📅

Туульч, Цуурч, Хөөмийч Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш

🕔 2017/02/22 11:25

Туульч, Цуурч,  Хөөмийч Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш

Монгол түмний уламжлалт баяр сар шинийг тохиолдуулан язгуур эх соёлоо дэлхийд таниулж яваа Туульч, Цуурч, Хөөмийч Э.Баатаржавыг урьж ярилцлага хийлээ. Тэрээр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үндэсний өв соёл, Монгол ёс заншлаа дэлхийн 80 гаруй улсад сурталчлан таниулж, энэ урлагаа өвлөж авснаас хойш тасралтгүй 29 жил зүтгэж яваа нэгэн юм. Ингээд Э.Баатаржавтай хийсэн ярилцлагыг хүргэе.

-Таныг язгуур соёлынхоо төлөө 30-аад жилийн амьдралаа зориулж яваа хүн гэж дуулсан юм. Манай уншигчдад өөрийнхөө тухай яриач?

-Би онцлогтой сайхан нутаг болох Ховд аймгийн Чандмань суманд төрсөн хүн. Өв тээгч сайхан буурлуудаасаа хөөмий, тууль, цуурыг өвлөж авсан хүн л дээ. Далаад оны үед буурлууд маань бүгд мэнд сэрүүн байсан. Ардын туульч С.Чойсүрэн, нэртэй туульч Уртнасан гуай, миний аав туульч Эрдэнэцогт гээд сайхан буурлуудаасаа туульсаа сурсан. Манай суманд Авирмэд, Ядмаа, Наранцогт гэж гурван том цуурч байлаа. Энэ цуурчдаас цуур гэж эрдмийг өвлөж авсан. БиОрост сургууль төгсөж ирснээсээ хойш л, ерэн нэгэн оны үеэс нэг зүйлийг бодох болсон. Энэ өв соёлыг буцааж сэргээхгүй бол тасалдлаа гэж бодож, сэтгэл зовох болсон юм. Тэр үед өвгөчүүлийн маань ихэнх нь байхгүй болчихсон байлаа. Тиймээс буцааж сэргээхийн тулд сайн судлая гэж хувиараа их явсан. Эхлээд баруун гурван аймгаар явж, дараа нь нийт монгол туургатнууд дээрээ очиж өв соёлыг сурталчилсан. Тэгснийхээ дараа эсгий туургатнуудаар явсан. Очиж тоглолтоо хийж, тэнд байгаа өв тээгчдийг харьцуулаад явж байна гэсэн үг шүү дээ. Мэдээж надад үүнээс өөр ажлууд зөндөө байсан. Гэхдээ тэр бүгдийг орхиод явсан. 10 гаруй жил явж ирсний дараа би энэ талаар мэддэг болж, ярьж чаддаг болж эхэлсэн дээ.

-Та сая эсгий туургатан гэж ярилаа. Таныг Монголоос анх удаа эсгий туургатнууд дээр очиж хоолойн олон эрдэм, их туульс, цуураа домог болтол сурталчилсан хүн гэх юм билээ?

-Эсгий туургатан гэхээр Хасаг, Киргиз,Шинжаан,Татар,Башкир,Хамниган,Дуншан,Хакас, Кавказын эсгий туургатнууд гээд байна л даа. Би өөрийгөө тийшээ явсан анхны хүн байхаа гэж боддог юм. Тэр үед ийшээ тийшээ явлаа гээд зарлаад байх бололцоо ч ховор байсан. Ингэж явсны учир маань нэгт, их том соёлын цаад ундарга нь хаана байна вэ гэдэгт байв. Энэ ундарга ер нь цаашдаа дэлхийд ямар жин дардаг юм байна вэ гэдгийг мэдэх хүсэл надад байсан. Өвгөдөөсөө өвлөж авсан өв соёлоо цаашид дэлхийд гаргая, дэлхийд хүргэе гэдэг бодол надад төрсөн. Манай Ховд аймаг өвтэй нутаг. Тэр үед Чандмань сумын хөөмийч хүмүүс Герман руу нилээд гарсан байсан. Тэр хүмүүс маань ч, дэлхий ертөнц энэ өв соёлыг их сонирхож байна шүү гэж ярьдаг байсан. Тиймээс ч гуравдагч ертөнцийн улс орнууд руу явж энэ соёлоо бага багаар хүргэж эхэлсэн. Тэрнээс хойш дэлхийн 80 гаруй улсад энэ соёлыг хүргэлээ.

