📅

Эдийн засагт биш энэ засагт “Онош” тавья

🕔 2016/08/30 10:48

Эдийн засагт биш энэ засагт “Онош” тавья

 

Сайн мэдэж байгаа нөхцөл байдалдаа хямралын онош тавьж байна гэж сүржигнэсээр хэдэн сарыг барж буй энэ засагт өөрт нь ямар асуудал байгаад онош тавих хэрэгтэй санагдав. Удаан хугацааны хямарсан засаглал болон дампуурсан бодлогын нөлөө нь улс төрөөсөө илүүтэй эдийн засгаа барьж нөлөөлсөн. Энийг залхтлаа ярьж бичсэн. Энэ байдал дахин давтагдахгүй байгаасай гэж бүгд хүсч байна. Үүн дээр дөрөөлөөд одоо гүрийхгүй бол 1990 оныхтой адил хэмжээнд очжээ гэж айлгах боллоо.

 

Сангийн сайдын оруулж ирсэн төсөлд татвар нэмэх гээд байгаа нь улигт "хямрал” гэсэн зөвтгөлтэй юм. Урьд нь манай эдийн засаг бодитоор хямраагүй байсан тохиолдол ер нь байна уу гэж бодогдлоо. Аль нэг сонгуулийн дараа ялсан нам нь ингээд л хүүдийгээ гөвсөн юм яриад зогсож байдаг. Төдөлгүй  тэрбумаар намдаа мөнгө босгочихсон сонгуульдаад явчихдаг. Энэ тогтсон жишиг л давтагдаж байгаа нь ажиглагдаж эхэллээ. Товч шүүмжлэхэд татвар нэмж, иргэд ААН-үүдийн дарамтыг нэмэгдүүлэх замаар төр урьд жилүүдийн ажил гүйцэтгэлийн өрөө дарахгүй ээ, Чойжоо сайдаа.

 

Эх оронч байлаа гэхэд бүсээ чангалаад тэсээд ирсэн 10 жилийн ард дахиад татвараа нэмүүлэх гэдэг "арай ч” сонсогдож байгаа иргэдийн бухимдлыг 100 хувь хуваалцах байна. Унхиагүй улстөрчид буруугаа иргэдийн нуруун дээр шууд бухаж хаяад гарчихдаг энэ жишгээ одоо ёстой болимоор.

 

2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед одоогийн Сангийн сайд, эрхэм гишүүнБ.Чойжилсүрэн "Хямралын үед татвар нэмэх нь оновчтой шийдэл биш” гэж нэгэн сайтад ярилцлага өгч нэмэгдэх татваруудаас орж ирсэн орлогыг юунд зарцуулахаа тодорхой заагаагүй байна гэж тухайн үеийн эрх баригчдад хэлсэн байдаг. Одоо яг энэ асуултыг л иргэд өөрөөс нь асууж байна.

 

Тодотголоор тодрох гээд байгаа татварын нэмэлтээр цуглуулсан мөнгөөр эргээд нэг ажлын байр гарахгүй, ганц үйлдвэр барихгүй гэдэг нь иргэдэд бүр харамсалтай. Ерөнхий сайд, Сангийн сайдтайгаа хоршиж хийсэн мэдээллээр ингэж ойлгогдсон. Татвардсан танасан гэх мөнгөний дийлэнх нь түрүү жилүүдийн хэд нугалсан үнэтэй төсвийн ажил гүйцэтгэлийн үлдэгдэлд явчихна. Тийм тансаг тендерт хэний садан нөхөд ялсан байдаг билээ. Том зиндаанд очсон тансаг тендерийн эзэн компаниудын үлдсэн мөнгийг одоо манийхаа Приусын татвараар нөхөж өгөмгүй ээ, Ерөнхий сайдаа.

 

Аж үйлдвэрийн яам гэхэд Сангийн яамтайгаа уялдаагүй 100 гаран концессийн гэрээ байгуулаад ажил эхлүүлсэн тухай яригдаж байна. Үүнийг хамт төр барьж байсан МАН мэдэж л байсан. Энэ мэт тооцоогүйгээр илт лоббидож тендерээр шахсан мөнгийг татвар төлөгчдийн халааснаас шавхах гэж байгаа бол арай ч хатуу байна.

