📅

ХУМСЫН ЧИНЭЭХЭН АЛТНЫ ҮНЭГҮЙГЭЭР ХОРВООГ ОРХИСОН УДИРДАГЧ МИНЬ ӨРШӨӨ

🕔 2016/09/23 17:30

ХУМСЫН ЧИНЭЭХЭН АЛТНЫ ҮНЭГҮЙГЭЭР ХОРВООГ ОРХИСОН УДИРДАГЧ МИНЬ ӨРШӨӨ

 

Одоогоос 25 жилийн өмнө буюу 1991 оны 4 сарын 20-ны өдөр  цагтаа Монголчууд бидний гүнээ хайрлан хүндэтгэж явсан их удирдагч Ю.Цэдэнбал долоон жил гэрийн хорионд байсны эцэст Москва хотын нэгэн эмнэлэгт амьсгал хураажээ. Энэ мөчид түүний дэргэд эмнэлгийнх нь сувилагчаас өөр хүн байсангүй, дараа нь гэр бүл ойр дотныхноос нь өөр хэн ч түүн дээр очсонгүй. Тав хоногийн дараа шарилыг нь тээсэн онгоц Улаанбаатарт газардахад түүнийг амьдад нь хаа нэгэн газар очих болгонд нь угтдаг байсан цэцэг барьсан улаан бүчтэй жаалууд  биш юм аа гэхэд цэргийн хүндэт харуул ч жагссангүй.


Жар гаруй жилийн тэртээ 1952 оны хаврын хавсаргатай өдөр маршал Х.Чойбалсангийн шарилыг тээсэн галт тэрэг Москвагаас тав хоног довтолгон орж ирэхэд нь Монголчууд бид орон даяараа ямар их гашуудаж, яаж нулимсаа асгаруулан  угтаж байсныг санах хүн өдийд өчнөөн.

 Бал даргыг нас нөхцсөн тухай гашуудлын мэдээг сонссон жирийн иргэд, буурал удирдагчаа  сүүлчийн удаа харахыг тэсэж ядан  хүлээж  байсан авч, Засгийн газрын комисс бүтэн долоо хоног мэдээ сураггүй таг чиг байсаар өргөн олныг түүнтэй салах ёс хийх боломж олгоогүйд гомдоллох хүн олон байсаан. Талийгаачтай салах ёслолыг 4 сарын 29-ний өглөөний 6-8 цагийн хооронд офицеруудын ордонд хам хум хийж дуусмагцаа  Алтан өлгийд аваачиж оршуулсан юм. 90-ээд оны энэ үед Улаанбаатарт хувийн унаатай хүн хэд байсан билээ, нийтийн тээвэр хэдэн цагаас эхэлж явдаг билээ? Энэ өдрүүдэд засгийн газрын байгууллага, радио телевиз, сонин хэвлэлийн газрууд руу хүмүүс байн байн  утасдаж, захидал цахилгаан илгээж, даргыг хэзээ, хаана нутаглуулах гэж байгааг лавлаж шаардаж байлаа. Оршуулгын өмнөх  хоёр хоног Бямба, Ням гариг таарч байсан болохоор ядаж энэ өдрүүдэд их удирдагчтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгох хугацаа тэр үеийн төр засгийн удирдагчдад байсан. 

  Тэр үед түүнийг хаана оршуулах талаар төрийн  удирдлагууд хуралдаж, удтал маргалдаж зарим нь өвгөнийг Москвад нь орхичих гэсэн бол нөгөө хэсэг нь төрийн хэмжээнд авч үзэлгүйгээр төрөлх Увсад нь чимээгүй нутаглуулчихъя гэж байжээ. Тэдний увайгүй гэхэд дэндүү увайгүй зүйлийг сонсож суусан тухайн үеийн БХЯ-ны сайд, генерал Ш.Жадамбаа "Өнөөдөр төр ингэж улсын тэргүүнээсээ нүүр буруулж байгаа бол арми маршалаа цэргийн хүний ёсоор Монголд нь оршуулна” гэж хэлчихээд, ёслоод гарсан гэдэг яриа бий. 

