📅

Ц.Нямсүрэн: Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж урамшуулал олгодог

🕔 2016/12/07 10:17

 

-45 МЯНГАН МАЛЧИНД 9.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

 

        Малын ноос, арьс, ширний урамшуулал олгож эхэлсэн талаар ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн ерөнхий менежер Ц.НЯМСҮРЭНТЭЙ ярилцлаа.

 

-Энэ онд нийт хэчнээн малчинд хэдэн төгрөгийн урамшуулал олгов. Малчдад олгодог ноос, арьс, ширний урамшууллыг тэдний данс руу шилжүүлсэн үү?

 

-Энэ жил нийт 45 мянга 480 малчинд ноос болон арьс, ширний урамшуулал болох 9.2 тэрбум төгрөгийг шижлүүлээд байна. Энэ бол 2015 оны урамшуулал гэсэн үг.

 

-Зарим малчны урамшууллын мөнгө дансанд нь орохгүй байна гэсэн. Ийм тохиолдолд хэдий хугацаанд нөхөн олгох боломжтой вэ?

 

-Ямар нэгэн зөрчилтэйн улмаас 4249 малчны 958 сая 95 мянган төгрөг малчдын дансанд шилжээгүй, хүлээлттэй байна. Урамшуулал нөхөн олгох талаар "Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д тодорхой тусгаж өгсөн. Тодруулбал, тухайн аймаг, сумын төр захиргааны байгууллагын мэргэжилтнүүд гарсан зөрчлийг засч, манайх руу явуулсан тохиолдолд нөхөж олгодог.

 

-Хоршооны гишүүн биш гэсэн шалтгаанаар ноосны урамшуулал авч чадахгүй байсан малчдад нөхөн олгохоор болсон. Үүнд нийт хэчнээн малчин хамрагдаж байна вэ?

 

-Хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар нэлээд олон малчин өрх 2015 оны ноосны урамшууллаас хасагдсан. Малчдыг ялгаварлан гадуурхахгүйгээр урамшуулал олгодог болох талаар Засгийн газраас шийдвэр гаргасан. Үүний дагуу өнөөдрийн байдлаар 5020 орчим өрхөд 707 сая 600 гаруй мянган төгрөгийг нөхөн олгохоор шийлжүүлээд байна.

 

-Одоогоор 2015 оны ноосны урамшууллыг олгож байгаа юм байна. Ирэх жил хэчнээн малчинд хэдэн төгрөг олгох талаар тооцоолол гаргасан уу?

 

-2016 онд бидний төсөөллөөр 100 мянга 440 малчинд ноосны урамшуулал болох 24 тэрбум төгрөгийг олгохоор байна. Энэ тооцооллыг Засгийн газар болон Сангийн яаманд хүргүүлсэн. Тодруулбал, 22 мянган тонн ноос авах тооцоо гаргасан. Харин арьс, ширэнд олгох урамшууллын талаарх мэдээлэл оны дараа гардаг. Учир нь, арьс, ширний урамшууллыг жилд хоёр удаа олгодог.

 

-Ноосны килограмм, арьс, ширний ширхэг тутамд хэдэн төгрөгийн урамшуулал олгодог вэ?

 

-Зах зээлд борлуулж буй ханшаас илүү өндөр урамшуулал малчдад өгдөг. 2011 оноос эхлэн ноосны урамшууллыг хоёр ангилалтай олгож байна. Тодруулбал, нарийн ноост хонь цөөн хэдэн аймагт байдаг учир үүний нэг килограмм ноосонд 2000, бусад энгийн ноосонд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Харин арьс, ширний урамшууллыг 2013 оноос эхэлж олгосон. Ингэхдээ ширэнд 18000, нэхийнд 3000 төгрөгийн урамшуулал олгодог. Гэхдээ бодит зах зээлд ноос, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх, тогтвортой барих чиглэлд Засгийн газар бодлого барьж байна.

 

-Малчид үндэсний үйлдвэрлэгчид арьс, шир, ноосоо тушааж байгааг яаж баталгаажуулах вэ?

