📅

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ, ДАВАН ТУУЛАХ ГАРЦ...

🕔 2016/08/23 10:57

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ, ДАВАН ТУУЛАХ ГАРЦ...


Хүн төрөлхтний эв нэгдлийн эх баяр наадам болох зуны Олимпийн 31 дүгээр наадам Бразилын Рио хотноо энэ сарын 5-22-ны өдрийг хүртэл үргэлжилж, өндөрлөлөө. Өмнөд Америк тивд анх удаа болсон энэ удаагийн Олимпийн наадамд дэлхийн 200 гаруй орон оролцож, спортын ариун тэмцлийг өрнүүлсэн юм. Манай улсын хувьд 43 тамирчнаа Рио руу илгээсэн нь түүхэн амжилтыг давтсан үзүүлэлт байлаа. Түүнээс гадна манай жүдогийнхон бүтэн багаараа Олимпийн наадамд оролцлоо. +78 кг-ын бөхийг эс тооцвол шүү дээ. Мөн чөлөөтийн эрэгтэйчүүд бүтэн багаараа оролцсон нь ч гэсэн түүхэн амжилт болсон. Дээрээс марафоны тамирчид тавын тавуулаа Бразилд очсон. 
 
Хүндийн өргөлтийнхөн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчнаа оролцууллаа. Боксынхон хүртэл зургаан тамирчнаа Рио руу илгээсэн нь сүүлийн хэдэн жилд гаргаагүй л амжилт. Дээрээс нь Лондоны Олимпийн наадмаас Рио хүртэлх дөрвөн жилийн циклд манай жүдо, чөлөөтийнхний амжилт үнэхээр сайн байсан. Боксынхон ч гэсэн чамлахаар байгаагүй. Тиймээс монголчууд бид Риог зорьсон 43 тамирчнаасаа амжилт хүлээж байсан.
 
Н.Дашзэвэг: Манай эдийн засаг дампуурлынхаа зам руу орчихсон
 
/МУ-ын гавьяат эдийн засагч, Эдийн засгийн ахлах сургуулийн захирал/ 
 
-Монголын эдийн засгийг дампуурчихсан байна гэж хэлж болно. Төсөв маш их алдагдалтай гарлаа, улсын валютын нөөц үндсэндээ шавхагдчихсан, гадны зээлээр валютын нөөцөө бүрдүүлээд явж байна. Ирэх онд өрөө төлөх мөнгө байхгүй байна. Мөн манай эдийн засгийн өсөлт оны эхэнд 1.3 хувьтай гарчихлаа. Төгрөгийн ханшийн уналт тасралтгүй нэмэгдэж байна. Ажилгүйдэл нэмэгдэхийн зэрэгцээ ядуурал дагаад нэмэгдэж байна. Энэ мэтчилэн эдийн засаг маш олон төрлийн өвчинд баригдчихсан байна.
 
Банкны систем, Төвбанк,  улсын төсөв гээд бүгд өвчилчихлөө. Дараа жил өрөө төлж чадахгүйн улмаас хугацааг нь хойшлуулах, эсвэл дахиж зээл авч тал хагасыг нь ч болов хаах арга хэмжээ авах нь тодорхой байна. Дээрээс нь Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар хамаг далан булчирхайгаа тоочоод, гадны хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох байдал нь үндсэндээ хаагдчихлаа.м Ийм дампуу төсөвтэй, төгрөгийн ханш нь ганц, хоёрхон сарын дотор 150-200 төгрөгөөр нэмэгддэг оронд хэн ч хөрөнгө оруулахгүй шүү дээ. Мөн манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын үнэлгээний байгууллага өчигдрөөс эхэлж буулгаад В- болгочихсон байна. Тэгэхээр манай эдийн засаг дампуурлынхаа зам руу орчихжээ л гэж харж байна. 
 
Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь тодорхой хэмжээнд зөв байх. Тэгэхдээ нөгөө талаар эдийн засгийн өсөлт нь 1.3 хувьд хүрчихсэн, ажилгүйдэл нь 10 хувиас дээшээ гарчихсан байгаа энэ асуудлыг яаж шийдэх юм бэ гэдгийг Монголбанкны бодлогын хүү хариулсангүй шүү дээ. Харин ч улам хурцатгаад, ажилгүйдэл ядуурлыг нэмэгдүүлээд, эдийн засгийн өсөлтийг дэмжих процесс нь улам багасах тийм шийдвэр болчихлоо. Ерөнхийдөө Монголбанк төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүгээ өсгөж байгаа бол энэ талаар ярих хэрэгтэй. Гэхдээ шууд зөвшөөрөх боломжгүй. Ер нь бол Монголбанк бодлогын хүүгээ 4.5 нэгжээр өсгөснөөр эдийн засгийн үзүүлэлтүүд яаж өөрчлөгдөх вэ гэдгээ тодорхой хэлэх ёстой байсан.
 
Тухайлбал, мөнгөний ханш, инфляци яаж тогтворжих вэ, эдийн засгийн өсөлт хэд болох юм гээд тоон үзүүлэлтүүдийг гаргаж хэлэх ёстой. Тэгэхгүй агаар руу харж байгаад л хий буудаж байгаа юм шиг байдал үзүүлээд байна. Ингэж болохгүй. Монголбанкин дээр маш нарийн тооцоонууд гарч байх ёстой. Яагаад бодлогын хүүг 10 биш 4.5-аар өсгөчихсөн юм бэ гэдэг тооцоогоо гаргасан байх учиртай. Гэтэл Монголбанкны одоогийн тайлбарыг мэргэжлийн хүмүүс уншихад ямар ч үнэмшилгүй байгаа юм. Бусад орнуудад бодлогын хүүний хүрэх үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлдэг. Гэтэл Монголбанк энэ асуудалд маш ерөнхий утгаар нь хандаж байна. Ажилгүйдэл, инфляци гээд бусад асуудалтай холбогдсон ямар ч тайлбар алга. Монголбанкны ерөнхийлөгчийн ярилцлагад ч энэ асуудал бүрэн орхигдсон байна. Зүгээр л цээжний бангаар, гурилдсан байдлаар асуудалд хандаж байна уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. 
 
Мэдээж хэрэг хайвал гарц байж л таарна. Юуны өмнө Засгийн газар, Монголбанк, эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаа оролцуулаад "Хямралын эсрэг үндэсний зөвлөл”-ийг байгуулах хэрэгтэй. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдлаа тал талаас нь ярилцаж, саналаа солилцох нь чухал. Сая эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн хүмүүсийн яриа маш хангалтайгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдлаа бүрэн хамарч чадаагүй, хагас дутуу ярьж байна. Сангийн сайд нь төсвийн алдагдлаа арай дэндүү хэтрүүлээд мэдэгдэл хийчихлээ. Тэгэхээр МАН-ын Ерөнхий сайд, Сангийн сайд нарын байж байгаагаар хэзээ ч энэ эдийн засгийн хямралыг давж чадахгүй. Энэ хүмүүсийн үгнээс л харагдаж байна. Тэгэхээр яаралтай үндэсний зөвлөлөө байгуулаад, эдийн засагчдыг цуглуулж байгаад асуудлаа хэлэлцээд гарах арга замаа нэн даруй тодорхойлох хэрэгтэй. 
 
Л.Оюун: Ерөнхийдөө эдийн засгийг хумих бодлого барих гэж байна гэдгээ л хэлээд байгаа хэрэг
 
/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор/
 
-Монгол Улсын эдийн засаг сайжирсан ч юм алга, муудсан ч юм алга. Ер нь бол эдийн засаг гол үзүүлэлтүүдээрээ хямраагүй байгаа шүү дээ. Инфляци, ДНБ-ий өсөлт зэргийг тааж биш тоогоор л ярина. 
 
Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр мөнгөний хатуу бодлого барих гэж байгаа явдал. Мөнгөний хатуу бодлого барина гэхээр мөнгөний нийлүүлэлтийг хумина гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлтийг хумихаар ерөнхийдөө эдийн засгийг хумих бодлого барих гэж байна гэсэн үг. Хэрвээ мөнгөө нийлүүлээд байх юм бол худалдан авалт сайжраад, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөөд, мөнгөний эргэлт сайжирдаг. Тэгэхээр одоо хүүгээ нэмчихээр хумих бодлого барьж байна гэдгээ хэлээд байгаа хэрэг. 
 
Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн сайн гарц бол үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлээ л дэмжих хэрэгтэй. Гадны шууд хөрөнгө оруулалт орж ирж болно. Тэгвэл ажлын байр нэмэгдээд, орлого өсөх учиртай. Гэтэл Аж үйлдвэрийн яам алга болсон нь харамсмаар явдал. Яг үйлдвэрлэгчид рүүгээ хандсан төвлөрсөн бодлого барих газаргүй болчихоор хүндрэлтэй байна байх.
 
Д.Лхагвасүрэн: Долларын ханшийг бодоод бодлогын хүүгээ өсгөж байгаа нь буруу
 
/Эдийн засагч/
 
-Бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар долларын ханшийг унагаж, төгрөгийг чангатгаж болно. Энэ бол ойлгомжтой арга. Өнөөдөр байгаа банкны системийг илүү тогтвортой болгоход хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ, эдийн засгийн бусад хэсэг, салбарууд яах вэ.  Бодит эдийн засгаа харахаар цаг хугацааны хувьд энэ шийдвэр оновчтой эсэхэд эргэлзэж байгаа.
 
Эдийн засгийн өсөлт удааширсаар байхад хүүгээ өсгөнө гэдэг бол маш ойлгомжгүй ажил. Ядаж байхад ийм огцом ихээр, гэнэт өөрчилж байгаа нь бас буруу гэж би хувьдаа үзэж байна. Олон улс орон эдийн засгаа сайжрах үед хүүгээ өсгөдөг. Ингэхдээ маш алгуур өсгөдөг. Манайд энэ удаа аль аль нь хэрэгжсэнгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан үед уул уурхайн бус салбарыг дэмжих хэрэгтэй.
 
Гэтэл хүү нэмэх нь уул уурхайн бус салбаруудад халтай бодлого. Тэгэхээр эдийн засаг дахь савлагааг улам ихэсгэх эрсдэл бий боллоо. Өнгөрсөн гурван жилд төрөөс барилга, хөдөө аж ахуй руу чиглэсэн зээлийн бодлогод онцгой анхаарсан нь тохиолдлын хэрэг биш юм. Барилгын салбарт 96 мянган хүн ажилладаг, ХАА-н салбарт манай нийт өрхийн 1/3 нь байдаг. Энэ том салбаруудыг тэтгэх зээлийн бодлогын ирээдүй тодорхойгүй боллоо. Жижиг аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний салбар их хүнд нөхцөлд байгаа.
 
Жижиг болон бусад аж ахуйн хөрөнгө оруулалт бодлогын хүү өссөнөөс болж огцом буурна. Мөн худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн тоо цөөрнө. Тэр чинээгээрээ ажлын байрны тоо хумигдана. Тиймээс цаашдаа Монгол Улсын гол ажиллах хүчинг өөртөө агуулдаг эдгээр салбаруудаа тогтвортой дэмжих нь зүйтэй байсан. Монголбанк хүүгээ өсгөсний дараа Засгийн газар цаашид эдгээр салбаруудын хөрөнгө оруулалтыг дэмжих ямар бодлого явуулах нь одоогоор их сонирхол татаж байна.
 