 Ингээд эцэст нь "Нөхөр Ю.Цэдэнбалыг огцорсон генералын хэмжээнд” оршуулах тухай АИХ-ын тэргүүлэгчдийн даргын зарлиг гарсан болохоор олон хоногоор бүх нийтийг бужигнуулах шаардлагагүй гэж тухайн үеийн төр засгийнхан үзсэн бололтой. Гэвч  радио телевизээр биш амнаас ам дамжсан эрэл сурагаар офицерүүдийн ордны өмнө тэр өглөө мянга мянган хүн зай завсаргүй цугласан байлаа. Багширсан түмний хилэнцэт шаардлагаар талийгаачид хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг төр засгийнхан ахин ганцхан цагаар сунгаж байсан юм.

"..ёслолын ажиллагаа ид дундаа ороод явж  байтал аавынхаас гадна маршал Чойбалсан мөн Сталины үед Зөвлөлтөд хороогдсон хоёр удирдагч зэрэг дөрвөн хүний зураг барьсан хэсэг хүмүүс гэнэт ороод ирсэн. Энэ хүмүүс нь тухайн үед дөнгөж байгуулагдаад байсан социал-демократ намын удирдагчид байсан” гэж хүү Ц.Зориг нь дурссан байдаг. Оршуулгын ёслолыг нь хүртэл ингэж улс төрийн цуглаан болгож байсан нь одоо бодоход даанч ичгүүртэй.

"Удаан хэвтэснээс нуруу нь энд тэндгүй цоорч, хөлийн таваг нь нилэнхүйдээ идээлчихсэн байхад ганц ч удаа ёо гэж дуу алдаж байгаагүй. Аавынхаа тэсвэр хатуужлыг хараад биширч, өрөвдсөндөө  уйлдаг байлаа. Бүх биеэ галд түлж буй мэт асар их өвдөлтийг өндөр настай хүн битгий хэл, залуу хүн ч тэсэхгүй дээ. Аав минь үнэхээр гүргэр хүн байсан юм. Бид өвдөлтийг нь нимгэлэх гэж морфин тарьж байхад ч аав минь би заавал нутаг буцах ёстой, миний паспорт хаа байна  гэсээр л байсан даа” гэж Ц.Зоригийн "Сүүлчийн долоон жил” номонд бичсэн нь буй. Улс эх орныхоо төлөө тасралтгүй дөч гаран жил нойр хоолоо хасан зүтгэснийх нь эцэст нутаг нэгтнүүд нь ингэж амьдын тамд унагана гэж тэрээр яахин төсөөлөх билээ.

Үүнээс жилийн өмнө 1990 оны хавар түүний удирдлагад ажиллаж байсан нэгэн үеийн журмын нөхөд нь цуглан хуралдаж, намаас нь хөөж, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга асан П.Очирбат 97-р зарлигаараа  БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатрын алтан соёмбот тэмдгийг маршалын цолных нь хамт хураан авах шийдвэр гаргаж байлаа. 

 "...Элчин сайд тэр удаа ирэхдээ аавыг МАХН-аас хөөж, бүх цол тэмдгийг нь хураан түүний эсрэг  эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан  улсын Прокурорын мөрдөн байцаагч  хоёр ч удаа Москвад ирж, ааваас байцаалт авах гэж оролдсон боловч, тэрээр насны доройтолд нэгэнт орчихсон байсан ” гэж дээрх номонд дурьдсан нь буй.

Москвад цөллөгөнд байсан жилүүдэд тэрбээр төрөлх эх орноо хичнээн их санан гэгэлзэж, үүнээсээ болж сэтгэл санаагаар яаж унаж байсныг төсөөлөхөд бэрх. Дээр нь зовж зүдэрсэн хөгшин өвгөнийг насных нь эцэст яаж дарамтлан тохуурхаж байснаа бодохоос өнөөгийн төрд одоо хүртэл шигдээстэй байгаа эрүүл ухаантай заримынх нь дотор эвгүйцдэг болов уу?  Эсвэл аль хэдий нь мартсан ч байж болох.