 

-Урамшууллыг хоёр механизмаар олгодог. Бүх аймаг, суманд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд төлөөлөгчөө ажиллуулдаг. Тиймээс малчин ноосоо тушаасан баримтаа тухайн газрынхаа төр захиргааны байгууллага болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг холбоонд өгдөг. Тухайн байгууллагууд баримтыг тулгаж үзээд ямар нэгэн зөрчил гараагүй тохиолдолд урамшуулал олгодог журамтай.

 

-Монгол Улсын хэмжээнд нийт хэчнээн малчин байна вэ. Тэдний хэдэн хувь нь малынхаа түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчид тушааж байна вэ?

 

-Улсын хэмжээнд 180 мянга орчим малчин байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Үүний дийлэнх нь малынхаа түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчдэд өгдөг. Учир нь, өрх толгойлсон залуу өөрийнхөө малыг аавынхаа нэр дээр тоолуулдаг. Тиймээс урамшууллаа цуг авч байгаа юм. Гэтэл малчин өрхийн тоонд хоёр гэж бичигддэг. Түүнчлэн мал бүхий иргэд гэж бий. Малтай мөртлөө тэд сум, аймагт амьдардаг. Харин малынхаа түүхий эдийн урамшууллыг хэн нэгэн хамаатныхаа нэр дээр авах жишээтэй.

 

-Ийм байдлаар урамшуулал олгосноор зах зээлд ямар давуу тал бий болж байна вэ?

 

-Мал хамгаалах сан бол гүйцэтгэх байгууллага учир бодлого шийдвэрийг Засгийн газраас гаргана. Ноосны урамшуулал олгосноор үндсэн үнийг нь тогтвортой хадгалж байгаа юм. Бодит зах зээлд нэг килограмм ноосыг 600- 900 төгрөгөөр худалдан авч байна. Үндэсний үйлдвэрлэлд тушааснаар үүн дээр нэмээд 1000 төгрөг урамшуулалд авч байгаа нь нэг ёсондоо 1600-1900 төгрөгөөр нэг килограмм ноосыг зах зээлд борлуулж байна гэсэн үг.

 

-Малчдад ноос болон арьс, ширний урамшуулал олгосноор үндэсний үйлдвэрлэгчдэд ямар дэвшилт гарч байна вэ?

 

-Бидний хамтран ажилладаг байгууллага бол үндэсний үйлдвэрлэгчид. Тиймээс тухайн байгууллагатай уулзаж, урамшуулал олгосноор ямар үр дүн гарсан гэдгийг тодруулж асуухад бүгд ам сайтай байна лээ. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо урамшуулал олгож эхэлсэн үе буюу 2011 оноос хойш тав дахин нэмэгдсэн. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд түүхийн эдийн хангалттай нөөцтэй болсон байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид урамшууллын бодлогыг дахиад таван жил үргэлжлүүлэх саналыг тавьж байсан. Үндэсний үйлдвэрлэгчид "Эхний ээлжид бид түүхий эдээ хятад руу алдахгүй болсон. Үүгээрээ бүтээгдэхүүн хийхийн тулд цаашид олон улсад нэвтэрсэн тоног төхөөрөмж оруулж ирэх хэрэгтэй байгаа боловч өндөр өртөгтэй байдаг. Одоогоор олгож буй банкны болон жижиг дунд үйлдвэрийн зээлийн хугацаа нь бага атлаа хүү өндөр байна. Тиймээс энэ чиглэлд буюу хүү бага, хугацаа урт зээлийг олговол үндэсний үйлдвэрлэгчид хөл дээрээ босох боломжтой” гэсэн танилцуулга өгч байсан.

 

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн өртөг өндөртэй атлаа чанарын шаардлага хангахад тааруухан байдаг гэдгийг бүгд хэлдэг. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?

