📅

Ерөнхий сайд, Сангийн сайдын хоршил олныг ангайлгаж, дургүйцлийг төрүүлсээр байна

🕔 2016/09/08 10:27

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн "тэнэг” мэдээллийн гал намжиж амжаагүй байтал Засгийн газрын тэргүүн тос нэмж намынхаа нэр хүндийг шаварт хутгаж орхилоо.  

 


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тайлбарлахдаа "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад "Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө "Насны хишиг" гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа" гэж олныг "ангайлгаж”, дургүйцлийг нь төрүүлэв.

 

Угтаа хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн хоёр гишүүний нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг үргэлжлүүлэн олгоход чиглэж байв. Тодруулбал, хамтдаа 10 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хосуудад тус хууль үйлчлэхээр байсан.Насаараа улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд үр шимийг хүртэж чадалгүйбурханы оронд очсон хүмүүсийн тэтгэврийг хань нь үргэлжлүүлэн авах ийм л буянтай хууль. Уг хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэхээр байсан юм. Гэтэл эрх баригчид тус хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж буй нь олон, олон ахмадын сэтгэлийг гонсойлгосон шийдвэр боллоо.

 

Тус хуулийг өнгөрсөн жил улс төрчид ард түмний алга ташилтан дор баталж, хэрэгжүүлэх өдрийг хүлээж суусан нь нууц биш.

 

Гэтэл "Мэргэжлийн" Засгийн газрынхан төсвөө хэмнэнэ хэмээн улайрч хуулийг хүчингүй болгуулахаар УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирсэн нь энэ.

 

Уг хуулийн хүчингүй болгосноор 60 орчим тэрбум төгрөг хэмнэнэ гэдгийг Сангийн сайд айлдсан. Тэрбээр энэ талаар өгүүлэхдээ "Ойролцоогоор 53-60 орчим тэрбум төгрөг хэмнэгдэх байх. Хамтын тэтгэврийн хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд чинь сүсэг бишрэлтэй. Талийгаач болсон хөгшнийхөө нэрийн өмнөөс энэ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал Сангийн яамд их ирээд байгаа учраас хүчингүй болгоё гэсэн саналыг оруулсан” хэмээсэн нь мөн л олны дургүйцлийг хүргэж, иргэдийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулсан билээ.

 

Ер нь "Мэргэжлийн” Засгийн газрыг мэргэжлийн байж чадахгүй байгааг олон нийт төдийгүй намын нөхөд нь ч хэлж, найрсаг зөвлөгөөг өгсөөр байгаа. Тухайлбал саяханы болсон МАН-ын нэгэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Үнэндээ Ерөн­хий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дай­раад байх юм. Ингэх нь буруу. Ги­шүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвт­гөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Тиймээс бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ерөнхий сайд цалин хасах гэх мэт аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол "Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ ш дээ” хэмээсэн. Энэ нь зүгээр нэг хэлсэн үг биш гэдгийг Мэргэжлийн Засгийн газрынхан нэг ухах хэрэгтэй болсныг цахим ертөнц дахь жиргээчдийн байр сууриар дахин сануулъя.

 

Эх сурвалж: .24tsag.mn

Линк: http://www.24tsag.mn/content/139351.shtml

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?