 Нутаг буцах хүсэлтээ Москва дахь ЭСЯ-аар дамжуулан тухайн үеийн  эрх баригчдад дахин дахин  тавьсны эцэст 1988 оны намар түүнд эх орондоо түр ирэх зөвшөөрөл олджээ. Яалаа нөгөө 1984 оны намар түүнийг тархинд нь цус харвачихсан мэт онгоцоор явах нь бүү хэл эмнэлгээс нь ч гаргаж болохгүй, хөдөлгөх л юм бол үхнэ гэж батлаад байсан Кремлийн эмч нарын дүгнэлт!!! Тэр үед манай удирдагчид Москвагийн эрх баригчдын шахалтаар төрийн эргэлт хийхдээ Бал даргыг үхлүүт байгаа юм шиг бичиж ярьж, манийхаа тархийг яаж угааж байлаа?  

Эмнэлгийн дүгнэлтэнд түүний нас баралтын шалтгааныг "цөсний сувганцрын хорт хавдар, идээт хордлого, элэгний үйл ажиллагааны архаг дутмагшил” гэж оношилсноос үзэхэд Кремлийн эмч Чазовын 1984 онд ярьж тайлбарлаад байсан шиг тархины уйланхай түүнээс огт илрээгүй юм билээ.   

"Монголын албаны хүмүүсийн Москвад ярьсан үгэнд итгээд бид аавыг оршуулахаар Улаанбаатарт ирэхдээ хангалттай зардал мөнгөтэй ирээгүй юм. Шаардлага гарвал энд банкинд хадгалуулсан аав, ээж мөн ахын мөнгөнөөс хэрэглэнэ гэж бодож байв. Гэтэл биднийг ирсний дараа засгийнхан зангаа гэнэт хувиргаж, зочид буудал, унаа, хоол зэрэг оршуулгатай холбоотой зардлыг өөрсдөө төлөхийг шаардахад нь бид гайхшралд орлоо. Нөгөө банкинд байгаа мөнгөнөөсөө авах гэтэл Монголын прокурорын газар зөвшөөрөхгүй гэлээ. Мөнгийг прокурорын газраас тусгай зөвшөөрөл өгсний эцэст авахаар болсон боловч, хэцүү хүнд энэ өдрүүдэд нөгөө зөвшөөрлийг  нь авах гэж хичнээн юм болсон гэж бодно? Зовж байж банкнаас авсан 20 мянган төгрөг нь долоо хоносон зочид буудлын хөлс, хоол, унаанд чүү чаатай хүрэв. Буцаж нисэх онгоцны билет авах мөнгө сох дутахад ашгүй БХЯамныхан Москвад очсоныхоо дараа ЭСЯ-аар дамжуулан эргүүлж өгөх болзолтойгоор бидэнд мөнгө зээлдүүлсэн шүү” гэж хүү Ц.Зориг нь дурссаныг уншихад өнөөдөр тэр үеийн төр засгийнхны өмнөөс нүүр бүү хэл хошного улаймаар санагддаг.  

  Гэтэл Монголын Засгийн газар үүнээс ч илүү сюрприз тэдэнд бэлдсэн байж. Энэ тухай дээрх номонд дурсахдаа: "Оршуулгын ажиллагаа дуусаад биднийг зочид буудал руугаа дөнгөж ортол  1990 оны хавар аавын эсрэг хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байсан прокурорын мөрдөн байцаагчид ирлээ. Ээжээс  байцаалт авах гэхэд нь "Нөхрийгөө оршуулсан өдөр би байцаагдахгүй” гэж ээж маань уурсав. 71 настай түүний бие нь их муу байсан юм. Гэтэл гэнэтийн энэ явдал түүнийг бүр шоконд  оруулав. Ээжийг маань эрс татгалзсаны дараа мөрдөн байцаагчид буцлаа. Үүний дараа бид эцгийн шарил дээр очиж салах ёс гүйцэтгэхээр хувцсаа өмсөөд зочид буудлаас гарах гэж байтал нөгөө мөрдөн байцаагч эмэгтэй дахиад ирэх нь тэр. "Ямар ч байсан байцаалт явуулна” гэж шийдмэг хэлсэн нь тэрбээр буцаж очоод дээд удирдлагаасаа хатуу үүрэг авсан нь тодорхой боллоо.  