 

-Турк болон Монгол нэхийний боловсруулалт өөр байгаа нь тоног төхөөрөмжтэй холбоотой. Тухайлбал, дотоодод хийсэн савхи арай хатуу, даргар байдаг. Энэ нь арьсандаа биш зөвхөн боловсруулж буй тоног төхөөрөмжнөөс шалтгаалдаг. Уг нь түүхий эдтэй газар үйлдвэрлэл хөгждөг.

 

-Эдийн засгийн хямралтай үед малчдад ийм их хэмжээний мөнгө бэлнээр олгож буйд шүүмжлэлтэй хандах хүн цөөнгүй байна. Гэхдээ үүнийг бодлогоор хэрэгжүүлж байгаа учир давуу тал байгаа болов уу?

 

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор малчдад урамшуулал олгож байна. Гэтэл олгож буй мөнгийг хараад малчдыг дэмжиж байна гэж буруу ойлгодог. Малчдад таван жил урамшуулал олгосны үр дүнд хятад улс түүхий эдийн нөөцгүй болсон. Өөрөөр хэлбэл, ноос, арьс, ширэнд зохих хэмжээний урамшуулал олгосноор энэ төрлийн түүхий эдийн экспорт зогссон. Хятад улс 4-5 жилээр түүхийн эдийн нөөц бий болгодог байсан. Тэгээд тухайн нөөцөөр бүтээгдэхүүн үйлдвэрлээд дууссан учир одоогоор нөөцийн хомсдолд орсон. Тиймээс урамшууллын бодлогоос давсан үнээр худалдан авалт хийх сонирхолтой байгаагаа хятадууд илэрхийлж байгаа талаар аж ахуйн нэгжүүд ярьж байна. Тэгэхээр үүнийг буруу тогтолцоо гэж хэлэх боломжгүй. Эдийн засаг хүндрэлтэй байхад малчдад ийм хэмжээний мөнгө олгож байгаа нь буруу гэж үзээд зогсоовол дөрвөн жилийн дараа үндэсний үйлдвэрлэгчид сөхөрнө. Хятадууд хонины нэхийг 5000 төгрөгөөр авч олон жилийн нөөцөө бэлтгэсний дараа үнийг нь унагаах эрсдэлтэй.

 

-Татвар төлөгчдийн мөнгөнөөс малчдад урамшуулал олгож байгаа учраас мах болон түүхий эдийн чанарт хяналт тавих шаардлагатай байх?

 

-Яг зөв. Үүнтэй санал нэг байна. Гэхдээ манай сангийн хийх ажил биш. Гэхдээ малаа эрүүлжүүлэх цаг болсон гэдгийг хаана хаанаа ярьж байгаа учраас энэхүү саналыг холбогдох байгууллагад нь уламжлах нь зүйтэй. Малын эрүүл мэндийн асуудал нь Засгийн газрын Эрүүл мэндийн үржлийн газрын чиг үүрэгт багтдаг. Харин манайх үндэсний үйлчдвэрлэгчийг дэмжих гэсэн Засгийн газрын бодлогын хүрээнд үндэсний үйлдвэртээ ноос, арьс, ширээ тушаасан малчдад урамшуулал олгож дэмждэг. Түүнээс малыг эрүүлжүүлэх чиглэлд үйл ажиллагаа зохион байгуулах чиг үүрэг одоохондоо байхгүй. Шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нэг заалт орсон. Тодруулбал, Мал хамгаалах санг Мал аж ахуйн хөгжлийг дэмжих сан болгож нэрийг нь өөрчлөхөөр тусгасан. Манай сангийн явуулдаг үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулдаг. Гэтэл Тусгай сангийн хуульд заасан зарим асуудлыг төдийлөн оновчтой хэрэгжүүлж чадахгүй тохиолдол бий. Тийм учраас ирэх онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хийж хэрэгжүүлэх олон зүйлийг төлөвлөсөн.

 

С.Юмсүрэн

 
- See more at: http://www.unen.mn/content/69279.shtml?alias=unen#sthash.TQrO0VT7.dpufскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?