📅

Монгол төрийн хараа хүүхэд хамгааллаас холдох учиргүй

🕔 2016/08/26 12:02

 

Арчаагүй аав, ээжийнхээ архины мөнгийг залгуулах гэж гуйлга гуйна. Эсвэл хэрцгий хойд аав, хүйтэн сэтгэлтэй хойд ээжийн гарын шүүс болж гадуур тэнэхээс аргагүйд хүрнэ. Идэх хоол, өмсөх хувцсаар дутагдаж хулгай хийгээд шийтгүүлнэ гээд эмзэг давхаргын хүүхдүүдийн амьдрал бидний нүдэн дээр ив ил байна. Өөрөөсөө бус төрүүлсэн эцэг эхийнхээ хариуцлагагүйн  буруугаас алдаж эндэж яваа  тэднээс элэг нэгтэн нь хулгай хийчихнэ, хувцас бохирдуулчихна хэмээн эмээж зугтдаг. Харин харийн иргэд хэдэн халтар төгрөг сарвайдаг дүр зураг тогтоод уджээ. Энэ байдал  бүр нүдэнд дасал болчихож. Уг нь улс орны ирээдүй, нийгмийн нэгэн хэсэг болсон тэдгээр хүүхдүүдийг өөд нь татаж өргөөд босгох гэр бүл, найз нөхөд байдаггүй юм гэхэд өрөвдөж энэрэх эх орон баймаар. Хайраар тэтгэх эцэг эхгүй тэднийг хайхрах  төр засаг  баймаар. Гэвч тэнэмэл гэх тодотголтой, амьдралын боломж тааруу хэмээн дүүрэг хороондоо бүртгэлтэй тэднийг жилдээ цөөн удаа цуглуулж ундалж хооллоод эргүүлээд гудманд нь "тавьчихдаг”. Эсвэл эд материал төдийнхнөөр нүдийг нь хуурахаас хэтрэхгүй байсаар өнөөг хүрлээ.

 

Нийгмийн эмзэг давхаргын эдгээр хүүхдүүдэд санаа тавих үүрэгтэй төрийн болон сайн дурын байгууллагууд олон ч гарт баригдаж, нүдэнд харагдахаар үр дүнтэй ажилласан нь ховор юм. Ядаж Монгол хүүхдүүд ямар орчинд, яаж амьдарч байгааг судалсан бодитой тоо баримт алга. Эсвэл хэдэн жилийн өмнөх, санхүү мөнгөний асуудлаас болж судалгаа хийж чадаагүй гэх нийтлэг хариулт л өгдөг. 

 

Тэгвэл монгол хүүхдүүд бодит амьдрал дээр ямар орчинд, хэрхэн өсч торниж буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан судалжээ. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдүүдийн ядуурлын шалтгааныг гадаадын эрдэмтэд нарийвчлан судалсан байна.

 

Судалгаанаас харахад өрхийн орлогын түвшин хүүхдийн гачигдалд нөлөөлөх чухал хүчин зүйл болжээ.Орлого муу, ядуу айлын хүүхдүүд давхацсан хэд хэдэн гачигдалд өртөж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас танилцуулав.  Жишээлбэл, ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртөж байгаа бол 24-59 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг таван гачигдалд өртөж байгаа гэнэ. Насны ангиллаар судалгааны үр дүнг харвал 0-5 насны 10 хүүхэд тутмын долоо нь буюу бараг 70 хувь нь усан хангамж, ариун цэврийн байдал, орон сууцны байдал, хүнс тэжээл буюу хөхний сүүгээр дутагдаж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

 

Xүүхдийн эрүүл мэнд өсч хөгжихөд амин чухал шаардлагатай нийгмийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан үздэг учир хүүхдэд тулгарч буй гачигдлууд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой, давхацсан, олон төрлийн байдаг бөгөөд энэ нь хүүхэд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдэд асар их сөрөг үр дагавартай болохыг харуулдгаараа ач холбогдолтой ажээ.

 

Хүүхдийн хувьд ядуурал нь тэдний сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хөгжилд таагүй нөлөө үзүүлдэг байна.  Ер нь хүүхдийн ядуурлын энэхүү судалгаагаар хүүхдийн гачигдлын түвшин нь шинжилгээнд хамрагдсан эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, бага насны хүүхдийн хөгжил, усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон байр, хүүхэд хамгаалал гэх зэргээр бүхий л салбарт өндөр байгааг харуулжээ.  Хамгийн гол нь эдгээр олон төрлийн гачигдал нь  нэг хүүхдэд давхацсан байдалтай байгаа нь өрхийн орлоготой холбоотой гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Жюдит Бруно хэлсэн юм.

