📅

МАН ДОВТОЛЖ, АН УНТАЖ, МАХН СЭМ ГЭТЭЖ БАЙНА

🕔 2017/04/03 09:09

МАН ДОВТОЛЖ, АН УНТАЖ, МАХН СЭМ ГЭТЭЖ БАЙНА

 

Парламентад суудалтай гурван намын хооронд хүч ихээхэн тэнцвэргүй тулаан болох шинжтэй-


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарлахад ердөө сар гаруйн хугацаа үлдээд байгаа тул МАН шалавлаж эхэлсэн нь өнөөгийн үйл явцуудаас харагдаж байна. МАН парлатаентад суудалтай нөгөө хоёрыгоо бодвол арай өргөн фронтоор намынхаа рейтингийг өсгөх давшилтад ханцуй шамлан оржээ. Хамгийн түрүүнд 2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлах уу гэсэн эргэлзээг арилгаж Хуралдай бондын хүчээр, өрийг өрөөр дарсан ба араас нь сэтгэл хөдөлгөм таатай мэдээнүүдийг хөврүүлж чадлаа.

Тухайлбал удтал олон улс даяар мөнгө гуйж, бадар барьж байсан эрх баригчид эцэст нь арлын Япон орон манай улсад гараа сунгаснаар маш хөнгөлөлттэй зээлийг авахаар болж байна. Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрт ч гарын үсэг зурлаа. Өрөө ч дарлаа, мөнгөтэй ч болох нь.

Улмаар Ардын намынхан олон нийтийн анхаарал төвлөрч байсан хурц асуудлуудыг ч мартсангүй. Улстөрчдийн төдийгүй нийт монголчуудын "аллерги”-г хөдөлгөж байгаа сэдэв болох оффшорын талаар МАН-ын дарга болон Хуульзүйн сайд нар загатнасан газар нь маажсан мэт мэдэгдэл хийв. Дөрвөн улирал дамнан шуугиулсан "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолыг УИХ гаргаж, Засгийн газарт үүрэг болгочихоод байхад Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн ажлын явц удаан, сунжирч байгааг Ерөнхий сайд Засгийн газрынхаа хуралдаан дээр хатуухан шүүмжлэв. Бүр "Эрдэнэт үйлдвэр”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг ч үүрэгдэж, үүнийг нь өнгөрөгч баасан гарагт ёсоор болгов.

Шил дараад сонгуулийн сурталчилгаа болгоноор МАН-ыг шүүмжлэх томоохон сэдэв болдог "Чалко”-гийн өрийг төлж дуусгасан тухай гүйцэтгэх Засаглалын тэргүүн баяр ёслолын байдалтай мэдэгдэв.

Угтаа бол энэ нь 2011 онд Сү.Батболдын Засгийн газар Хятадын компаниас нүүрсээр төлж барагдуулах болзолтойгоор зээлж авсан өр юм. Энэ өрийг МАН-ынхан сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд "Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэн иргэдэд "Эх орны хишиг” 21 000 төгрөг болгон тараасан. Ингэхдээ тэд гэрээнд Монголын талд ашиггүй олон заалт оруулсан. Тухайлбал "Олон улсын зах зээлийн үнийг дагахгүй, БНХАУ-ын зах зээлийн үнийг дагана. БНХАУ-д үнэ буурвал бууна, өсвөл дагаж өсөхгүй” гэх мэт заалт оруулснаас болж өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, дампуурлын ирмэгт хүрч байсан удаатай. Гэхдээ л тэдний хувьд энэ их өрийг зөв менежмент ашиглан иргэдийн "магнайг тэнийлгэж” амжлаа.

Ийнхүү эрх баригчид хурдаа нэмж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хөрсөө бэлтгэж байна.

Харин МАН-ын нэр дэвшигчийн гол өрсөлдөгч болох учиртай Ардчилсан нам төрийн тэргүүний сонгууль болохгүй мэт, хатуухан хэлбэл унтаж байна. Одоохондоо Дотоод Бодлогын хорооныхоо сонгуулийн санал хураалтыг явуулах гээд нам дотроо л ааг амьсгаагүй, завгүй байх шиг. Цөөнгүй хүчтэй улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн ч нам нь дотоод ажилдаа түүртээд, шинэхэн нарийн бичгийн дарга О.Магнай Хуралдай бондын талаар мэдэгдэл хийснээс өөрөөр таг чиг.

Гэр бүлийн нам гэгддэг МАХН-ын хувьд намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор олон нийтийн сэтгэл санааг бэлтгэсэн зарим нэг акц хийснээс хэтэрсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа улсын хэмжээнд ердөө 20 хоног. Сурталчилгааны нээлт, хаалтын ёслол болох хоёр өдрийг хасвал цаана нь 18-хан хоног үлдэнэ.

Эрх баригчдын нөөц, хүч боломж хэр бяртай билээ, нөгөөдүүлийнх нь ямар байгаа билээ. Эндээс харахад зургаадугаар дугаар сарын 26-нд парламентад суудалтай гурван намын хооронд хүч ихээхэн тэнцвэргүй тулаан болох шинжтэй.

Өглөөний сонин
Н.Эрдэнэ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?