📅

Түмэнд нэргүй, төрдөө ч нүүргүй ТӨРИЙН АЛБАНЫХАН

🕔 2016/10/12 09:06

 

– Сайд, дэд сайд, төрийн нарийн, агентлаг, газар, хэлтсийн дарга нарын ихэнхийг намын шууд удирдлагаар томилсон энэ тохиолдолд Засгийн газар "мэргэжлийн түвшин”-д ажиллаж чадах эсэхийг тодорхойлох эцсийн найдвар нь өнөөх "муу нэртэй, луу данстай” төрийн албан хаагчид дээр бууж байх шиг-

Томилгоотойгоо тоглосоор, тоосноосоо бусгасаар 100 хонож буй Ж.Эрдэнэбатын Засгийн газрын "мэргэжлийн” гэх тодотгол нь хоч болон хоногшлоо. Сайд, дэд сайд, төрийн нарийн, агентлаг, газар, хэлтсийн дарга нарын ихэнхийг намын шууд удирдлагаар томилсон энэ тохиолдолд Засгийн газар "мэргэжлийн түвшин”-д ажиллаж чадах эсэхийг тодорхойлох эцсийн найдвар нь өнөөх "муу нэртэй, луу данстай” төрийн албан хаагчид дээр бууж байх шиг.
Нууранд буусан нүүдлийн шувуу шиг дөрөв, дөрвөн жилийн томилгоотой дарга нар ирж л байдаг, буцаж л байдаг. Чухамдаа тэдний ард тухайн салбарын ажлаа арван хуруу шигээ мэддэг төрийн албан хаагчид "юмны эзэн, сумны занги” шиг суугаад үлддэг нь үнэн юм. Аль ч Засгийн газрын үед сайд, даргынхаа ажлыг нугалж, асуудлыг зангиддаг төрийн албаныхан бол жинхэнэ "мэргэжлийн” хүмүүс.
Даанч ажлаа мэдэх, мэдэхгүй дарга нарын нүүр харж, засаг солигдох бүрт халагдчих вий гэж хавталзаж байдаг тэдний нөөц бололцоог Монголын төр хэзээ ч бүрэн дүүрэн ашиглаж байгаагүй гэж хэлэхэд болох байх. Нэг үгээр бол төрийн албаны чадварлаг мэргэжилтнүүдийг "эдийн засгийн эргэлтэд” оруулах бодлогыг аль ч Засгийн газар орхигдуулж ирсэн гэмтэй.

static_021

Төрийн албан хаагчид дунд маш нарийн мэргэшлийн чадварлаг мэргэжилтэн, судлаач, шинжээчид цөөнгүй ч тэдний олон жилийн туршлага, чадварыг нь харгалзсан урамшууллын тогтолцоо тааруу, удирдах албан тушаалд дэвших, бодлого тодорхойлох түвшинд гарч ажиллах бололцоог нь улс төрийн намын томилгоогоор хязгаарладаг. Яг өнөөдрийнх шиг тэдний дээр хэн нэг даргын ах дүү, амраг садан, хандивлагчийг даргаар томилдгоос болоод чадварлаг мэргэжилтний нөөц бололцоо хэнд ч ашиглагдахгүй үлддэг гэсэн үг.
Мөн төр, засаг солигдох бүрт хөгжлийн концепци өөрчлөгддөг тул сууж судалж нухаж байсан ажил нь нэг л өдөр үр ашиггүй цаас болон хувирдаг. Эдгээр хүчин зүйл төрийн албан дахь жинхэнэ үнэ цэнэтэй мэргэжилтнүүдийг зэврээдэг. Харин одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраа "мэргэжлийн” байлгая гэвэл төрийн албан дахь чадварлаг мэргэжилтнүүдийг "эдийн засгийн эргэлтэд оруулах” хэрэгтэй мэт.

Төрийн албаны нэр хүнд хаана явна вэ?

Үнэндээ өнөөдөр төрийн албаны нэр хүнд шалан дээр хэвтэж байна. Засаг төр шинээр гарч ирэх бүртээ юун түрүүнд төрийн албаар тоглож эхэлдэг. Үүнийгээ үзэл суртлын том малгайн дор гүйцэлдүүлдэг. Төр данхайсан байна, төсөв үргүй байна, төрийн алба хүнд сурталтай байна, төрийн албаныхан авлига авч байна, төрийн албаныхан чадваргүй байна… гэх зэргээр шүүмжилдэг. Тэнд мэдээж сайн, муу аль аль нь байх ч чадвар, нөөц бололцоог нь шавхах, үр дүнтэй менежмент хийх үүргээ өнөө намын томилгоогоор ирсэн дарга нар өөрсдөө хэр сайн биелүүлдэг вэ?
Төрийн албан хаагчид хийх ажилгүй өдөржин компьютерийн ард candy crash тоглодог, эсвэл хэн нэг даргаа муулсан сэтгэгдэл бичиж” лалар” царайлдаг гэсэн нэр хочийг нарийндаа бол том дарга нар тэдэнд өгсөн юм шүү. Тэр бүхний үр дагаварт тангараг өргөсөн төрийн албаныхан түмэнд нэргүй, төрдөө ч нүүргүй болжээ.

