📅

“Мөнгө ургуулж” байж л эдийн засаг сэргэнэ

🕔 2016/09/06 10:35

Мөнгөтэй айл өрх, төр засаг, иргэн хүн өөрийн бүхий л хэрэгцээгээ хангаж чаддаг. Мөнгөтэй айл өрх эрүүл хүнсээр элбэг хангалуун хооллож, тохитой дулаан байранд амьдарч, хүссэн хувцсаа өмсч чадна.

 

 


Бас өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, чанартай боловсрол эзэмшүүлж, сэтгэл хангалуун, өөдрөг амьдарч чадна.

 

Мөнгөтэй төр засаг зээлээ төлөөд, цэцэрлэг сургууль эмнэлгээ бариад, цалин тэтгэврээ нэмж, ажлын байраа нэмэгдүүлж ажилгүй хүмүүсээ ажилтай болгоод, боловсрол соёл спортоо дэмжин хөгжүүлж, айх аюулгүй эрүүл тохитой амьдрах орчноо бүрдүүлж, улс шиг улс байх болно. Үүний тулд ганцхан арга бий. Тэр бол баялгаа өөрсдөө бүтээх, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож өөрсдийн болон өрөөлийн хэрэгцээг хангах.

 

Үүнийг "мөнгө ургуулах” гэдэг юм. Нарны элч, ус, агаар, хөрс бол байгалиас заяасан их баялаг. Энэ дөрөв байхад хүний хэрэгцээт бүхий л зүйлийг бий болгож чадна хэмээн эрдэмтэд үзэж байна. Тэгвэл манай улс аль алинаар нь хангалттай баян орон төдийгүй бүх төрлийн эрдэс, ашигт малтмалтай , хөрс ургамал нь органик хэвээрээ байна.

 

Төр засаг бүсээ чангалах, эдийн засгийг замбараатай нэг гольдролд оруулах, татвар мөнгө зээлийн бодлогоор эдийн засгаа удирдах бодлого явуулж байгаа нь зөв зүйтэй эхлэл мөн боловч эдгээр бүх үйл ажиллагааны үр дүнд эдийн засаг сайжраад их өрийг хүүтэй нь дараад ард нь нийгмийн тулгамдсан асуудлыг шийдээд явна гэж бодож байгаа бол эргэлзэж байна. Шийдвэртэй томоохон "мөнгө ургуулах” ажил хийхгүйгээр өнөөгийн хүнд байдлаас гарч чадахгүй.

 

"Мөнгө ургуулах” буюу үйлдвэржүүлэх их аяныг орон даяар зохион байгуулахад саад болж байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Үүнд юуны өмнө иргэдийн идэвхгүй, алс холоо бодохгүй өнөө маргаашаа өнгөрөөсөн байдал. Энэ байдлыг хэрхэн гэтлэн туулах вэ.

 

Бидэнд байгаа байгаль дэлхийгээс хайрласан нөөц баялаг, ХАА-н гаралтай түүхий эд, эрдэс бодисоо эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулахын ач холбогдол, үр ашиг, хэрхэн яаж хийх талаар чөлөө зайгүй ухуулан сурталчилж таниулах ажлыг бүх телевизийн суваг, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин давтан явуулж итгэл үнэмшил болгох хэрэгтэй байна. 1000 давтвал худлаа зүйл ч үнэн болдог гэж үг бий.

 

Хоёрдугаарт, олон ургальч үзлээс үүдэлтэй олон тийшээ харсан хувь хүн, хэдэн салаа бодолтой нам, бүлэглэлүүд саад болж байна. Өмнөд Солонгос дайны дараа бүх баялгаа бaрaад дууссан, модгүй нүцгэн толгод, мал амьтангүй шахам хөндий хоолойнууд, ядуу тариачдын шавар байшингаас өөр үзэх сонирхох юмгүй байсан цаг саяхан. Гэвч тэд бодит байдлаа ухааран баян ядуу, түшмэл зарц гэлгүй нэгэн зүгт чиглэж чадсан тул өнөөгийн энэ амжилтад хүрсэн хэрэг. Хонгилын үзүүрт сүүмийх ганц гэрлийн зүг нийтээрээ чиглэх нь хамгийн ухаалаг шийдвэр мөн билээ.