 

Шинэ засаг гарснаас хойшхи 3 сард бид хэт өнгөц буюу томилгоо дараа нь төсөв мөнгө, татвар дээр туйлширч  яриад байна. Үүний ард байх бусад хүчин зүйлийн хамаарал сөрөг эргэвэл нийгмийн хөгжлийг бүр ч тушиж мэдэх юм. Ер нь бол ямар ч хэлбэр, хэмжүүр, ангиллаар байлаа татвар дээшээ цойлно гэдэг явсаар авилга гаарахын үндэс.

 

Авилгаа аргамжиж чадаагүй улс татвараа нэмэх бол сүйрэл шүү.

90-ээд оноос "Exel” машиныг голоор нь хувааж тасдаад сэлбэг гэж гаалиар бичүүлээд татвараа аргалдаг тухай яриа байлаа. Татвараас бултах ийм өндөр мэдрэмжтэй, сийрэг улс маргаашнаас Приус 10 машиныг гурав хуваагаад зөөх, нөгөө нь нүдээ аниад авилга авах тухай л сэтгэж эхэлнэ. Нөгөө талд татвар нэмээд байгаа хэрнээ урсгал зардал, төрийн албанд татах орон тоог нэмээд эхлэх дүр зураг харагдаж байна. Задаргааг нь сайн тайлбарлаагүй ч татварыг нэмэх хэрнээ урсгал зардлаа 540 тэрбум нэмсэн талаар Ч.Хүрэлбаатар гишүүн асуусныг сошиалынхан тултал "лайк” хийж сууна.

 

Бүхэлдээ 25 жилийн явцтай макро түвшний хямралаас гаргах хамгийн зөв шийдэл болТатварын баазаа тэлээд бүгдээрээ, элдэв босго нугалаагүй, ил тод жигд татвар төлөгч болгох гэдэг дээр эдийн засагчид, шинжээчид санал нэгддэг. Татварын бааз өргөсөхийн хэрээр цөөхөн саалийн үнээ ба ААН-үүдэд очдог татварын дарамт багасна. Энэ чухал хөшүүргийг аль ч төрийн үед хийсэнгүй. Хэлбэрдсээр тунхагласаар ирлээ. Ямар ч татвар төлдөггүй орлого олдог хэсгийнхэн манайд даанч олон.

 

Үндсэндээ ажил, үйлчилгээ, хөрөнгө гурваас л татвар босдог. Бидний цалин орлогын 25 хувь татварыг нэмлээ гээд олигтой юм орж төсвийг түнтийлгэхгүй гээд Ерөнхий сайдын багт хэлэх зөвлөхөөр мэдлэгтэй хүмүүс олон байгаа. Бид чинь онцгой хямралд тулсан юм бол эрх баригчид энгийн хээгүй дээрээ тавиад ард түмэнтэйгээ ярилцмаар. Арга зам олныг харьцуулж зөвлөлдмөөр. Татвар нэмэхээс илүүтэй хэмнэх хувилбарын нөөц иргэдэд гэхээсээ төрд зөндөө үлдсэнийг ч Ерөнхий сайд мэдэж л байгаа.

 

Аль ч нам ялсан байлаа гээд сайд болсон гишүүн нь супер компьютер болчихгүй тул мэдэхгүй ойлгохгүй хязгаар байх. Мөнгөний зөв бодлого, татварын эрүүл тогтолцоог бий болгох бэлэн санал, нэмж засаад шууд хэрэгжүүлэхэд болохоор төслүүд эдийн засагчид, эрдэмтэн мэргэдийн ширээн дээр байгааг татаж аваад өөр гарц олохыг одоо бол залбирч гуймаар болж байна.

 

Дураараа удирдагчийнхаа хоббидож хийсэн Цөмийн пуужингийн хошууны мөнгийг идэх будаагаа хасан байж, амьдралынхаа турш өлсгөлөнгөөр төлдөг ардчилсан Солонгосоос өөр нийгэмд бид амьдарч байгаа. Чөлөөт зах зээлт эдийн засгийн тоглоомын гол дүрэм нь татвар, түүний эрүүл тогтолцоо. Нэмэх нь төрийн зөв зохицуулалт. Дүрмээ зөв барьж хямарсан тойргоосоо гарцгаавал...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/472823.htm 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?