Ажлын байрны амлалт ба төрийн албаны цомхотгол

Сонгууль бүрээр улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт "ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах” зорилго тэргүүн эгнээнд бичигддэг. Гэвч засгийн эрхэнд гарсан улс төрийн нам юун түрүүнд төрийн албаны цомхотгол, халаа сэлгээг хийх ажлынхаа нэгдүгээрт барьж авдаг нь бас л үнэн юм.
Төрийн алба хаагчдын холбоо хэмээх төрийн бус байгууллага УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2015 онд зохион байгуулсан сонсголын үеэр мэдээлэхдээ "Манай улс 2011 онд 148.781 төрийн албан хаагчтай байсан бол 2014 онд 183601 болж, сүүлийн 3 жилд 30 орчим мянган албан хаагчаар төрийн алба нэмэгдсэн гэдгийг дуулгаад төрийн албаны энэ тогтворгүй байдал үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан "Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх” тухай дотоод аюулгүй байдлын үндэс сулрахад хүргэж болзошгүй хэмжээнд хүрээд байна гэж байв.
Мөн 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байсан бол 2012 онд энэ тоо 15 мянга, 2013 онд 18 мянга, 2014 онд 21 мянга болж эрс нэмэгдсэн байх аж. Сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 45 мянган төрийн албан хаагчийг "бужигнуулсан” нь Монголын төр тогтворгүй болсны шууд илэрхийлэл хэмээн Төрийн алба хаагчдын холбооныхон дүгнэсэн нь бий. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн мэргэшсэн албыг бужигнуулахад гол нөлөөлсөн зүйл нь Н.Алтанхуягийн Засгийн газрын 2012 оны 26 тоот тушаал буюу төрийн албанд шалгалт өгөөгүй дурын иргэнийг "түр орлон гүйцэтгэгч”-ээр тавих боломжийг нээж өгсөн явдал гэж дээрх холбооныхон мэдэгдэж байв.
Үндсэн хууль зөрчсөн тэрхүү журмаар далимдуулан хууль бусаар томилогдсон 560 орчим удирдах албан тушаалтан алба хашиж байлаа. Мэргэшсэн төрийн албан хаагчдын өсч дэвших, тушаал ахих бололцоо тиймэрхүү байдлаар намын томилгоон дор хаагддаг гэдгийг өнөөдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газар бас л нотолж буй.
Засаг, засгийн нүүрэн дээр бодлогын үзэл баримтлал нь өөрчлөгдөж, өмнөх даргын үед эхлүүлсэн ажил нь үр дүнгүй цаас болон хувирч, тэр дунд хэрэгтэй зүйлс хамт мартагдаж байгааг төрийн албаныхан хэлдэг.
Мэргэжилтнүүдээ сонсдоггүй, улс төр ярьж цээжний бангаар ажил явуулдаг улс төрийн томилгоотой дарга нарын нүүр үзсээр байгаад төрийн албаныхан сүүлдээ хийж буй ажилдаа итгэлгүй, эрмэлзэлгүй болсноо ч ярьцгаах. Тэгэхдээ энэ үгийг ил хэлэх эрх тэдэнд байхгүй. Тэд бол тушаал авсан цэрэг шиг тухай тухайн даргадаа нийцүүлээд орон тоогоо хадгалж үлдэх нь чухал болжээ.
Төр, засгийн ажлын байр нэмэгдүүлэх амлалт төрийн албаны цомхотголоор эхэлдэг Монголд тэрхүү амлалтыг тэгээд хэн хэрэгжүүлэх ёстой болж байна. Хямралын давлагаанд хэд гурваараа хаалгаа барьж, татварын дарамт, банкны зээлээсээ илүү гарч чадахаа больсон хувийн хэвшлийнхэнд ажлын байр нэмэх ачаагаа үүрүүлнэ гэвэл хэтэрхий хүнд ачаа болж хувирах бус уу.

Төрийн алба гэдэг зөвхөн томилгооны дарга нар биш

Гүйцэтгэх засаглалыг мэргэжлийн болгох гэдэг зөв гарц боловч яамдын дарга нарыг мэргэжлийн хүнээр томилох төдийгөөр хэрэгжих зүйл бас биш юм. Тийм ч учраас Засгийн газар мэргэжлийн бус боллоо гэдэг олон нийтийн шүүмжлэл ч бас өрөөсгөл. Сайдаасаа илүү салбараа мэддэг мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсч, тэдний мэдлэг, туршлага, тархи оюуныг дайчилж чадвал нөөц бий. Үүнийг л "эдийн засгийн эргэлтэд оруулах” гэж хэлээд буй хэрэг.
Оюуны болоод хүн хүчний том нөөц, баялаг болсон төрийн албаныхныг төсвөөр тэжээлгэсэн авлигачид гэж хардаг олон нийтийн хандлагыг эхлээд өөрчлөхөөс тэр бүхэн эхлэх учиртай байх.
Үүний тулд шинээр томилогдон очсон дарга өмнөх даргынхаа ажлыг баллуурдах, эс бөгөөс давж сэтгэх гэхдээ "тэр даргын ажлыг үргэлжлүүлж болохгүй”, эсвэл "энэ мэргэжилтэн тэр даргын хүн” гэж хардаг аминчхан хэмжүүр, алагчилсан байдлаа өөрчлөх ёстой.
Хувийн хэвшилд л зөвхөн шилдгүүд ажилладаг юм биш. Нэр муутай, цалин багатай ч төрд шигшигдсэн мэргэжилтнүүд бас байдгийг таниулан сурталчлах, хамгийн гол нь тэднийгээ "эдийн засгийн эргэлтэд оруулах”, санаа бодлыг нь сонсох ёстой байх. Тэгж чадвал мэргэжлийн бус сайдуудтай Ж.Эрдэнэбатын танхим "мэргэжлийн” Засгийн газар байж бас чиг чадна.

Эх сурвалж:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?