Туульч, Цуурч,  Хөөмийч Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш

-80 гаруй улсад очиж тоглосон гэдэг бол их том үйл хэрэг байна. Яг тэгээд өөрөө биеэрээ очоод, өв соёлоо үзүүлж харуулахаар гадныханхэрхэн яаж хүлээж авдаг вэ?

-Би гадны улс орнуудад очиж өв соёлоороо уулзаад 28, 29 жил болсон байх шүү. Олон зуун сая хүнтэй нутаг оронд ч хүргэж байлаа. Цөөхөн хүнтэй газар ч очиж хүргэж байлаа. Ихэнхдээ л олон хүнтэй газар хүргэж байсан. Маш гоё хүлээж авдаг. Хүмүүс сайхан хүлээж авдаг мөртлөө нэг зовлон байдаг. Манай монгол шиг цөөхөн хүнтэй биш. Завгүй хүмүүс хэдэн саяараа байна. Нэг хэсэг хүмүүс хүлээж авлаа гэхэд нөгөө хэсэг нь үзэж харж чадахгүй үлдэх жишээтэй. Тэгэхээр монгол өв соёлыг дэлхийд хүргэхийн тулд өшөө том юм хийх хэрэгтэй болчихоод байгаа. Бидний үеийн дэлхийгээр явсан хэдэн найзууд байгаа л даа. Тэд бол манай өв соёл хүчтэй гэдгийг баталсан.

-Өв соёлоо хүргээд явж байхад бэрхшээлтэй тал нь хүртээмжийн асуудал гэдгийг та хэллээ. Төрийн зүгээс дэмжлэг тус хэрэгтэй л байдаг байх?

-Ер нь амар юм биш ээ. Биднийг ерээд оны эхээр явж байхад бүр л амаргүй байсан. Бид чинь бараг хэлгүй л байлаа шүү дээ. Урлаг нь хүчтэй болохоор очоод бага сага түвшинд ойлгодог байсан. Сүүлдээ гол бэрхшээл биш болсон. Ер нь гуравдагч орнуудад 18 дугаар зууны үеэр өөр соёлууд хүч түрж нөлөөллөө тогтоочихсон байдаг. Гэхдээтэр соёлтой манай соёлыг харьцуулахаар манай соёл бүрэн цогц. Дор хаяж нас нь хүртэл мянган жил дамначихсан холын юм байгаа шүү дээ. Тийм учраас манай төр засаг ийм соёлоо дэмжих болов уу гэдэг үүднээс олон яаманд очиж үгээ хэлсэн. Тэд бололцооны хэрээр тусладаг. Туслалаа гээд бас юм дутуу л байдаг л даа. Монголын соёлын шугамаар мэр сэр арга хэмжээнд очиж л байлаа. Якут руу манай хэсэг уран бүтээлчид хамтдаа явж байсан. Америкийн Сан Францискод Монголын урлагийн тоглолт хоёр гурван удаа зохион байгуулагдахад очиж байлаа. Соёлын харилцааны шугамаар ганц хоёр явдаг. Гэхдээ бид ихэвчлэн хувиараа явж байна. Ноднин гэхэд бид "Дэлхийг тойрох Монголын өв соёл” аяныг зохион байгуулж, Европ руу газраар явж очсон. Газраар явж очдогнь замдаа бас хүмүүст сурталчилъя, таниулъя гэсэн санаа л даа. Дандаа нисээд байж болохгүй шүү дээ. За тэгээд сурталчлаад явж байхад замд таарсан хүмүүс "Монголчууд ирчихэж, давхиад очьё” гэдэг юм байхгүй ш дээ. Хүн мэдэхгүй, мэдээлэл байхгүй. Миний хувьд олон жил нүүдэлчдээр явсны буянд таньдаг хүмүүс таарна. Дор хаяж л нэг таньдаг театрын дарга ч юм уу, урлагийн хүн байдаг. Тэд нартайгаа холбогдож замд тоглолт хийгээд явсан. Улаанбаатараас гараад Эрхүү Улан -Үдээр ороод Сибирь хүрч, цаашаа нутгуудаар дамжиж явсаар байгаад Кавказад очиж тоглолт хийгээд буцахдаа Халимагт тоглож,тэндээсээ Москва ороод олон улсын уран бүтээлчидтэй нийлээд Европт очиж хоёр сар тоглосон. Тэнд эртний хөгжмийн хэдэн фестиваль, том хурлууд бас болсон. Давхардсан тоогоор 60-аад хотоор тоглосон доо. Тэгээд Парисаас АНУ руу ниссэн. АНУ- д Дэлхийн ардын урлагийн 30 дугаар наадам гэж онцлогтой арга хэмжээ болсон. Хоёр гурван муж дамнаад 20 хэдэн хоног болсон. Манай гурван уран бүтээлч явсан. Тэд түрүүлээд ирсэн. Гадныхан бол 40-50 хүнтэй бүрэлдхүүн очно шүү дээ. Бид урлагаа хаана ямархуу жин дардагийг амьдралаараа батлаад байна. Хамгийн гол нь очсон болгон нь тэнд түрүүлээд байх биш. Өв соёлоо сайн мэддэг, зан үйлийг нь хийж чаддаг байж л үр дүнд хүрч байгаа.

