📅

Манай Чойжоо хар ухаантай

🕔 2017/04/10 14:06

Манай Чойжоо хар ухаантай

Баттогтохын Чойжилсүрэн гэж... 90-ээд онд монголыг ИЖ мотоциклоор хангаж байв. Аймгийн заан Баттогтох гэж яхир эрээс би ч хэд хэдэн мотоцикл авч, цааш нь гүйлгэж байлаа. Жийпгүй үеийн жийп УАЗ-469 машины зах зээлийг гартаа оруулж чадсан. Шажигнатал зарагддаг байсан шар сүүний импортлогч нь. Орон сууцны хорооллуудыг ар араас нь босгосоор л.

Сүйхээтэй, амьдралын гүйлгээ ухаантай, эрчтэй, ёстой л хөдөлмөрлөж бэлжсэн хүн. Харахад ч шийдэмгий, зоригтой төрхтэй монгол эр. Инженер мэргэжилтэй. УИХ-д гурван удаа сонгогдсон улс төрч.

"Өөрийнхөө мөнгийг тарааж байна, яадаг юм” гэж сонгогчдод шулуухан өөрийгөө зөвшөөрүүлсэн түүхтэй. Сүүлийн сонгуулиар л гэхэд намдаа хоёр тэрбумыг хандивласан гэдэг. Товчдоо бол биеэ засаад, гэрээ засаад, намаа /замаа ч гэмээр юмуу/ зассан юмдаг уу даа. Өнөөдөр бол сангийн сайд. Замналыг нь харахад л зориг гаргаж чаддаг давшингуй шинж мэдэгдэнэ.
Чойжоо ийм л хүн. Тосон бумбын асуудлаар шуугиулаад байгааг эс тооцвол жинхэнэ эр хар монгол ухаан гэж түүнийг хардаг. Өөрөө ч тэгж хэлээд авсан. 

Өнөөдөр монголын эдийн засаг валютын сангийн хөтөлбөрөөр амь тариа хийж, "ахиж өр хийх боломжтой боллоо” гээд алгаа ташин дэвхцэж, гавъяа юугаа бахдан дуулцгааж сууна. Энэ хэмжээнд хүртлээ сөхөрсөн эдийн засаг цаашид яахыг таашгүй. Их л эгзэгтэй үе байгаад байна. Мэддэг хүмүүс нь эдийн засаг өнөөдөр коомд орчихсон гээд байгаа. Бас заавал валютын санг царайчлахгүй байж болох л байсан, гэхдээ өнөөдрийн засагт энэнээс өөр чадамж байхгүй гэж хэлж байгаа ч дуулдана лээ.

Мэдээж хямралын нөлөө их байсан ч олон жил улс төрийн сахилга бат гэж юмгүй явж ирсний горыг хөөрхий бидний монголчууд эдэлж, макро эдийн засгийн мэдлэг, бодлогоор засаг нь дутсаар л байна. Ийм үед амьдралын хар ухаан хэр "хол” явах вэ гэдэг асуултанд хамгийн шударга хариуг хайгаад үз дээ.

Хөгжсөн, эдийн засаг нь тогтвортой улс орнуудын сэргэлт, өсөлт, уналт ерөнхий сайдаас илүүтэйгээр сангийн сайдын нэрээр бичигддэг юм билээ. G20-ын орнуудын сангийн сайдуудын CV-г зорьж хараарай гэж хэлмээр байна. Тэдний боловсрол нь хаана ч топ гэж зөвшөөрөгдөнө. Санхүү-эдийн засаг, худалдаа, хөрөнгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн зэрэгтэй, бичсэн бүтээлүүдтэй, мөн чиглэлээрээ хувийн секторын томоохон туршлагатай, дэлхийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудад ажилласан, дэлхийн нэр бүхий хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд нөлөө бүхий хүнээр нэрлэсэн гэх мэт намтартай байдаг.  

Хоёр хөршөөрөө  жишээ авъя:

БНХАУ. Сангийн сайд Лоу Живэй. Chinese Academy of Social Sciences-д эконометрикийн чиглэлээр магистр хамгаалсан. Өмнө нь Санхүү Худалдааны хүрээлэнгийн захирал, Сангийн дэд сайд, China Investment Corporation-ны ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирал, Төрийн Зөвлөлийн дунд болон жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих тэргүүлэх бүлгийн дэд захирал болон бусад алба ажил хашиж байсан. "Time magazine” - дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүмүүсийн нэгээр нэрлэж, "Forbes Magazine” - "Powerful People 2010” жагсаалтын 30-д, "Bloomberg Markets Magazine” - нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 50-д гэх мэт жагсаасан. 

ОХУ. Сангийн сайд, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Антон Силуанов. Москвагийн Санхүүгийн их сургууль төгссөн. Төсвийн бодлого сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Өмнө нь Сангийн яаманд санхүүч, ахлах санхүүч,  ерөнхий санхүүч, ерөнхий эдийн засагч, хэлтсийн орлогч дарга, зөвлөх, газрын орлогч дарга, Макро эдийн засгийн бодлого, банкны газрын дарга, удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд, Санхүүгийн их сургуулийн санхүү эдийн засгийн факультетийн декан, ОХУ-ын "Сбербанк” банкны хяналтын зөвлөлийн гишүүн гэх мэт ажил алба хашиж байсан. ОХУ-ын тэргүүн шагналуудыг хүртсэн. 

