📅

Б.Төмөрчулуун: Ерөнхий сайд ажлаа цэгцлээд хурдаа авчихлаа

🕔 2017/03/24 13:08

Б.Төмөрчулуун: Ерөнхий сайд ажлаа цэгцлээд хурдаа авчихлаа

Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуунтай ярилцлаа.


-Уржигдар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн байгууллагын удирдлагуудтай уулзсан. Уг уулзалтын үр дүнг та базаж хэлээч...

-Уржигдрын уулзалтыг бүхэлд нь базвал хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь тавьсан. Ард түмэнд хандаж ерөнхийлөн нийтэд нь ярьсангүй. Яг л төрийн удирдах алба хашиж буй хүмүүст зориулж үгээ хэлсэн. Төрийн албан хаагчид Ерөнхий сайдын үгийг надад зориулж хэллээ дээ гэж хүлээж авсан болов уу. Өмнөх Засгийн газрын горыг тодорхой ярьсан. Тухайлбал, Хөвсгөл болон Архангайд долоон км засмал замын үнийн зөрүү гурав дахин их байгааг ярьсан. Монгол Улсын хаана ч зам тавихад ижил орц нөхцөлтэй байгаа. Нэг км засмал замын орц найрлага, хайрга битум ижил хэмжээтэй. Гэтэл ямар ч хариуцлага, хяналтгүйгээр төсвийн мөнгийг үрсэн байна. 

Төлөвлөгөөгүй ажлууд байсан тухай ч дурдсан нь дахиж тийм алдаа гаргахгүйг сануулсан. Өмнөх дөрвөн жилд алдаатай, залгамж халаагүй зүйл олон байсан ч гэлээ одоо тэр манан буднаасаа гарч цэлмэж ажиллах тухай ярьсан. Ерөнхийдөө хүнд нөхцөлөөс гарч буйгаа илэрхийлсэн. Засгийн газраас гаргасан бондууд гадны зах зээл дээрээс мөнгө босгож чадаж байна. Энэ чинь амжилт. Мөн төрд ажиллаж буй хүмүүсийн итгэлийг нэлээн сэргээсэн болов уу. Өнөөдөр ард түмэн маш цөөхөн зүйлийг төр засгаасаа хүсч байгаа. Асрал энэрлийг хүсэж байна. Ахмадууд маань ач санаарай гэдгийг сануулж байгаа. Залуус бол ажил хийхийг л хүсч байна. Шударга, даруу, энгийн байхыг л хүсч байна.

-Ерөнхий сайд манай Засгийн газар субботник хийгээд өдийг хүрлээ гэж хэлсэн. Өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг нэлээн цэгцэлсэн гэсэн үг үү?

-Агуулахад хэвтэж байгаа барааг эмхэлж цэгцлэх хэрэгтэй байдаг биз дээ. Цэгцлэнэ гэхээр том, жижиг бүх ажлыг хийх хэрэгтэй. Гадаад талд ОУВС зэрэг олон улсын байгууллагуудтай ч харилцъя. Дотоод талд хэмнэлтээс эхэлж ажлуудаа цэгцэлье гэсэн санаа. 

-Субботникийн ажил хэзээ дуусаж үндсэн ажлаа эхлэх юм бэ?

-Ерөнхий сайд субботник хийж дууссан гэж хэлсэн шүү дээ. Цэгцрээд хурдаа авчихлаа шүү дээ. Ерөнхийдөө төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн байгууллагын удирдлагууд ажлаа цэгцэлж амжаагүй байгаа бол оройтож байна шүү гэдгийг анхааруулсан. Нэг үгээр хэлбэл санамсар, ухаарал өгсөн уулзалт боллоо. Уулзалтад оролцсон удирдах ажилтнууд байгууллага бүр дээрээ ийм ухааруулсан, зарчмын ажил хэрэгч, даруу уулзалтууд хийгээд эхэлчихлээ.