Энэ удаа тэд Геологийн Яамны сайд асан Хурцыг гэрчээр дагуулж иржээ. 1980 онд тус яамны коллеги Монголын ашигт малтмалын дээжийг төрийн тэргүүнд барих шийдвэр гаргаж, аавд эрдэс чулуулгийн цуглуулга бэлэглэсэн ба тэдгээр янз бүрийн жижиг өнгөт чулууны дээж дотор жижигхэн алт байж.

 "Чигчий хурууны хумсны толионы хэртэй, 25 грамм орчим алт байсан /одоогийн ханшаар 500-хан мянган төгрөг/” гэж Хурц энэ байцаалтын үеэр дүрслэн харуулав. Мөрдөн байцаагч Прокурорын газрын агуулахад хураагдан хадгалагдаж байгаа бидний хувийн эд хогшлыг зарж, өнөөх жижиг алтны үнийг төлүүлнэ гэсэн бичигт ээжээр гарын үсэг зуруулж авсан юм. Ингэснээр завсарлагагүй бүтэн зургаан цаг үргэлжилсэн байцаалт  шөнө дунд дуусаж, мөрдөн байцаагчид явлаа...

 ...1984 оноос хойш манай гэрт нэг биш удаа нууцаар нэгжлэг хийснийг бид мэднэ. 1988 оны намар аав ээж хоёр Улаанбаатарт ирэхдээ манай гэрээс олон ховор бэлэг дурсгалын зүйлс, ном, мөн эрдэс чулуулгийн дотроос тэр жижиг алт алга болсныг аав мэдсэн юм. Эцэгт маань Зөвлөлтийн цэргийн нэрт жанжнууд болон гадаадын төрийн тэргүүнүүдээс бэлэглэсэн төрөл бүрийн бууны ховор нандин цуглуулгыг ч төр засгийнхан хураан авсан байсан. Хамгийн харамсалтай нь алга болсон эд зүйлсийн дотор манай гэр бүлийн  амьдрал, эцгийн ажиллаж байсан бүх цаг үе, дэлхийн янз бүрийн орны төр, улсын удирдагчтай уулзаж байсан түүхэн үйл явдал, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэд, зохиолчид, цэргийнхэн, малчин ажилчин гээд олон мянган хүнтэй уулзаж учирч байсныг харуулсан гэрэл зургууд альбомоос алга болсон байлаа. Эдгээр гэрэл зургууд юугаар ч орлуулашгүй ховор нандин зүйл байсан...” гэж дээрх номонд бичжээ.

Шүүхийн шийдвэргүйгээр хүний эд хогшлыг хураадаг, үрэн таран хийдэг явдал феодалын хөрөнгийг хурааж байсан тэртээ 30-аад оны үед л гарч байсан байх. Бал даргынхны амьдарч байсан  төв шуудангийн өмнөх байшинг нь хүртэл түүнийг амьд дээр нь хурааж аваад гадаадын нэгэн компанид зарчихсан гэдэг юм билээ.