 

Амьжиргааны баталгаажих түвшин доогуур амьдралтай айлын хүүхдүүд буруу хоол хүнс хэрэглэснээс болоод амин дэмийн дутагдал, эрүүл мэндийн асуудалтай байдаг аж. Мөн гэр бүлийнхний харилцаа хандлагаас болоод сэтгэлзүйн хямралтай байх тохиолдол илүү их ажиллагддагийг судлаачид гачигдалд тооцсон байна.

 

Тиймээс хүүхдүүдийг аль болох тайван орчин, тав тухтай, эрүүл чийрэг, хоол ундаар дутаахгүй өсгөх шаардлагатай байгаа юм. Энд дахин нэг зүйлийг онцлоход 0-5 насны 10 хүүхэд тутмын долоо нь буюу 70 хувь нь усан хангамж, ариун цэврийн байдал, орон сууц, хүнс тэжээл буюу хөхний сүүгээр хооллох зэргээр дутагдалтай байгаа юм.

 

Судалгааны талаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Крис де Ньюбург "Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлаас болж жижиг биетэй, өсөлт муутай, тураалтай хүүхдүүд байгаа нь ажиглагдсан. Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн хүүхэд гачигдалд нэлээд өртсөн байна. Таван ханатай гэрт 10 хүн амьдарч байна гэж тооцохоор ариун цэвэр, эрүүл ахуйн орчноос эхлээд дутагдалтай зүйл их бий. Хөдөө орон нутаг сумын төвүүдэд тэр дундаа баруун болон хангайн бүс нутагт гачигдал харьцангуй өндөр байна. Өвлийн улиралд гэр хорооллын нүүрс түлдэг өрхийн хүүхдүүдийн 70 хувь нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс хүүхдийн гачигдлын шалтгааныг олон зүйлтэй уялдаа холбоотой нарийвчлан тодорхойлж судалгааны дүн дээр үндэслэн хүүхэд рүү чиглэсэн бодлого боловсруулах хэрэгтэй. Дан ганц өрхийн амьжиргааг дээшлүүлээд хангалтгүй” гэсэн юм.

 

Монгол хүүхдүүд ийнхүү тав тухгүй орчинд өлмөн зөлмөн амьдарч байгааг хамгийн сүүлийн үеийн дээрх судалгаа харуулж байна.

 

Гэтэл улс эх орныхоо ирээдүй хойч болсон балчир үрсээ хайхрахгүй, хамгаалахгүй байгаа Монгол Улсын төр засгийн үнэн төрх улам л ил тод болж байна.  Эдийн засаг муудлаа  гэх шалтгаанаар халхавч хийж хүүхдийн угжны сүүнд хүрэхтэй үгүйтэй 20 мянган төгрөгнөөс нь хумсалж ялгаварлаж, Хүүхэд хамгааллын хуулийг таван жилээр хойшлуулахаар зүтгэснээр хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэж, мөнгө өөрөө л урсаад ирэх хэрэг үү. Үнэндээ 20 мянган төгрөгөөр хоногийн хоолоо залгуулж, хүүхдийнхээ боловсролд нэмэрлэдэг олон айл бий.

 

Мөн оюутнуудын урамшуулал, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг гээд бүгдийг нь танаж, зогсоох нь. Иргэдийн нүдэнд ил, амьдралд мэдрэгдэж байгаа цөөн хэдэн зүйлийг дурьдахад л ийм. Уг нь хүүхдийн гэх тодотголтой өчүүхэн хэдэн хамгаалалтад гар хүрэх эрх хэн нэгэн албан тушаалтан байтугай, аль ч төр засаг, эрх мэдэлтэнд баймааргүй. Монгол төрийн хараа хүүхэд хамгааллын асуудлаас холдох учиргүй.

 

Зөвхөн 5-14 насны хүүхдийн 36.5%, 15-17 насны хүүхдийн 30.1% ядуурлын шугамаас доогуур амьдарч байна гэсэн судалгааны дүнгээс харахад  балчир хүүхдүүд бидний нүдэн дээр өлсгөлөнд нэрвэгдсэн, ядуу, айдастай амьдарч байгааг харж болохоор.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?