-Өргүй болсон гэдгийг бас хэлсэн шүү дээ?

-Хичээвэл өрийг дарж болдог юм байна гэдгийг харуулсан. Өр тавьсан бол дарж байх ёстой. Тэр өрийг дарж чадах чадвартай гэдгээ харууллаа. Цаашид бид хамжааргатай, дарж чадах өр тавих ёстой. Санхүүгийн сайн бүтээгдэхүүн гаргах юм бол өрөө дараад, өрийг бас эрсдлийг удирдаж чадвараа нэгтгэж чадлаа.

-Эдийн засаг хүнд байгаа ийм үед хаа хаанаа бүсээ чангалах тухай ярьж байгаа. Ерөнхий сайд ч ард түмэн биш төрийн албаныхан бид бүсээ чангалж байж хүндрэлийг даван туулна шүү гэж хэлсэн. Хэмнэлт юунаас эхлэх вэ?

-Хэмнэлтийг тодорхой болгох хэрэгтэй. Хүмүүст ойлгомжтой байх үүднээс онгоцны суудлаар жишээ авч ярьсан. Өнөөдрөөс эхлээд төрийн албаны бүх дарга нар албан ажлаар гадагш, дотогш явахдаа онгоцны энгийн суудлаар зорчино гэсэн. Дээхнэ үед улс орны хэмжээнд хэмнэлт ярихдаа дусал бензин гэж ярьдаг байлаа.

Өнөөдөр ч гэсэн ялгаагүй. Бүх түвшинд, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тухай оны өмнөөс л эхэлж ярьсан. Ороо морь шиг огло үсэрсэн шиг байдал гаргаж болохгүй л дээ. Одоо цэгцлэх цаг болсон. Наанадаж ажилдаа цагтаа ирнэ гэдэг хэмнэлтийн нэг хэлбэр болчихож байгаа юм.

-Хэмнэлтийн горимд шилжээд өнөөдрийн байдлаар бодит үр дүн гарсан уу. Нэг үгээр хэлбэл оны эхний улиралд хэдэн төгрөг хэмнэж байгаа бол?

-Гаралгүй яахав. Манай улс их наядаар яригддаг төсөвтэй. Анх удаа зардлаа танаж орлогоо зөв тодорхойлсон учраас төсвийн биелэлт 504 тэрбумаар давж биелэв. Мөн бүх яаманд экспорт, импорт, дотоодын худалдан авалтын дүн мэдээг ил тод гаргадаг бодит санхүүгээр удирдах ажил эхлэх гэж байна. Ерөнхий сайд өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн болохоор иймэрхүү эдийн засагтай холбоотой асуудалд маш соргог хандаж байна. 

-Оны эхний төсөв 504 тэрбум төгрөгөөр давж биелэсэн. Орлогын эх үүсвэр нэмэгдсэнээс гадна хэмнэлтийн мөнгө харагдаж байгаа юу?

-Татвар давж биеллээ шүү дээ. Татвар төлөгч нартай нэг бүрчлэн тулж ажиллаж чадаж байна. Наад зах нь иргэд и-баримт ашиглаад сурчихлаа. Ер нь 504 тэрбум төгрөгөөр орлого давж биелэсэн гэдэг хэмнэлттэй шууд холбоотой. Ядаж л утасны төлбөрөөс хэмнэлтийн их мөнгө гарч байгаа. Яам болгон дээр Монгол Улсыг санхүүгийн тоон хавтгайгаар удирдах загвар бий болгож байгаа.

-Ерөнхий сайд төрийн байгууллагын удирдлагууд онгоцны энгийн суудлаар зорчино гэсэн. Ингэж хэлсэн юм чинь гадаад, дотоодод ажиллахдаа өөрөө ч гэсэн энгийн суудлаар зорчих уу?