Монгол улсын сүүлчийн маршалыг "огцорсон генералын” формтой булчихаад, хумсын чинээхэн алтны үнийг бэлэвсэн хөгшнөөс нь нэхэж суусан эрх баригчдаас "Цэдэнбал даргыг маань  минь цагаатгаад өгөөч” гэж өнөөдөр бид царайчлан гуйж суух юм уу. Багачуудын хэлдгээр ёстой яршиг л байна. Амьдад нь бэлэглэчихсэн ганц унци хүрэхгүй алтыг талийгаачаас ичихгүй  нэхэмжилж байсан ардчиллаар овоглогчид   өнөөдөр тавин тонн алттай гэх  өвөг дээдсийг маань онголсон уулыг харийнханд өгөхөөр үхэн хатан зүтгэцгээж байгааг харахаас зэвүү хүрмээр.

  "Бүү март, мартвал сөнөнө” гэсэн уриатайгаар өмнөх үеийн маань бүтээсэн болгоныг  нурааж, сөнөөж, өнөөгийн энэ бурангуй нийгмийг эхлүүлснээс хойш даруй 25 жил өнгөрчээ. Бал даргын маань хойч үедээ үлдээсэн өв хөрөнгө болох хэдэн зуун үйлдвэр аж ахуйн газруудыг цөлмөн устгаж, дээр нь хатуухан хэлбэл Монгол төрийн дэг жаяг, удирдлагын тогтолцоог эд нар дахин сэргэшгүй болтол нь замбараагүйтүүллээ. Хонгилын үзүүрт гэрэл ёлтойдоггүй ээ. Харин ч авилгад нэвчүүлсэн улс орон маань өдрөөс өдөрт улам уруудан доройтсоор авилгатай тэмцэх газрын дарга нь хүртэл аргаа бараад хоёр гараа өргөн бууж өгч байна. Бал даргын багийнхны нөр их зүтгэлээр тавин жилийн өмнө устгасан улаанбурхан гэгч өвчинд дарлуулчихаад өнөөгийн төр засгийнхан яахаа мэдэхгүй бужигнацгааж байгааг нь хар. Ингээд бодохоор буурал даргынхаа ач гавьяаг бид хэзээ ч мартах ёсгүй юм.

Тэртээ хорин жилийн өмнө 1997 онд ерөнхийлөгч Багабанди нэгэнтээ цагаатгаад одон медалийг нь "буцаагаад  өгчихсөн” түүнийг өнөөдөр ахин дахин өршөөнө цагаатгана гэж юу байхав. Харин Буурал даргын маань сүнс нь хоргодсон ч байж болох орон байрыг нь өнөө маргаашгүй суллаж, тоносон ном, эд хогшлыг нь цуглуулан 100 насных нь ойн өмнө эргүүлээд байранд нь тавьчихвал Бурханы оронд аль хэдий нь заларсан их удирдагчийнхаа өмнө үүнээс илүү нигүүлсэл цагаатгал гэж үгүй мэт.

  Ингэж чадах аваас  түүнийг хэлмэгдүүлэн харьд цөлж, үйл тамыг нь үзэх ажлыг гардан зохион байгуулсан тэр үеийн төр засгийнхан биш гэхэд нэр төрийг нь элдвээр гутаан доромжилж байсан  ардчиллынхан, тэр тусмаа түүний дөч гаран жил удирдсан намыг нь хоёр хувааж авчихаад өнөөдөр албан тушаал ахих шат болгон ашиглаж буй хэсэг нөхдийн нүгэл нь бага ч атугай цайрах болов уу. Гэхдээ бүр нухацтай авч үзвээс Монгол төрийг хагас зууны турш удирдахдаа түүний удирдан зохион байгуулсан олон талт үйл ажиллагааны ачаар эрүүл энх өссөн, эрдэм мэдлэгтэй болсон, эх орныхоо их бүтээн байгуулалтанд гар бие оролцсон, үр шимийг нь хүртсэн хэн бүхэнд энэ асуудал хамаатай.