Салбартаа дагнасан, олон жилийн туршлагатай, үнэмлэхүй зөвшөөрөгдсөн эрхмүүд бодлого барьж байгаа ийм жишиг хаяа бөөрөнд маань гэхэд л байна. G20-д хоёр хөршөөс маань гадна Аргентин, Австрали, Бразил, Канад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк, Их Британи, Америк, Европын Холбоо зэрэг багтдаг. Үнэмлэхүй хүчирхэг орнуудынхыг ойлгомжтой гэж үзээд бидний төдийлөн авч үздэггүй зарим орны сангийн сайдуудын намтрыг товчлон сонирхуулъя. 

Бразил. Санхүү, Нийгмийн Аюулгүй байдлийн яамны сайд Энрике Мейреллес. Рио-де-Жанейрогийн Холбоотны Их Сургууль, бизнесийн удирдлагын магистр, хүндэт доктор. Өмнө нь BankBoston банкны дотоод гадаад гүйлгээний хэлтэс, ТУЗ-ын гишүүн, Бразил дахь салбарын захирал, Олон улсын BankBoston банкны захирал, FleetBoston Financial’s Global Banking-ны захирал, Бразилын Төв банкны захирал, J&F Group-ын захирлын зөвлөлийн гишүүн байсан.

Банкны эдийн засгаар дагнасан туршлагаараа мөнгөний бодлогыг маш зөв барьж, инфляцийн түвшинг 2 дахин, зээлийн хүүг улсынхаа түүхэнд байгаагүй доод түвшинд хүртэл бууруулж байжээ. АНУ-гийн ерөнхийлөгч асан Билл Клинтоны шүүхийн хэрэгт оролцож явсан туршлагатай. Лондоны The Banker сэтгүүл Америк тивийн шилдэг "Төв Банкны ажилтан”-аар нэрлэж, Латин Америкийн "банкны шилдэг ажилтан”, "Bravo Awards”-ын  Оны шилдэг санхүүч, "Emerging Market Awards”-ын Латин Америкийн шилдэг "Төв банкны ажилтан” болж байсан. 

Индонез. Сангийн сайд Шри Муляани Индравати. Индонезын их сургууль, Иллинойсын их сургуульд суралцсан. Эдийн засгийн доктор. Өмнө нь АНУ-гийн Олон улсын Хөгжлийн агентлаг, Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд ажиллаж байсан. 2005-2010 онд мөн Сангийн сайдаар ажиллаж байсан.

Энэ үедээ ДНБ-ний 60%-тай тэнцэхүйц улсын өрийг ДНБ-ний 30%-тай тэнцэхүйц болтол бууруулж, гадаад валютын нөөцийг өмнө хэзээ ч хүрж байгаагүй 50 тэрбүм ам. доллар болгосон. Сангийн сайдаар ахин томилогдож ажиллаж байгаа. "Forbes magazine” дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 2 удаа, "Emerging Markets” сонин Азийн оны шилдэг сангийн сайдаар нэрлэж, Индонезын хамгийн хүчирхэг эмэгтэй болж байсан.
     
Турк.  Сангийн сайд Надзи Аба. Истанбулын их сургууль, Улс төр, эдийн засгийн боловсролын факультетад суралцсан. Өмнө нь Туркийн Хяналтын зөвлөлийн санхүүгийн байцаагч, Орлогын ерөнхий удирдах газарт хэлтсийн менежер, Төсөв, санхүүгийн хяналтын газрын ерөнхий захирал, Сангийн яамны нарийн бичгийн дэд дарга, Парламентын гишүүн  байсан.
 
Гэх мэтчилэн харахад Сангийн яам бол онцгойлон мэргэжлийн яам байх учиртайг хэлж байгаа юм. Энэ нарийн зарчмыг алддаггүйдээ G20 хүчирхэг байдаг нь гарцаагүй. Улс орны хөгжлийн түвшин эдийн засгаасаа л хамаарч байдаг учраас гол бодлогоо гарцаагүй мэргэшсэнд нь даатгадаг байж таарна.  

Чойжоо улс төрд туршлагажаад байгаа нь мэдээж. Хар ухаанаа өөрөө ч тунхагласан. Гэхдээ чухам нэг үнэн бол улсын эдийн засгийн бодлогыг улс төрөөс, хувь хүсэл зоригоос, өргөсөн хандив, албаны тохирооноос ангид, мэргэжлийн яам барих ёстой. Макро эдийн засаг гээч шинжлэх ухааныг хувийн аж ахуйн туршлагаар хэмжиж, улс төртэй хутгаад байж хэрхэвч болохгүй байж таарнаа даа. Ухаандаа, эдийн засгийн модулиудыг зөв байршуулж уншдаг, анализ хийж, нүүдэл хардаг, гаднын сангийн сайдууд болон валютын сангийнхантай тэдний хэл, мэргэжлийн томъёогоор ярьдаг байх нь Сангийн сайдад байх учиртай энгийн шалгуур.  

Эцсийн дүндээ Сангийн яам бол яавч мэргэжлийн яам л байх учиртай гэж хэлэх гээд байна. Эдийн засгаа унагаж, төсвийн зардлаа зах замгүй хэтрүүлчихээд өр зээл гуйх хэрнээ зэсээ дэлхийн зах зээлийн ханшаас 5 дахин бага үнээр зараад сууж байгаа ийм л улс оронд бид амьдарч байна. Системээрээ хямарсан засаглал, сүлжсэн торондоо орооцолдож барьцаалагдсан бүлэглэлүүд, том хараа - нарийн мэдлэг дутуу, хар бяр амтагдсан эрх мэдэл... Ийм л зургаар явж ирлээ. Одоо бол сэхээнд байгаа эдийн засагт мэргэжлийн "эмч” хэрэгтэйг зөвшөөрөх нь өлзийтэй байна. 

Чойжоо ч хар ухаандаа энэ бүхнийг мэдэж л байгаа. 

Нийтлэлч:Мянганбуугийн Наранбаатар
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?