 

Олон ургальч үзлээс үүдэлтэй үзэл бодол нь хонгилын үзүүрт өчүүхэн гэрлийг сүүмэлзүүлснээр Монголын нийгмийн оюун санааг сарниулж байна. Иймээс бид хөгжиж чадахгүй байна. Одоо ганцхан түүхий эд баялгаа улам өсгөн арвижуулж эцсийн бүтээгдхүүн болтол нь боловсруулахын төлөө төр засаг, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн байгууллагуудтайгаа нэгэн зүгт чиглэж ажиллацгаая хэмээн уриалах байна.

 

Гуравдугаарт, төрд ажиллаж байгаа хүмүүсийн онч мэргэн хараа дутагдаж байна. Монгол Улс 2015 онд 13 сая орчим мал нядалж 373.1 мянган тн мах бэлтгэснийхээ 250 мянгыг дотооддоо хэрэглээд 123 мянган тн махыг олон улсын стандартын дагуу ангилж савлаад, нөөшлөөд экспортод гаргахад 615 сая. ам.доллар олох бололцоотой байлаа. Дээр нь гахай, тахианы махаар дотоодын хэрэгцээний 20 хувийг хангах боломж байна.

 

Өнгөрсөн онд бэлтгэсэн 36.3 мянган тн ноосоор ноосон даавуу үйлдвэрлэсэн бол 75 сая тууш метр даавуу гарна. Үүгээр зөвхөн сурагчийн дүрэмт хувцас оёход 15 сая ширхэг болно. Сурагчийн дүрэмт хувцас дунджаар 50 мянган төгрөг гээд тооцвол 750 тэрбум төгрөг ургах нь ээ.

 

Монгол Улс 2015 онд 13.2 сая ширхэг арьс шир бэлтгэсэн бөгөөд 25 хувийг дотоодын үйлдвэрүүддээ хэрэглээд 75 хувийг түүхийгээр нь экспортолдог. Түүхийгээр нь гаргадаг арьс ширээ боловсруулаад гаргавал 800-900 тэрбум төгрөг ургуулах боломжтой. Монгол Улсын импортын хамааралтай бүтээгдэхүүний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой.

 

Тодруулбал, химийн бодис урвалж эм тарилга 90 хувь, машин техник, тоног төхөөрөмж, сэлбэг багаж хэрэгсэл, цахилгаан бараа, бүх төрлийн будаа, амтлагч ногоо, жимс жимсгэнэ, чихэр амттан, барилгын засал чимэглэлийн материалыг 100 хувь, бүх төрлийн хувцас, гэр ахуйн тавилга эд хогшлыг 80 хувь гаднаас авч байна гээд тоочвол олныг өгүүлж болно. Энэ байдлыг удаан тэвчих аргагүй бөгөөд үйлдвэржүүлэх их хувьсгалыг хийх цаг нь болжээ.

 

Үйлдвэржүүлэх ажлыг эхний шатанд үйлдвэр технологийн парк+ложис-тикийн шуурхай үйлчилгээг хэвтээ чиглэлд төрөлжсөн кластерийн системийг босоо чиглэлд хөгжүүлэх хэрэгтэй. Сайн төлөвлөөд, зоригтой эхлүүлж чадвал гурван жилийн дотор олон арван үйлдвэр байгуулж, дотоодын хэрэгцээнийхээ 80 хувийг хангаад, импортыг гурав дахин бууруулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг тооцохгүйгээр экспортыг тав дахин нэмэгдүүлэх боломж бидэнд байна.

 

Төр засаг сайн удирдан зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгжүүдээ бүхэлд нь хамруулан дотоодын нөөц, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж "мөнгө ургуулах” их аяны зүг урагшаа зүтгэх цаг болсон байна.

 

Судлаач Б.ЦЭРЭН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?