Туульч, Цуурч,  Хөөмийч Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш

-Ер нь хөөмий, тууль, цуур гээд өв соёлоо натур чигээр нь хадгалахын тулд юу хийх ёстой вэ?

Сүүлд ЮНЕСКО-гоос тасалдах дөхсөн өв соёлыг баталгаажуулж, хамгаалалтад авч, шавь сургалтаар нэмж ганц хоёр шавь төрж байгаа. Гэхдээ тийм олон шавь бол төрөхгүй байгаа. Ялангуяа тууль дээр бол том сэдэв учраас амаргүй л дээ. Гуч гаруй хүнд тууль заахад дөрөв таван шавь л үлдэж бэйна шүү дээ. Би Монгол өв соёлын тухай лекц уншиж байлаа. Дэлхийнтомоохон арга хэмжээнүүдэд оролцож байлаа.

Би хамгийн ойрхон хөрш орнуудын жишээ татъя л даа. Надаас хамаагүй хойш гарсан 20 настай өвлөгч байж гэж бодьё л доо. Тэгэхэд л улсаас байнга цалин авдаг, хангамжтай байна. Улс тэр хүнээс юу хүлээж авах вэ гэхээр 3-5 шавь бэлдчихэд л тэр хүн насныхаа ажлыг хийчихлээ гэсэн үг. Өв соёлоо хамгаалах гэж тийм өндөр түвшинд анхаарал тавьж байгаа. Гэтэл манай улс тодорхой хэмжээний том тоглолтуудыг холбоод өгчихдөггүй. Тоглолт гэдэг чинь маш их зардлаар хүрнэ шүү дээ. Очоод зарим нь зардлаа даадаг нь байна, даахгүй нь байна. Бид дэлхийн хэмжээний том арга хэмжээндочоод байх юм бол олон сая үзэгч үзэх бололцоотой. Сүүлд би ГХЯ- нд энэ талаархсаналхаа барьж очсон л доо. Манай өв соёл хүчтэй боловч олон сая үзэгчдэд хүрч чадахгүй байнаа. Энэ л хамгийн тулгамдсан асуудал байна гэдгийг хэлж ярьсан. Бидний хэдэн уран бүтээлчид ярьж байгаад санаа дэвшүүлсэн юм л даа. Тэр нь юу гэхээр дэлхийн хэмжээний том телевиз, сувгууд хүрчихсэн, төвлөрчихсөн газар очиж тоглох нь зөв шийдэл байна гэж. Жишээ нь NHK-г хайж Японд очиж, өөр том том сувгийг хайж байхаар нэг ийм бөөгнөрсөн чухал газар очоодтоглочих юм бол, их юм хэмнэх бололцоотой. Тэнд зүгээр нэг тоглоод өнгөрөх биш, дор хаяж нэг сар тоглох хэрэгтэй. Тэгж байж дэлхий даяараа энэ азийн өндөрлөг нутагт чинь гарцаагүй мундаг урлаг гайхагдах өв соёл нуугдаж үлдсэн юм байна шүү дээ гэж ойлгоно. Хүн төрөлхтний анхдагч юм байж магадгүй гэдэг бодол төрчих л юм бол сайн байгаа юм. Уулын өндрөөс жижиг цас өнхрүүлэхэд доошоо буухдаа том болсон байдаг шүү дээ. Тэрэн шиг хөдөлгөөнд оруулж өгөх асуудал байгаа юм.

