📅

"Би үхэхээр чи үх" гэдэгчлэн ард түмнээ золионд гаргаж сурчээ, энэ эрхмүүд

🕔 2017/04/07 10:45

"Би үхэхээр чи үх" гэдэгчлэн ард түмнээ золионд гаргаж сурчээ, энэ эрхмүүд

 

Тэтгэврийн насыг нэмнэ гэх сургаар тэтгэврийн насанд ойртож буй иргэдийн сэтгэл маш их хямарч, бухимдаж, заримынх нь даралт ихэссэн сурагтай. Цөөхөн хэдэн олигархи идээч, шулаачдаас болж өч төчнөөн хүн эдлэх ёстой эрхээ ч эдэлж чадахгүй тэтгэврийн насаа хойшлуулж хохирох гэж байна! Тэд улсдаа даатгуулсан мөнгөө л насныхаа эцэст тэтгэвэр болгон эдлэх гэсэн болохоос улсаар тэжээлгэх гээгүй. Гэтэл улсаас тэтгэх гэж байгаа аятай хөгшчүүлээс харамлаад байдаг нь юу вэ. Хөгшчүүлээр оролддогоо болимоор юм. Насаараа хөдөлмөрлөж татвар төлчихөөд адаг сүүлд нь хүртэх юмгүй үхэх үү, тэд. Ийм дээрээ тулвал Нийгмийн даатгалд шимтгэл төлөх шаардлага байсан юм уу, цаашид төлөх хэрэгтэй юү!

 

Өнөөдрийн Монголын энэ дорой байдалд эрүүл саруул амьдарч 65, 66 нас хүрдэг нэгэн байхад энэ насанд хүрэхгүй хорвоогийн мөнх бусыг үздэг нь цөөнгүй. Хүрдэг юмаа гэхэд ихэнх нь тэтгэврийн насандаа хүрээд цаашаа нэг их насалж гавьсан юмгүй тэтгэврээ "амсах төдий л” өнгөрч байна. Уул нь тэдэнд тэтгэврээ аваад амарч сувилуулж, аялж, сайхан амьдрах хэсэг хугацаа өгмөөр байгаа юм л даа. Ядаж тэтгэврээ авч амжаагүй, чадаагүй иргэдийн ар гэр, үр хүүхдүүдэд нь өвлүүлдэг бол ч яахав. Ямар бэлгэгүй юм бичдэг нөхөр вэ гэж бодох байх. Гэхдээ л манай монголчуудын дундаж наслалт энэ тогтоогоод байгаад 65, 66 нас шүү дээ.

 

Хөгшчүүл маань энэ насанд хүрэх гэж үр хүүхдүүдээрээ тэжээлгэж үр хүүхдүүддээ дарамт болж, ад үзэгдэх болж байна. Нас нь хэвийж яваа тэдэнд ямар ажил олдох биш, хэнээрээ тэжээлгэх болж байна. Үнэндээ бол тэд ажил олддоггүйгээс ихэнх нь хувиараа яаж ийж байгаад НД-д шимтгэл төлж байгааг ч бодмоор юм.

 

Шуудхан хэлэхэд "Та нарын татвараар төлсөн мөнгийг бид идчихсэн. Чадаж байгаа юманд аргагүй... 65, 66 нас хүртлээ насалвал аз чинь, үхвэл хохь чинь. Та нарт өгөх мөнгө алга. Бушуухан бушуухан үхээд далд ороод өг” гэж хэлж байгаагаас ялгаагүй болж байна. Энэ хуулиа Цагаан сарын дараа хэлэлцэнэ гээд байгаа. Нэгэнт хэлэлцсэн бол батлах нь гарцаагүй. Ийм юм сонссон хөгшчүүл Цагаан сараар мөн сайхан баярласан байх даа.

 

Ядахнаа тэтгэврийн насандаа дөхөөд ирсэн иргэдийг цочирдуулахгүйн тулд энэ "арга ядсан хууль”-ндаа хамруулахгүй байж үзээсэй.

Нэгэнт тэтгэврийн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол дараах зүйлийг харгалзан үзэж хуулиндаа тусгаасай гэсэн үүднээс дурдъя:

1. Тэтгэвэрт гарагсдын улсад ажилласан бүх хугацааных нь өндөр шимтгэл төлж байсан жилүүдээс нь сонгож тэтгэврийг нь тогтоолгох боломжийг олгох. Одоогийн хуулинд сүүлийн 20 жил гэж заасан нь дэндүү өрөөсгөл байгаа юм. Учир нь улсдаа 35-аас дээш жил ажилласан хүмүүс байна. Ихэнх тохиолдолд эдгээр хүмүүс ид залуу насандаа маш өндөр бүтээлтэй ажиллаж өндөр цалин авч байж байгаад сүүл рүүгээ биед амар хөнгөн ажил руу шилжсэн байдаг нэг шалтгаан байна. Нөгөө нэг шалтгаан нь зах зээлд орсноос хойш 40-өөс дээш насныхан цомхтголд нэлээн өртдөг, ажил олдохгүйн эрхээр өндөр цалинтай ажил эрхлэх боломжгүй болдог.

