📅

Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цомыг анхдагч нь болж, эх орондоо авчирч байгаадаа баяртай байна

🕔 2017/03/21 14:45

Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цомыг анхдагч нь болж, эх орондоо авчирч байгаадаа баяртай байна

 

АНУ-ын Колумбус хотноо "Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын эхээр болж, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж аваргын цомын эзнээр тодорч, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.


Тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир, дэд ерөнхийлөгч С.Болдбаатар,  О.Чулуунбилэг нарын удирдлагууд тосон авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

 Энэ үеэр шинэхэн аварга Г.Доржийн сэтгэгдлийг сонсож, цөөн хором ярилцлаа.

-Зэрэглэл, чансаагаараа дээгүүрт эрэмблэгддэг, Олон Улсын нэр хүндтэй, тэмцээнд амжилттай оролцож, Монголоос анх удаа аваргын цомын эзэн болж, спортын түүхэнд, тэр дундаа бодибилдингийн спортод шинэ хуудас нээж буй танд баяр хүргэж, талархал илэрхийлье?

-Баярлалаа. "Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний аваргын цомыг эх орондоо анх удаа авчирч байгаадаа маш их баяртай байна. Намайг бүхий л талаар дэмжиж байсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна.

-Бодибилдингийн спорт өөрөө хүнээс маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр гаргахыг шаарддаг спорт шүү дээ. Таны хувьд бэлтгэлээ сайн хангасан байсан уу. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байсан бэ?

- Arnold classic бол азийн болон дэлхийн аваргын шилдэг тамирчид оролцдог зэрэглэл өндөр тэмцээн. Миний жинд 18 орны 19 тамирчин оролцож, өрсөлдсөн. Тэднээс АНУ-ын тамирчин хүчтэй өрсөлдөгч байлаа. Миний хувьд энэ спортоор 18 жил хичээллэж байна. Энэ хугацаанд шантралтгүй хичээллэж ирснийхээ үр дүнг үзэх сайхан байна.

Энэ тэмцээн мистэр олимпийн дараа, дэлхийн аваргын өмнө эрэмблэгддэг. Өнгөрсөн жил энэ тэмцээнд анх удаа оролцон ч хараахан амжилт үзүүлж чадаагүй.
Үнэхээр энэ тэмцээн азийн болон дэлхийн аваргууд оролцдог, чансаа, зэрэглэл өндөртэй тэмцээн болохоор тамирчдыг ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулаад өгдөг юм билээ.

Өнгөрсөн жил бэлтгэл, сургуулилт дутуу байсныгаа ойлгосон. Энэ жил бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Өнгөрсөн жил 75 кг-д орж байсан бол жингээ хасаж, энэ жил 70-кг-д оролцлоо.

- Цаашдын зорилго, төлөвлөгөө, төсөөллөө бидэнтэй хуваалцахгүй юу. Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Надад мэргэжлийн тамирчин болох маш том мөрөөдөл бий.

Arnold classic мэргэжлийн тамирчдын карт өгдөг тэмцээн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээнд жиндээ хоёр дараалан түрүүлсэн тохиолдолд мэргэжлийн тамирчны эрхтэй болно гэсэн үг.

 Тэгэхээр ирэх жил амжилтаа давтвал Монголын анхны мэргэжлийн тамирчин болоход ойрхон байна. Энэ бол тамирчин бүрийн мөрөөдөл байгаа юм.

Ойрын үеийн тэмцээн гэвэл манай улсад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн таван сарын 18-21-ны хооронд болно. Энэ тэмцээнд оролцоод ирэх жилийн Arnold classic тэмцээндээ бэлдэнэ дээ.

-Амжилт хүсье

-Баярлалаа

 Тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин бий

1988 оноос эхлэн  жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан тус тэмцээнд энэ жил 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Тус тэмцээний хувьд Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг нэр хүндтэй тэмцээн юм. Энэ өрсөлдөөнөөс цомын эзэн болно гэдэг бол Монголд бодибилдингийн спорт хурдацтай хөгжиж байгаагийн тод жишээ болов уу.

Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо 1993 онд байгуулагдсан бөгөөд 2009 оноос эхлэн үйл ажиллагаа нь эрчимтэй явагдах болсон байна. Одоогийн байдлаар тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин тус холбоонд харьяалагдаж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд 5000-6000 хүн бодибилдинг, фитнессээр хичээллэдэг судалгаа байгаа юм. Энэ спортоор зөв техникээр хичээллэвэл монголын тамирчид ОУ-ын томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах бүрэн боломж бий гэдгийг Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир онцолж байв.







Г.Сүрэн
ZUV.MN
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?