Үнэхээр уран бүтээлчдийг бол муулах юм байхгүй. Манай уран бүтээлчид чадалтай, тэсвэртэй. Гадны уран бүтээлчид энд тэнд очлоо гэхэд хоёр гурван хоног амарч алжаалаа тайлж байж тоглодог бол бид нөгөө санхүү мөнгөдөө захирагдаад, очоод маргааш нь гэхэд л тоглодог. Цагийн зөрөө хамаа байхгүй. Нэг жишээ ярихад, бид Польшид болдог олон улсын наадамд очиж байлаа. Бүрэлдхүүн явах гэж байгаа учраас нэлээн их мөнгө шаардлагатай байсан л даа. Визний мөнгө хураамж энэ тэр гээд арайхийж дөрөв тав хоногийн өмнө шийдэгдэхгүй юу. Тэгсэн элчин дээр очсон чинь хагас бүтэн сайн нь болчихсон. Польш руу очих виз Бээжингээс очиж авдаг. Цаг тулчихаад визаа гаргуулахын тулд Францын элчинд нот бичиг бүх юмаа гаргаж өгсөн л дөө. Монголыг төлөөлж ийм арга хэмжээнд явах гэж байна, нэлээн бэлдсэн байгаа гэхчлэн хамаг учраа хэлж байгаад Францын визтэй нисч байлаа. Тэгж дамжиж явсаар байгаад Польшдоо яг тоглолтын урд өдөр хэдхэн цагийн өмнө очиж байсан. Манай хэд чинь замдаа нүдний хор гаргасан юм уу, яасан юм. Тэгээд очоод л удаа ч үгүй тоглолтдоо ороод, бид тэнд түрүүлсэн шүү дээ.

-Та түрүүн голцуу хувиараа явдаг гэлээ. Тэгж явахаар нэлээд зардалтай байдаг байх. Холбоод, ТББ-ууд яаж ажилладаг вэ?

-Манайхны энэ хамтлагууд дор хаяж 5, 6 том уралдаан наадамд очоод үзчихсэн байгаа л даа. Зарим нь аз нь таарвал улсын бололцоо дэмжлэгээр явдаг. Ихэнхдээ л хувиараа очно. Тэгэхээр энэ улсуудад маань туршлага дутдаг. Бид бас зөвлөж өгдөг. Одоо гол нь нэгдсэн байдалтай байх хэрэгтэй. Олуулаа байж хүчтэй гэдэг дээ. Тэр цаг л ирчихээд байгаа юм.

Холбоодууд зөндөө байгаа. Бүгд л мөнгөгүй ТББ-ууд байгаа шүү дээ. Надтай хамтардаг нүүдэлчдийн уран бүтээлчид нэгдээд "Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёлын холбоо” гэж байгуулсан. Бүгд нэрд гарчихсан хүмүүс байдаг учраас гадагшаа хүрэхдээ арай гайгүй. Бүгд гишүүнчлэлтэй тул хоорондоо мэдээллээ солилцоод явдаг. Цуурын холбоо, Туульсын холбоо, Дэлхийн хөөмийн холбоо гээд өөр холбоод байгаа. Эдгээр холбоодод бүгдэд нь би гишүүнчлэлтэй.

