📅

Хубилайн хаанчлал

🕔 2017/01/09 16:01

Хубилайн хаанчлал

 

Өмнөд Хятадыг байлдан дагуулсныхаа дараа Хубилай гол анхаарлаа Цин улсын юм уу, Сүн улсын хараат байдалд бодитойгоор болон ор нэрийн төдий оршиж байсан зах хязгаарын төр улсуудад хандуулж эхэлжээ.

1277 онд Чингис хаан Тангуд улсыг бут цохин мөхөөснөөр монголчуудын хувьд Төвөд хүрэх зам нээгдсэн бөгөөд цааш цаашдын дайны явцад монголчууд Төвөдийн дорнод хэсгийг нэвт гатлан зарим муж нутгуудыг нь эрхшээлдээ оруулсан билээ. Хубилай хаан буддын шашинд орсныхоо дараа өөрийгөө Төвөдийн лам  хуврагуудын хууль ёсны хамгаалагч гэж үзэх болж 1261 онд Пагва ламд Төвөдийн төрийн болон шашны удирдлагыг өгч "Номын хаан” цолоор өргөмжилсөн байна.

Үүний хариуд Пагва лам Юань улсад адис хайрлажээ. Чухамхүү Пагва лам л Юань улсын үед монголчуудын хэрэглэдэг байсан "дөрвөлжин бичиг” хэмээх шинэ монгол үсгийн цагаан толгойг зохиосон юм.

 

 Монголчууд болон Төвөдийн хоорондын харилцаа нэлээд найрсаг байсан тэр үед Хубилай Бирм, Энэтхэг-Хятадын хойгийн эрх баригчдыг буулган авахын тулд цэргээ илгээх хэрэгтэй болсон байна. 1280 онд Аннам, Чампа, Камбож, Бирм рүү хийсэн аян дайныхаа үед монголчууд анхандаа хэд хэдэн ялалт байгуулсан хэдий ч ихэнх цэргүүд нь цусан суулга, хижиг гэх мэт халуун орны өвчнүүдэд нэрвэгдэн үхэж үрэгджээ.

 Ерөнхийд нь хэлбэл, Монголын армийн монгол, түрэг цэргүүд байлдааны ажиллагаа явагдах болсон шинэ газар орны чийглэг уур амьсгалд дасан зохицож чадсангүй. Энэ нь эцсийн эцэст монголчуудыг ялагдалд хүргэж гэдрэг ухраасан байдаг. Гэхдээ л Энэтхэг-Хятадын хойгийн төр улсуудын эрх баригчид монголчуудын сүр хүчнээс үлэмж айдаг байсан бөгөөд 1288 он гэхэд тэдгээрийн нэлээд нь Хубилайн дээд эрх баригчийн байр суурийг хүлээн зөвшөөрчээ. Харин 1293 онд Ява арал руу зорьсон монголчуудын тэнгисийн аян дайн хатуу няцаалттай тулгарч, их хааны эрх засаглал ражи Мажапахитийн шазруун эсэргүүцлийг амсахад хүрчээ.

Монголчууд далай тэнгист өөрийн гэсэн хүчингүй байсан нь Японыг байлдан дагуулах гэсэн 1274, 1281 онуудын оролдлогын бүтэлгүйтлээс илт харагддаг. Хоёр дахь оролдлогоо хийхийн тулд Хубилай  Кюсю арал дээрх Хакатад дайчдаа хүргэх зорилгоор Умард Хятад, Солонгосын усан боомтуудад асар олон тооны онгоц бөөгнөрүүлсэн байлаа. Цэргүүдийг зорьсон газарт нь хүргэх ажил төлөвлөгөө ёсоор хэрэгжсэн хэдий ч дараахан нь гарсан далайн хар салхины улмаас монголчуудын онгоц тэр хавиар нэг тарах нь тарж, устах нь устжээ. Баазаасаа таслагдсан монголчуудын армийг япончууд бүслэн авч хөнөөсөн байна. Энэхүү золгүй явдлаас хойш Хубилай Японыг эрхшээлдээ оруулах гэсэн бодлоо орхижээ.

 Өрнөдөд хандах Хубилайн хандлага ч гэсэн Хятадад хандах хандлагын нэгэн адил урьд үеийнхээс эрс ялгаатай байсан юм. Тэрээр өөрийн гэсэн Хятад их гүрэн улсыг байгуулах, Монгол ноёд дээдсийг өөрийн хяналтанд байлгах төлөвлөгөөндөө бүхнийг зориулаад байсан учир Европыг байлдан дагуулах санааг орхиод байжээ. Хубилай бол энэ ертөнцийн хамгийн хүчирхэг эзэн, Азийн ихэнх хийгээд Европын зүүн хэсэг түүнийг дээд эзэн хаанаа хэмээн хүлээн зөвшөөрсөн байв.

Хубилай хааныг төр барьж байсан хугацаанд Монголчууд хийгээд өрнөдийхний холбоо харилцаанд Венецийн худалдаачид Маффио, Никколо Поло, Никкологийн хүү Марко буюу Иль Мальоне гурав асар их үүрэг гүйцэтгэснийг бид мэдэх билээ.

Маффио, Никколо нар анх 1262 онд Хятадад очсон ба Хубилай тэднийг Өрнөдийн аж төрөх ёс, шашин шүтлэгийн талаар харьяат ард олонд нь мэдлэг төсөөлөл олгох зуугаад христийн эрдэмтэн, техникийн хүмүүсийг Хятадад ирүүлнэ үү хэмээн папаас гуйх тусгай даалгавартайгаар 1266 онд Европ руу нь буцаасан байдаг.

 Ах дүү Поло нарыг 1269 онд Ромод хүрэхэд папын суудал эзэнгүй байв. 1271 онд шинэ пап X Григорий сонгогдсоны дараахан түүний адис ерөөл, хамтран ажиллах амлалттайгаар ах дүү Поло нар Монгол руу буцжээ. Энэ удаа залуу Поло өөрийн эцэг, авга ах хоёрт бараа болж явжээ. Хятад дахь түүний ажил хэргийн байдал болон Хубилайн эзэнт гүрний талаарх сэтгэгдэл нь энэ хүний үхэшгүй мөнхийн номд ихэд тодорхой бичигдсэн байдгийг бүгд мэдэх билээ.

 

Их хааны гадаад төрх байдлын талаар түүний бичсэн нь: "Тэрээр өндөр ч биш, нам ч биш, дунд зэргийн нуруутай, чийрэг сайхан биетэй хүн ажээ. Илүү дутуу өөх махгүй, биеийн эрхтэн, хэсгүүд нь аятайхан зохицсон харагдах бөгөөд нүд нь ихэд сайхан, хар өнгөтэй, хамрын нь хэлбэр тун ч зүгээр, нүүр царайдаа нэн тохирчээ”.

Марко Поло 1275-1292 онд буюу 17 жилийн турш Хубилайн ордонд суусан байна. Тэрээр Алс Дорнод дахь дипломат чухал албыг хариуцан гүйцэтгэж, засаг захиргааны янз бүрийн ажлуудыг ч эрхэлж байв. Хятадад түүний олсон их амжилтын ачаар Хубилай Өрнөдөд үлэмж элэгсэг ханддаг байсан байна. Өмнөд Дорнодод монголчууд болон христийн шашинтнууд хамтран ажиллах тухай үзэл санаанд Лионы цуглааныхан нааштай хандсаныг Ил хангууд өөрсдийн нь пап ламтай байгуулсан холбоог баталж байна гэж ойлгожээ.

Эх сурвалж: Г.В.Вернадский "Монголын эзэнт гүрэн”


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?