 Түүний ачаар л Монгол улс түүхэндээ анх удаа хил хязгаараа гортиглон татаж, хоёр их хөршөөрөө  зөвшөөрүүлэн баталгаажуулж, тусгаар тогтнолоо НҮБ-ийн индрээс дэлхий дахинд зарлан тунхагласны ачаар эдүгээ бид эх орондоо айх аюулгүй амар амгалан амьдарцгааж байгаа бус уу. Бал даргын үеийнхний орон даяар барьж байгуулж өгсөн эмнэлгүүдэд нь бидний үр ач нар эсэн мэнд төрж, сургууль цэцэрлэгээр нь дамжин сурч боловсорч, Брежневээр бэлэглүүлж чадсан хуримын ордонд нь гал голомтоо асааж, хорооллуудад нь амьдарч, эзэнгүй тал дээр Эрдэнэт Дархан хотыг босгож, гэрэл цахилгаан, радио зурагттай болж, хоёр хөрштэй холбосон төмөр замаар нь нүүрс, зэс, жоншоо хойш нь урагш нь зөөж, Эрдэнэтийн ганц уурхайгаа тал талаас нь мэрж сорон амь зууж байгаагаа арай л үгүйсгэхгүй байлгүй. Энэ их бүтээн байгуулалтыг гардан зохион байгуулж,, Бал даргатай нэгэн баг болон ажиллаж байсан ахмадуудад "Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид” гэдэг нэр хочин зүүн эд хөрөнгийг нь битүүмжилж, хоёр жил хиртэй байцааж шогтсоны эцэст шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон  юм.

Өнөөдөр эзэн Чингисээрээ овоглосон Монгол дайчид НҮБ-ийн далбаан дор дэлхийн халуун цэгүүдэд алба хааж, Монгол офицер орон орны энхийг сахиулагчдыг командалж байна. Энэ том үйлсийн эх суурийг маршал Цэдэнбал тавиагүй гэх үү? Түүний үед Монголын зэвсэгт хүчин боловсон хүчнийхээ хувьд яаж бэхжсэнийг эрчүүд та бид мартаж болно гэж үү?

  Буурал дарга маань харийн оронд амьдралынхаа сүүлийн долоон жилийг өнгөрөөхдөө дурсамж дурдатгалаа бичихийг оролдсон авч, Кремлийн эмч нарын хийсэн "эрчимт эмчилгээний” үр дүнд ой санамжаа аль хэдий нь алдсан байжээ. "БИ ХИЙЖ ЧАДАХ ЮМАА ГҮЙЦЭЭЖ  ЧАДААГҮЙ НЬ ТООГҮЙ...” гэж босоо монгол бичгээрээ бичсэн хэдхэн үгтэй зурвас л  бидэнд үлдсэн байна.

Эцэст нь хэлэхэд нас барахынхаа өмнөхөн тэрээр дөч гаруй  жил амьдарсан байраа гэр музей болгочихоод мөнхөд дэргэд нь нойрсохыг хүсэж байгаагаа үр хүүхдүүддээ байн байн ярьдаг байжээ. Энэ байшин нь төрийн өмч огтхон ч биш бөгөөд түүний "хуурай эцэг” гэгддэг байсан маршал Чойбалсан гуай дайны дараа орос цэргүүдээр бариулан түүнд бэлэглэснийг нь өнөөдөр гэрчлэх хүн олон буй заа.   

Төр өнөөдөр тэр муу жижиг байшингаар дутахгүй ээ. Тэгж яривал төрийн ордонд бүгсэн  дээдсүүдийн нилээдгүй хэсэг нь энэ хүний хамгаалан авч үлдсэн орныг нь ил далд зарж, худалдаж, тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй болцгоосон шүү дээ.  

Даргын маань үе тэнгийн удирдагчид болох өмнөт их хөршийн Мао Це Дун, арлын жижиг Тайваны Чан Кай Ши нарт зориулсан том том бунхант шилтгээн шиг биш ч гэлээ түүний өөрийнх нь орон байрыг ядаж  дурсах  юмтай нь хойч үедээ үлдээе л дээ. Болохгүй гэж үү?
 
                                                             Ш.Пүрэвсүрэн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?