📅

Ченжид дургүй Монгол

🕔 2016/09/22 09:48

Ченжид дургүй Монгол

 

Дүрсгүй, сахилгагүй нь дэндээд байвал "Ий, хадны мангаа...” гэж хүүхдээ айлгаж, чихийг нь зөөллөдөг ээжүүд бий. Хаа нэгтэйгээс хачин дүрстэй аймаар амьтан гарч ирэх гэж байгаа юм шиг нүүр царайгаа хувиргаж байгаа нь нээрээ л сүртэй харагддаг. Гэтэл Монгол Улс зах зээлд шилжсэнээсээ хойш яг үүн шиг "хадны мангаа”-тай болжээ. Тэр нь ченж. Сүүлийн 25 жилд тэд олуулаа болж бүл нэмсээн. Бүр байр, машин, валют, арьс, мах, ногоо, ноолуур гээд өөрсдийн чадал чансаа, бэл бэнчиндээ тохируулан хийдэг бизнестэй болсон. Харин тэдэнд худалдан авагчид дургүй. "Даарин дээр давс” гэгчээр эдийн засаг хямралтай байхад нийгэмд стресс нэмдэг болохоор тэр. Тухайлбал, малчид тэр болгон мал, махаа нийслэлд авчирч борлуулж чадахгүй учраас холоос унаа машинаараа зориод очсон ченжид хотноосоо бариад өгчихнө. Гэтэл "Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэгчээр "Энэ тарган, тэр нь туранхай байна. Бензин тосны үнэ нэмэгдсэн. Худалдан авах чадвар буурсан” гээд л түмэн янзын шалтаг шалтгаан тоочиж байгаад зүгээр шахам аваад явчихдаг тухай малчид ярьж байна. Малчдын уурга урт, ухаан уужим болохоор "Тэр тийм ч биз. Зарим нь бас үгүй ч биз” гээд л өгч орхидог аж. Араас нь тэгээд сураг ажиг тавихад анх авсан үнээсээ 2-3 дахин өсгөж зарсан гэж сонсогддог аж.  Үүнтэй яг адилхан жишээ ногоочдод бий. Одоохондоо намрын налгар өдрүүд шаргалтаж, нийслэлд энд тэндгүй ногооны задгай зах дэлгээстэй. Байрныхаа хажуухнаас шинэ ургацын шим тэжээлтэй ногоо авахад өег сайхан л байна. Энэ жил бүр онцлогтой. Өмнөх жилүүдийг бодвол хямд үнэтэй байгаа нь хэрэглэгчдэд хамгийн их таалагдаж байгаа. Тэгээд л "Өвөл ч гэсэн ингээд зарж болдоггүй юм байх даа” хэмээх яриа гал тогооны өрөөнд өрнөж, "хоолны хачир” болж байна. 

 

Харин ногоочид "Бид өвлийн улиралд ч жимс, ногоогоо нийслэлийн хэрэглэгчдэд хямд төсрөөр зарж борлуулах боломжтой. Гэтэл хаана яаж байрлах билээ. Одоохондоо арай газар хөлдчихөөгүй болохоор ногоогоо манаад гадаа хонож болж байна. Харин өвөл хүн, ногоо ялгаагүй л осгож үхнэ шүү дээ. Тиймээс нийслэлд биднийг нэгдсэн журмаар ногоогоо хадгалах зоорь, өөрсдөө байрлах павильон ч юм уу зах, худалдааны төв дээр лангуутай болгоод өгвөл болох л юм. Бид орон нутагтаа өвөл идэх өрхийн хэрэгцээний болон илүү гарсан ногоогоо өөрсдийн чадал чансаагаараа барьсан зоориндоо хадгалдаг. Зах зээлийнхээ томыг бодвол Улаанбаатарт ирмээр л байна. Ямар зоорио тэврээд ирж болох биш. Түрээсийн зоорьны үнэ дийлдэхгүй юм” хэмээн учир зовлонгоо тайлбарлав.

 

Тэд нийлээд зоорь барих гэхээр бүгдээрээ банкны зээлтэй, ихэнх нь өрхийн жижиг аж ахуй эрхэлдэг гэнэ. Тиймээс өнгөрсөн 20 гаруй жилийн турш малчид Хөдөө аж ахуйн биржтэй, ногоочид зоорьтой болохыг мөрөөдсөөр, үүнийг төр зохицуулж өгнө гэж хүлээсээр сууна. Үе үеийн салбарын сайд, төрийн түшээд нь энэ асуудлыг ярьж шоудахаас биш үнэндээ өнөөдрийг хүртэл дорвитойхон шиг хийсэн ажил үгүй. Улс төр, бизнес нэг зоосны хоёр тал шиг болтлоо нягтарч, нэг хөнжил нөмөрсний горыг өнөөдөр энгийн номхон иргэд л амсч байна.

 

Анх Зүүн европ, тэгээд Латин, Америкийн орнуудад энэхүү ченж гэх ойлголт үүссэн гэж судлаачид үздэг юм билээ. "Гэхдээ тэр нь дамын наймааны үед л дээ” гэж араас нь хийсэн тодотгол аль эртний болоод өнгөрсөн зүйл гэдгийг түвэггүйхэн ойлгуулна. Гэтэл XI зуунд бүхэл бүтэн улсын эдийн засгийн бодлого, мөнгийг тэрхүү дамын наймаачид л барьж байна. 

 

Далайн эрэг дэх бяцхан суурингийн оршин суугчдаас хямд төсөр үнээр авсан загасаа хот хүрээ газарт үнэ хүргэн зарж, ашиг унагаах нь ченжүүдийн ганц баримталдаг зарчим. Монголд ч яг адилхан. Тарган мах, талын шимтэй хөрсөнд тарьсан ногооноос ашиг унагаах нь тэдний хийх хамгийн чухал ажил нь. Харин үүнийг төр зохицуулна гэвэл хэзээ ч үгүй. Яагаад гэвэл, орчин цагийн Монголын улстөрчид УИХ-д сууж чадахгүй бол өөрсдөө ченж болдог юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Г.ГАНЧИМЭГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?