📅

Авч болдоггүй, хаячихаж ч болдоггүй 1072

🕔 2017/02/02 10:04

 

Монгол Улсын иргэн бүр төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг ширхэг нь 933 төгрөгийн үнэлгээтэй 1072 хувьцааг эзэмшээд таван жилийн нүүр үзлээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар 2012 онд тус компанийн 20 хувь болох 15 тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Гэвч ихэнх иргэд энэ хувьцааныхаа үр шимийг хүртэж чадалгүй өдий хүрэв. Өндөр настнууд бэлнээр нь, оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр тухайн үед авсан юм. Мөн зарим иргэн хувьцааныхаа тодорхой хувийг өнгөрсөн онд Засгийн газарт 300 мянган төгрөгөөр эргүүлэн худалдсан билээ. Гэвч хэдэн иргэн хувьцаанаасаа эргүүлэн худалдсан, бэлэн мөнгө, сургалтын төлбөрөөр авсан эсэх тооцоо судалгаа тодорхой  гараагүй байна. Сүүлийн үеийн тойм мэдээллээс үзвэл Засгийн газар 85, иргэд 14, аж ахуйн нэгжүүд 0.6 хувийн хувьцаа   эзэмшиж буй юм. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээг тогтоогоогүй байна. Өнгөрсөн онд үнэлгээ тогтоох тендер гурван удаа зарласан ч санал ирээгүй аж. Тавантолгой ордын уурхайд хамгийн бага зардалаар олборлолт хийдэг, нүүрсээ уурхайн аман дээрээс тээврийн зардалгүй зарж байгаа нь хувьцааны үнэ ханш өсөх, ашигтай ажиллах боломж бий. Мөн Хятадын "Чалко” компаниас авсан өрөө энэ оны эхний улиралд дарж дуусах төлөвлөгөө гарсан. Тэгэхээр Хөгжлийн банкнаас авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн 200 сая ам.долларын өр үлдэж байна. Үүнээс гадна нүүрсний үнэ өсч эхлээд буй. Иймд "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны арилжааг нээлттэй болгоход наад зах нь есөн сар, удлаа гэхэд нэг жилийн хугацаа шаардах ажээ. 

Эдийн засагчид Засгийн газар иргэдэд томоохон ордын хувьцаа эзэмшүүлсэн нь ганц зөв алхам болсон. Учир нь, баялгийн тэгш хуваарилалт хийх боломж. Хэдийгээр одоохондоо үр өгөөжөө төдийлэн өгч чадахгүй байгаа ч иргэд өөрт ногдох өмчийн эзэн болж хяналт тавих нь зүйтэй гэдэг билээ. Иргэдийн өмч яагаад үр өгөөжөө өдий хүртэл өгч чадахгүй байгаа талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа дараахь хариултыг өчигдөр өглөө. Тэрбээр "Дэлхийн зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 2012 оны эхний улирлаас эхлэн унасан явдал олон улсын хөрөнгийн захад IPO гаргах, Монголын Хөрөнгийн биржээр хувьцаа худалдах боломжийг хязгаарласан. Үүнээс гадна улс төрийн шийдвэр "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны хоёр дахь зах зээлийг нээхэд ихээхэн нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам, цахилгаан станц барих төслүүдийг тус тусад нь салгасан. Энэ нь тус компанийн үнэлгээг бууруулж байгаа юм. Мөн үүнийг дагаад олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах, хувьцааны хоёрдогч зах зээлийг нээх судалгаа байнга өөрчлөгдөж ирлээ. Одоо ч төр засгаас "Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой  эцсийн шийдвэр гараагүй байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг шийдээгүй байгаа. Олон улсад IPO хэрхэн гаргах асуудал энэ гэрээнээс хамаарна. Учир нь, олон улсын зах зээлд гарах, хувьцааны дараагийн зах зээлийг нээх судалгааны ажил төр засгийн шийдвэрийг даган өөрчлөгддөг” гэсэн юм.  Тэгвэл Монголын Үнэт цаасны Арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ачит-Эрдэнэ "Таван­тол­гойн хувьцааг арилжаанд оруулах нь зүйтэй. Өнөөдөр нүүрсний үнэ өсч байна. Нөгөө талаар Монголын Хөрөн­гийн биржийн үнэ цэнэ өнөөдөр бага байгаа. Тавантолгойн хувьцааг арилжаалж эхэлснээр үнэ цэнэ өсч эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Хувьцааг нь арилжаалж эхлэвэл "Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал сайжирна. Хэрэв тус компани хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байсан бол "Чалко” компаниас урьдчилгаанд авсан 350 сая ам.доллараа хүн бүрт 21 мянган төгрөг болгон тарааж өгөхгүй. Компанийн үйлдвэрлэл, хөгжилд зарцуулах байсан. Өөрөөр хэлбэл улс төрийн шийдлээр бус цэвэр бизнесийн шийдлээр ажиллана гэсэн үг” хэмээлээ.  

Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын зөвлөх Ж.Мягмарсүрэн "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэгдсэн. Энэ нь Хөрөнгийн биржийн хөгжил үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал, Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар бүртгүүлэх зардал 40-60 хувиар буурсан. Мөн хамгийн сүүлийн үеийн IT системтэй болсон тул ямар ч арилжаа хийхэд саадгүй болсон. Жишээ нь, Монголын Хөрөнгийн бирж "Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааг саадгүй арилжаалсан юм. Гэтэл өнгөрсөн онд иргэдээс "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдаж авахдаа арилжааны банкаар дамжуулсан нь харамсалтай. Манай үнэт цаасны зах зээлд зуучлан ажиллаж буй компаниуд ямарч арилжаа хийх бүрэн боломжтой” гэж буй юм. Монголын Үнэт цаасны Арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр "Иргэдэд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 тэрбум ширхэг хувьцаа бий гэдэг. Гэтэл энэ компани улстөржилтөөс салж чадахгүй байна. Тавантолгой ордын асуудлыг яаж шийдэх бол гэсэн хүлээлт нийгэмд бий. Иймд олон улсын зах зээлд IPO гаргахаас өмнө иргэдийн хувьцааны арилжааг нь эхэлж нээх хэрэгтэй. Олон улсад IPO гаргахад маш их судалгаа хийх ёстой. Энэ ажил их удна. Хувьцаагаа зарах, нэмж хувьцаа худалдан авах сонирхолтой хүн олон байгаа гэж бодож байна. Нөгөө талаар иргэдийн хувьцааны арилжаа нээгдээгүй тул Тавантолгойд эзэмшигчдийн оролцоо алга. Байнга улстөржилтөд хүргэж байгаа юм” гэсэн байр суурьтай байна. 

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал "Манай улсын үнэт цаасны зах зээл сул. Өнөөдөр 62 компани хувьцаа гаргахаар бүртгүүлсэн. Гэвч цөөхөн компанийн үнэт цаас арилжаалагдаж байна. Уг нь манай мэргэжлийн байгууллагууд хувьцаа гаргахад хүндрэл саад учрахааргүй бэлэн байгаа” гэлээ. Тэгэхээр иргэн та www.schcd.mn хаягаар орж хувьцааны мэдээлэл, баялгийнхаа үр шимээ хүртэх данстай эсэхээ шалгахад буруудах зүйл алга. 

Зарим иргэн хувьцаагаа Засгийн газарт эргүүлж зараагүй байхад эрүүл мэндийн даатгал төлсөн, сургалтын төлбөрийн зардал өгсөн гэсэн шалтгаанаар хувьцаа нь найм, 10 ширхэг зэргээр хорогдсон гомдол гарч буй аж. Хэрэв хувьцааны тоо ширхэг энэ мэтээр буурсан бол Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хандаж асуудлаа шийдвэрлэх юм байна. 

Т.ЖАНЦАН

Эх сурвалж: www.assa.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?