-Төрийн гурван өндөрлөгийн тухайд төрийн ёслолын журмаар зохицуулагдана. Тиймээс эхлээд төрийн айлчлалыг цомхон байлгая гэсэн зарчим баримталж байгаа. Мөн хуульдаа өөрчлөлт оруулна. Ёслолын журмаар зохицуулагддаггүй төрийн албан тушаалтнууд энгийн суудлаар зорчдог болно.

Бизнес ангиллаар нисмээр байгаа бол зөрүү мөнгийг нь хувиасаа төл гэж хэлсэн шүү дээ. Мөн аймаг, сумын удирдлагууд нутгийнхаа хил дээр тосож авдаг байсныг болиулаад угтаж, үдэх хаалган дээр тосож байхаар болсон. Эдгээр жишээнүүд нь төрийн бүх шатанд хэмнэлт байх ёстойг тодорхой жишээн дээр тонжилж хэлж байгаа хэрэг.

-ОУВС-тай хамтарч ажиллана гэдгийг хэлсэн. Ингэж ажилласнаар гадаад улсын хөрөнгө оруулагчдад баталгаа болж байна уу?

-Морь уралдахад хүртэл уяач хэрэгтэй биз дээ. Дэлхийн олон улсын байгууллага бидэнтэй хамтарч ажиллана гэдэг маш чухал. Айж ичээд байх зүйлгүй. Монгол Улс дэлхийн эдийн засагт оролцож чадна гэдгээ л харуулж буй хэрэг. ОУВС макро түвшний эдийн засагт оролцоно. Айл өрхийн амжиргаанд нөлөөлөхгүй, оролцохгүй. 

-Төрийн албан хаагчдад хандан идэж уух гэсэн бодол байгаа бол ажлаа өгөөрэй гэсэн. Сүүлийн үеийн хандлагыг ажиглаад байхад төрийн албанд орж мөнгөтэй болдог гэх зүйл анзаарагдаад байгаа?

-Ард түмний дургүйг хүргэж буй сэдэв шүү дээ. Ерөнхий сайд яг л тийм үг эздэд нь зориулж хэлсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр тоглож тансагладгаа болиорой гэсэн. Төрийн ажилтнуудад сайхан ааш, даруу чанар, хэмнэлт хоёр хэрэгтэй. Үүнийг Ерөнхий сайд сануулсан. 

-Айлчлалуудыг цомхон хийдэг болсон. Өмнө нь төрийн айлчлал дунджаар хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явдаг байсан юм бэ. Одоо яаж өөрчлөгдсөн бэ?

-Өмнө нь гадаад айлчлалуудыг баяр ёслолын чанартай хийдэг хандлага байсан бол одоо хамтын ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжид чиглүүлж байна. Ерөнхий сайд анхны айчлалаа Япон улсад хийсэн. Албаны бүрэлдэхүүн маш цөөн хүнтэй байсан шүү дээ. Хувийн хэвшлийнхэн дагалдаж явсан. Очоод гурван үндсэн асуудлыг шийдээд ирснийг мэдэж байгаа. 

-Ерөнхий сайд уулзалтын гол санааг эдийн засгийн хүндрэлтэй үед ачааны хүндийг ард түмэн биш төрийн албаныхан үүрэх юм байна гэж ойлгож болох уу?

-Яг л тийм санааг илэрхийлсэн. Хямралтай байгаа үед төрийн албаныхан бид зүгээр байж болохгүй. Хичээл чармайлттай зарим асуудал дээр бүр бадарчин шинжээр ажиллаж их, бага ямар ч асуудлыг таргалуулахгүйгээр шийдвэрлэж цэг тавьсан байх ёстой. Одоо Монгол оронд сүү гашлахгүй болсон гэдэг шиг. Асуудал болгонд нухацтай, мэдлэг судалгаатай хандах нь ажлын үр дүн гарах үндсэн нөхцөл юм.

Эх сурвалж:  "Өдрийн сонин” С.АЛТАН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?