнтэй.  Хэнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх, ялах, ялагдлын шанг тэд шийдэх болно гэсэн үг.

 

Гэхдээ намын олонхийг гартаа атгаж, хүчний давууг эзэмшиж байгаа С.Эрдэнийн "Шонхор”  фракциас Ерөнхийлөгчид нэр дэвших тодрох магадлалтай гэсэн таамаг хардалт бий. Тэр хүн нь З.Энхболд байна хэмээн ярилцаж буй. Гэвч Зи-гийн хувьд 2020 он хүртэл улстөрөөс хол амар жимэр байя гэдгээ хэдийнэ илэрхийлсэн, түүнчлэн С.Эрдэнийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй хийх уулзалтад тэр ирсэнгүй. Тэгэхээр энэ таамаг худлаа байж болзошгүй ч Зи болон С.Эрдэнэ нарын нүүдлийг урьдчилан хэлэх боломжгүй юм. Хэрэв Зи нэр дэвшвэл магадгүй МАН-д сул "нүүдэл" болох магадлалтай.

 

Өнөөгийн АН-д нэгэн цагт "цаст уулын цагаан арслан” байсан "Алтангадас”-ынхны төлөөлөл бараг үгүй болсон. Тэр дундаа ҮБХ-нд.  Хуучин Үндэсний Зөвлөлдөх хороо гэж байхад гишүүдийнх нь ихэнх нь Алтангадасынхан байсан гэлцдэг. Одоо тэр цаг өнгөрсөн болохоор нэр дэвшигч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд байдал тийм ч сайнгүй байх төлөвтэй байгаа.  Ямартай ч одоо энэ намд "Шонхор”-ынхон хүчтэй байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ намын даргад хэн нь таалагдах вэ, тэр эрхэм хэрхэн өрсөлдөх вэ гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.

 

 

Б.Анир  

http://www.zaluu.com/read/1197c78a4



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?