-Та амьдралаа язгуур урлагт зориулж яваа хүний хувьд энэ урлагийнхаа тухай тэр бүр яригдаад байдаггүй зүйлсээс яриач?

Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг биш юмаа. Их холын цаг хугацаа давсан учраас бүх юм нь мөн чанар дотор нь шингэчихсэн. Үг нь гэхэд маш хүчтэй болчихсон. Цуур ярилаа гэхэд тэр гуравхан нүх дор хаяж л бидний мэдэх хоёр мянга гаруй жилийн өмнөх дуу авиаг дотроо хадгалчихсан байдаг. Тэр гурван нүхийг дөрөв болгоод өөрчилчих юм бол орчин үеийн болоод, өмнөх натураар бидэнд ирэхгүй байжээ. Туульс гэхэд дотроо өөр өөр цаг үеийнх. Туульс болгон агуу биш. Дундад зууны үед бусад шашны нөлөө орсон туульсууд байна. Тэрнээс урагшаа гэхээр арай натуржаад явчихна. Бүр тэрнээс урагшаа болохоор дундад эртний тууль болоод 1000 жилээс цааш явчихна. Тэрнээс бүүр цаашаа бол жинхэнэ ертөнцийн гарал үүсэлтэй холбоотой нарийн болно. Ер нь туульс гэдэг төрийн нарийн юм болж таараад байгаа юм. Хэр баргийн хүнд туульс хадгалагдана гэдэг ховор шүү дээ. Том философи. Туульчдын гал гэж байна. Тэр галын туульчид дотор ямар авьяас билэгтэй,ямар мундаг өв соёл хадгалсан хүн байсан юм бэ, тэр нь хэр юмаа үлдээсэн юм бэ гэдэгтэй л холбоотой. Энэ агуу соёл тасалдахгүй ирсэн нь хамгийн гайхамшиг. Би энэ туульс дотор Монголын язгуур том филисофиуд байна гэж боддог. Гаднаас ямар нэгэн философи хайгаад хэрэггүй. Тэр битгий хэл одоо бидний хэлж яриад байдаг өндөр хөгжчихлөө гээд байдаг мэдээллийн эрин зуунаас хүчтэй цаг үеүдийг туульс туулсан. Би номон дээр хэвлэгдээгүй ганц хоёр юм хэлэхийг хүсч байна л даа. Сүүлийн галаваас хойшхи мэдээллийг тууль дотор байдаг гэж боддог. Гэтэл тэрнээс урагшаа өөр галавын үеийн мэдээлэл тууль дотор байж байдаг. Бид үлгэр битгий яриад бай гэж нэгийгээ мөхөсдүүлдэг. Манжаас өмнөх үед гарсан үг юм шиг байгаа юм. Тэгвэл дэлхийн домог туульсзүйн хурал дээр судлаач шинжээчид ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр болж өнгөрсөн зүйлийн 70 хувь нь домогт үлджээ гэж үзсэн. Тэгэхээр бид мэдэхгүй өөр их олон юм тэнд байдаг байх нь. Хүн төрөлхтөн домгийг байж болшгүй зүйл байна гээд байдаг. Гэтэл тэр нь болоод өнгөрчихсөн зүйл байдаг. Энэ дэлхий дээр туульгүй улс орон маш олон байна. Туультай 10- аад улс орон байгаа. Тэр улс орнуудыг хараад байхад дандаа нэг тийм эртэч шинжийн улсууд байдаг.

