“Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар "Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа.
Тус журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заасан байна.
Мөн тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст/байцаагч/т өөрийн биеэр гаргах боломжтой.
Харин банк урьдчилан тэтгэврээ авагчийн тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.