📅

“Монгол Шуудан”-гийн хувьчлал МАН-ын бизнесийн бүлэглэлийн хүрээнд асуудал үүсгэв үү?

🕔 2016/12/09 10:44

Өмч хувьчлалын тохироо МАН-ын бизнес бүлэглэлийн хүрээнд өрнөж эхлээд нэлээдгүй асуудал тарих боллоо гэх яриа гадуур хүчтэй тарах болсон. Ийн хэлэхийн учир нь ирэх оны төсвийн тухай хуульд төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлах замаар төсөвт 159.6 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгаж өгсөн. Ингэхдээ эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн алдагдлыг нөхөх, мөн ашиггүй ажиллаж байгаа хэд хэдэн төрийн өмчит компаниудыг зайлшгүй хувьчлахаар шийдвэрлэсэн хэмээснээс болж хэл ам дагуулах болсон юм. Эдгээрээс өнгөрсөн хугацаанд хамгийн их дуулиан тарьсан газар бол "Монгол шуудан” ХК-ийн 66 хувийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлахаар болсон нь одоог хүртэл тус нам дотор ширүүхэн өрсөлдөөнийг бий болгоод байгаа аж.

Угтаа бол жилд 10 тэрбумын ашигтай ажиллаж байгаа тус компанийг хувьчлах шаардлагагүй гэж олон хүн хийгээд улстөрчид мөн тус салбарынхан үзэж байгаа. Эрх баригчид яагаад тус газрыг яаран сандран хувьчлахаар ийнхүү зүтгэх болов гэдэг нь мэдээж нууц. Уг нь хувьчлахыг хэн ч эсэргүүцээгүй. Зөвхөн яагаад ийнхүү 20 тэрбум төгрөгөөр хувьчлах гээд байгаа юм бэ гэдэг дээр л асуудал үүсч, хувьчлах тогтоолын төслийг санаачлагчид нь буцааж хуульд нийцүүлэх талаар санал хүргүүлэх шийдвэрт хүрчихээд буй билээ. Түүнчлэн төрийн мэдлийн хувьцааг худалдах УИХ-ын тогтоол хуульд нийцсэн үү гэдгийг Үндсэн хуулийн Цэц ч шалгахаар болсон тухайг эх сурвалжууд хэлж байв.


Одоогоор тус компанийн 34 хувийг өнгөрсөн засгийн газрын үед хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилсан ч гэлээ одоо байгаа 66 хувийг 20 тэрбум төгрөгөөр үнэлэхдээ хувьчлах үнийг бодитоор хийгээгүй, урьдчилсан тооцоо судалгаа гаргаагүй, ашигтай ажиллаж байгаа төрийн мэдлийн компаниудыг хувьчлах нь тохиромжгүй, хувьчлал нэрийн доор хуумгай зүйл хийж байна хэмээн үзэх болсон юм. Тус компанийн ашгийн талаар өнгөрсөн хугацаанд хангалттай мэдээлэл өгсөн учраас дахин нурших нь илүүц.


Яг үнэндээ төрд орлого оруулж байгаа тус компанийг яаран сандран хувьчлахаар зүтгэж байгаагийн ард хэн нэгний маш том ашиг сонирхол нуугдаж байгааг илтгэж буй юм. Өөрөөр хэлбэл, 330 суманд салбар нэгжтэй, 4-5 тэрбум төгрөгийн марктай компанийг лоббидож байгаа учраас хувьчлалыг хойшлуулах, аль эсвэл хөрөнгийн бодит үнэлгээг зөв хийснийхээ дараа хувьчлах нь зүйтэй гэсэн үг. Угтаа бол Хөрөнгийн бирж, Монгол шуудан хоёрын хувьчлал тэс ондоо зүйл гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байв.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд бид Хөрөнгийн биржийг 25 жил ажилуулахдаа хөрөнгийн болоод үнэт цаасны зах зээл огт хөгжөөгүй. Тийм учраас олон улсын стратегичдэд хувьчлах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлж байсан юм. Ямартай ч одоогоор тус хувьчлалын асуудал олон нийтийн дунд нам гүм байгаа ч, улстөрчдийн хүрээнд хүчтэй яригдсан хэвээр байгаа аж.

Бид өнгөрсөн сард энэхүү хувчьлалын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхдээ нэгэн УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүнийг хувьчлалд оролцоотой байж болзошгүй тухайг мэдээлж байсан. Энэхүү мэдээлэл гарсны дараа тус намын нөхдүүд дээрх этгээдийг хувьчлалд хамгийн оролцоотой хэмээн цахим хуудсаар ч мэдээлж байсан билээ. Ямартай ч тус компанийн 66 хувийг Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг авахаар болсон нь нэгэнт ил болсон. Учир нь тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед 34 хувийг нь биржээр дамжуулан хувьчлахаар болсон.

Тиймээс тэрбээр 34 хувийг нь авчихсан юм чинь 66 хувийг нь 20-хон тэрбум төгрөгөөр авахаар нэр бүхий УИХ-ын гишүүдээр лобби хийлгүүлж үнэгүй шахам авах гээд байна гэсэн хардлага улстөрийн хүрээнд яригдах болсон юм. Түүнчлэн энэ талаараа Ч.Ганхуяг Монгол HD телевизийн "Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгт орох үеэрээ өөрийн байр сууриа тод томруунаар илэрхийлж байсан юм. Хэрвээ тус газрыг үнэхээр 20-хон тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байгаа бол хувьчлалд олон нийтийг оролцуулах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьчлалыг аль болох олон хүнд нээлттэй зарласнаар үнэлгээ нь бодитой болох, цаашлаад итгэл үнэмшил төрөх нь дамжиггүй. Түүнээс өвөр түрийндээ наймаалцаж хэн нэгний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр төрийн томоохон өмчийг үнэгүйдүүлж авах гэж улайрч байгаа нь бусармаг үйлдэл гэж харж байна.

Эцэст нь хэлэхэд шууданг бүх нийтийн гэдэг утгаар нь байлгахын тулд гарах зардлыг яах вэ гэдгийг хувьчлахаас өмнө нэн тэргүүнд бодох ёстой гэдгийг учир мэдэх хүн хэлж байсан юм. Түүнчлэн шуудангаар дамжиж төр, аж ахуй нэгж, хувь хүний нэр хүндэд халдах тохиолдол олон улсад байдаг төдийгүй, төрийн үйлчилгээ орон нутагт хүрэхгүй байх эрсдэл ч гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй байх.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?