 

2. Олон жил улсдаа хөдөлмөрлөж НД-д шимтгэл төлөөд тэтгэврээ тогтоолгож чадахгүйгээр нас эцэслэх явдал цөөнгүй байна. Ийм тохиолдолд НД-д хуримтлагдсан мөнгийг нь ар гэрийнхэнд нь өвлүүлэн өгөх боломжийг нээж өгөх. Үүн дээр ямар нэг завхрал гаргуулахгүйн тулд нарийн заалтуудыг тусгаж болох. Жишээ нь:

Тухайн тэтгэвэр авагчийн өвлөн авах нөхөр буюу эхнэр нь 15 жилээс дээш хамт амьдарсан байх /ингэж заагаагүй тохиолдолд хуурамч гэрлэлт нэлээд үүсэж магадгүй/.

 

Тэтгэврийн мөнгийг нь өвлөн авах үр хүүхдүүдэд нь тэнцүү хувааж өгөх юмуу эсвэл тухайн тэтгэврийн эзэн аль нэг хүүхдэдээ /амьдралын бололцоо муутай ч гэдэг юмуу/ гэрээслэн өвлүүлэх гэх мэтийн заалтуудыг нарийвчлан оруулж өгөх.

Улсаас тэтгэврийн мөнгийг нь бөөнөөр нэг дор олгох боломжгүй учраас хэсэг хэсгээр нь хуваан олгох заалтуудыг оруулж өгөх.

 

3. Хэдэн жилийн өмнө гарсан "Өршөөлийн хууль”-ийг далимдуулан баахан боломжийн амьдралтай, мөнгөтэй, зальтай нөхдүүд улсдаа шальтай ажиллаагүй хэрнээ бөөн бөөн мөнгө төлж өндөр тэтгэвэр авсан нь улсад хохиролтой төдийгүй, олон жил улсад ажилласан хүмүүст дэндүү шударга бус хандлага болсон. Мэдээж мөнгө цуглуулах бодлогоор энэ хуулийг баталсан байх. Цаашид ийм утгагүй байдал гаргахгүй байх тал дээр бодоосой.

 

4. Тэтгэврийн зөрүүг системтэйгээр багасгахгүй бол өндөр тэтгэвэр авдаг иргэд, бага тэтгэвэр авдаг иргэдийн хооронд маш их зөрүү гараад байгаа юм. Жишээ нь 2 сая төгрөгийн тэтгэвэртэй хүн, 200 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тэтгэврийг хувилж нэмлээ гэхэд зөрүү нь маш их болж байна. Үүнд дээр бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хувийг өндөрсгөж, их тэтгэвэр авдаг хүмүүсийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах зарчмаар тэтгэврийн зөрүүг багасгах нь зүйтэй юм.

 

5. Мөн улсад ажилласан жилийг нь харгалзан хэдэн насанд тэтгэвэрт гарах заалтыг тусгавал хэрэгтэй болов уу. Жишээ нь, 40-өөс дээш жил ажилласан бол 50-тай, 30-аас дээш жил ажилласан бол 55-тай, 25-аас дээш жил ажилласан бол 60-тай гэх маягаар зааг ялгаа гаргахгүй бол зарим нэг улсдаа хангалттай ажилласан иргэдээ арай цөөн жил ажилласан хүмүүстэй тэгшитгээд байх нь арай л шударга бус болов уу.

 

Энэ мэтээр "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” арга хэмжээ авахгүй бол баахан гомдол тээсэн иргэдтэй улс орон өөдлөх үү, уруудах уу? Дахин хэлэхэд ард түмний эрх ашиг нэгдүгээрт! гэдгийг хатуу ойлгоосой доо. "Ард иргэддээ олгох мөнгийг танах, татваруудыг нэмэхээс өөр арга байхгүй болсон юм байна” гээд зарим мэдээллийн сувгаар яриад байгаа. Юу гэсэн үг юм! Эхлээд тэр газрын наймаачид, оффшор данстангууд, гадаадад үл хөдлөх хөрөнгө хэд хэдээр нь босгосон, идэж ууж шамшигдуулсан нөхдүүдээ хариуцлагад татаж, луйвраар олсон мөнгийг нь хураан авч өр төлбөрөө барагдуулаасай билээ.

 

Хүүхдийн мөнгийг олгоно, тэтгэврийн мөнгийг нэмнэ, тэтгэврийн насыг хэвээр байлгана, оюутнуудын мөнгийг өгнө... энээ тэрээ болоод амласаар Их Хурлын сэнтийд сууцгаасан нөхдүүдийн амлалт яасан бэ? Молигодож гараад л, шал эсрэгээрээ хууль хийдэг хүмүүс дээ, эд нар!

 

 

 

Н.Лхамсүрэн /БАЙЛДАН ДАГУУЛАГЧ сонин 2017 он №03


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?