Тууль дээр гардаг олимпиус гээд уул чинь ангараг гараг дээр байна шүү дээ. Сансрын дурангаар харахад тэр уул харагдаж байна гэж байгаа шүү дээ. Жишээ нь миний нэг туульс дээр 38 км өндөр уул гардаг. Баримжаалсан тоо шүү дээ. Тэдэн мянган тохой гээд заачихсан байгаа. Тэгэхээр туульс дотор болсон үйлийн тухай ийм том том мэдээ баримтууд яваад байгаа. Би туульс болгоныг ярихгүй. Гэсэр, Жангараас хамаагүй урагшаах нэг баримт хэлье. Монгол туульд 600 гаруй оддын нэр байдаг. Тэгэхээр ямар агуу гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Сансрын дурангаар тоолж байгаа улсууд мэдээж оддод нэр өгчихсөн байгаа. Гэхдээ одоо мэдэж байгаа юмыг бидний өвөг дээдэс мэддэг байсан байна. Тэгэхээр энд бас сонин дүгнэлтэд хүрч болохоор байгаа.

Туульч, Цуурч,  Хөөмийч Э.Баатаржав: Монголын язгуур урлаг гэдэг бол зүгээр нэг гурван хүн сууж байгаад зохиолын дуу бичдэг шиг юм биш

-Тууль хайлна гэдэг их учиртай эд гэж ярьдаг. Ер нь яг ямар учиртай юм бэ?

Туульс хайлна гэдэг нь дэлхий дээр байгаа дөрвөн хүчирхэг шашныг хамарсан их заслыг хийж байгаа юм. Би Буман жилийн зун авчирсан баянцагаан өвгөн гэж туульс хайллаа. Буман жилийн зун гэхээр ямар сайхан бэ. Нөгөө бусад хахир хатуу улирлууд нь байхгүй байгаа биз. Буман жилийн зун авчирсан хоёр тууль байдаг. Нэг нь "Зургаан түмэн настай зул алдар хаан” гэж бий. Тэнд хоёр буман жилийн зун авчиржээгэж гардаг. Энэ Баян цагаан өвгөн тууль дээр гурван буман жилийн зун авчиржээ гэж гардаг. Нэг нь болохоор хоёр үечлэлтэй, буман жилийн зун авчирдаг. Дараа нь хүүгийнх нь амьдрал гарч хоёр дахь том баатрын үйл явдал дуусахын үед дэлхий буюу алтан шар нартыг төвхнүүлэхийн тулд тэнгэрээс том баатрууд бууж ирдэг голцуу. Дээрээс түлхээстэй төрсөн гэж гардаг чинь тийм учиртай. Гэсэр, Жангар дээр долоон орныг төвхнүүлж гардаг. Баян цагаан өвгөн тууль дээр 80-100 орныг төвхнүүлдэг. Тэгэхээр одоогоор дэлхий дээр 300 улс гүрэн байна гэдэг чинь 80 нь тэр үед байсан байна шүү дээ. Гэхдээ мөхөж устаад 10 үлдсэн юмуу бас мэдэхгүй шүү дээ. 80 улс гүрнийг төвхнүүлж дуусссаныхаа дараа хүн төрөлхтөн атгаг хор санаагүй бүгд сайхан тэгш эрхтэй болоод ирэнгүүт зуныг нь өгч байгаа юм. Зүгээр нэг үлгэрт гардаг жигүүртэй мориор давхиад хүрчихгүй. Хүрье гэвэл хүрдэг оюун ухааныг харуулж байна. Бид зөв л юм хийгээд байх юм бол зөв юм өгөөд байдаг өгөгдөл байна. Хэвлэгдээгүй хуучны туулиудад ихэд нарийн зааж өгсөн байдаг. Ийм сайхан өвтэй байна гэдгээ сонссон Монгол хүн бүр урам орох байх гэж бодож байна. Компьютерийн хэдэн триллион мэдээлэл дунд цохиж ороод олохгүй мэдээллийг туулиас олж болно. Гэхдээ тууль болгоноос сонсож чадахгүй.

-Та түрүүн туульчийн гал гэж ярьсан. Тэгэхээр туульчид гал галаараа туулиа өвлөж явцгаадаг гэсэн үг үү?

-Туульчийн гал гэж байдаг. Удам дамжиж ихэвчлэн манай урианхайд үлдсэн байдаг. Гэхдээ сүүлийн үед таслахгүйн тулд тэсвэртэй,тэвчээртэй дээр нь бага зэрэг өгөгдөлтэй хүмүүстээ өвлүүлэхийг бодож байна. Багш шавийн холбоо тогтоогоод, тэр хүн тэвчээртэй байх юм бол бид бас хэрээрээ өгч болж байгаа. Тэр хүн халбага шанаганыхаа их багаар халбагадаж авнаа л гэсэн үг. Дор хаяж долоон тууль мэддэг, бүрэн төгс хайлаад, уул хангайгазар савын эздүүдэд хүргээдурд талын удмын хаадуудын ямар нэгэн сайн хийморь сүнс гэх юм уу холбоосуудад хүрч чадсан туульчид бол өгөгдөл ирэх бололцоотой. Тэр нь ирсэн туульчаас бол дахиад гал тасалж гарах болох л юм байгаа юм л даа.

Миний удам бол мэдэгдэж байгаа таван үе байна. Тэрнээс цааш Хооживэрт гэж хүний удам цаашаа явдаг. Наашаагаа бол Баян-Алтай гэж хүний удам байна. Миний хувьд Баян-Алтайгаас дуудахаар 4 дэх үеийн туульч болоод явж байгаа юм. Баян-Алтайн эцэг Хооживэрт гэж хүн байсан. Миний өвгөд ихэвчлэн шувууны нэртэй байдаг. Хооживэрт гэж хүн чинь шувууны нэртэй. Тэр Баян-Алтай гэж нэртэй хүн чинь Мэнгэт гэж нэртэй хүн байсан. Бас нэг чухал шувууны нэр. Тэрнээс наашлахаар Живэрлэг гэж хүн байсан. Язгуурын алтай хэлэнд бол одот огторгуй гэсэн үг. Өөрөөр хэлбэл галактик гэж орчуулж болох юм. Живэрлэг гэж хүн таван хүүхэдтэй байсан. Эрдэнэцогт гэж миний аав мэндэлсэн. Тэр хүний дараагийн хүн нь би болж таарч байгаа юм.

Манай нутагт Баян-Алтайн удам, Чойсүрэн гуайн удмын гэсэн галын туульчид л одоо байна л даа. Буян гэж хүн байгаа. Гэхдээ галууд хоорондоо садан төрөл болох, багш шавь болох явдал байна.

-Үнэндээ тууль гэхээр хүмүүс Гэсэр, Жангараар л төсөөлдөг шүү дээ. Бүр эрт үеийн туульсууд ямар хэлбэрээр өвлөгдөж ирсэн нь сонирхолтой юм.

Монгол угсаатан дотор жаахан хожуу үеийн туулиуд гарч ирээд байдаг юм. Гэсэр, Жангарыг агуу гэж яриад байсан чинь 550 жилийн ойг нь тэмдэглээд удаагүй байгаа шүү дээ. Гэтэл бидний хайлж байгаа чинь нэлээн урагшаа цаг үеийнх. Гэтэл бидний хайлаад байгаа туулийг наашаа цагийнх гэж тооцоолоод өшөө цаашаа үеийн гэж бас байна.

Туульс аман билгийн хэлбэрээр хадгалагдаж байгаа. Гар бичмэлээр сүүлийн хоёр гурван зуун жилд ирсэн жаахан жуухан юм байгаа. 70 хэдэн онд Дамдиндорж гэж орчин цагийн бичгээр, тод бичгээр бичдэг багш байсан. Тэр хүн манай аавтай хамтраад өвөг дээдсийн чинь чухал тууль шүү гээд үлдээсэн. Бусад туулиас ялгаатай нь галав юүлдэг тууль байгаа юм гэж өгсөн тууль байгаа юм. Багш хүн байсан болохоор зав зайгаараа багасгаад биччихсэн юм шиг байна лээ. Би тэр туулийг криллээр бууулгаж авсан хэвээр нь их бага гэхгүйгээр тэрчигээр нь тууль судлаач Готов докторт өгөөд , номон дээр гаргачихсан байгаа л даа.

Эх сурвалж: Bolod.mn
У.Сайхан
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?