Ч.Эрдэнэдалай: Монгол Улс одоо маш зоригтой хөдлөх цаг ирээд байна
 
/Шинжээч/
 
-Сүүлийн хэдэн жил гадаад хөрөнгө оруулалт тогтмол буурсан. Үүнийг орлож, зээлээр, төсвийн хэмнэлт, мөнгө хэмнэлт гэсэн гурван зүйлээр аргацааж ирсэн. Үүний эцсийн үр дүн одоо гарч байна. Мэдээж байнга мөнгө хэвлээд, өр тавиад яваад байна гэж байхгүй. Үүний үр дүнд ард иргэд л хамгийн их хохирч байна.
 
Гэхдээ энэ байдлыг засч залруулахаар тодорхой хэмжээний ажил хийж эхлүүлээд байгаа нь сайшаалтай хэрэг. Сүүлийн найман жил гадаад болон дотоод талдаа төгрөгт итгэх итгэл эрчимтэй суларч байгааг онцлох хэрэгтэй. Мэдээж үүнд нөлөөлөх хүчин зүйл бий. Эдийн засагт нөлөөлөх суурь нөхцөл муу байгаа юм. Тиймээс ч Монголбанк бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байх. Үүнийг тогтвортой байдлыг хангах гэсэн дунд хугацааны арга хэмжээ юм болов уу гэж харж байна. Ер нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцын тухайд Засгийн газрын гаргаж байгаа зургийг боломжийн үндэслэлтэй төлөвлөгөө гаргаж байна гэж харж байгаа. Нэн түрүүнд төсвөө эрүүлжүүлэхээр ажиллах гэж байна.
 
Энэ бол ерөнхий утгаараа Монгол гэх үрэлгэн айлын санхүүг маш эмх цэгцтэй тодорхой болгох гэж байна. Илүүдэл бүх зардлаа танаад, цаашид бүх нөөц бололцоогоо дайчлах гэж байгаа нь зөв. Монгол Улс одоо маш зоригтой хөдлөх цаг ирээд байна гэж харж байна даа. Эдийн засгийг тогтворжуулах маш нарийн төлөвлөгөө хэрэгтэй. Хамгийн гол нь төр, засаг нь чадамжаа сайжруулах зайлшгүй шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлж чадвал эдийн засаг болон ДНБ өснө гэж харж байна. 
 
Р.Амаржаргал: Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал дээрдэх учиртай
 
/УИХ-ын гишүүн асан/
 
-Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь зөв, буруу гээд шуудхан хэлэхэд одоохондоо хэцүү байна. Тодорхой загвар боловсруулж, янз бүрийн хувилбараар үзэж байж шийдвэр гаргасан байлгүй. Сүүлийн үед төгрөгийн ам.доллартай харьцах хэлбэлзэл дээшилж, доошилж байна.
 
Үүнтэй холбоотойгоор хүлээлт үүсээд байна гэж ойлгож байгаа. Монголбанк, Сангийн яам хоёр аль нь ч эдийн засгийн хүлээлтийг залж чиглүүлэхдээ их муу. Ханшийн хэлбэлзэл хүчтэй байгаад сөрөг гэж хэлж болохоор үр дагавартай болсноос гадна улс төрийн учир шалтгаан ч байгаа байх шиг. Өөрөөр хэлбэл, доллар төгрөгийн ханшийн хэлбэлзэл ямар байхаас шалтгаалж бодлогын хүүгээ нэмлээ гэж харж байна. Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал дээрдэх учиртай гэсэн хүлээлт байгаа.
 
Хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн индексийг харж байхад тод харагдахгүй байгаа боловч дээшлэх хандлага ажиглагдсан байна. Би энийг сайн эхлэл болов уу гэж харж, горьдож  байгаа. Гэхдээ хадгалж чадах эсэхийг мэдэхгүй. Сангийн яамнаас оруулж ирэх бодлого, үйл ажиллагаа ихээхэн  нөлөөлөх байх. Тун удахгүй төсвийн тодотгол орж ирнэ. Төсвийн тодотгол жинтэй нөлөө үзүүлнэ. Мөн Монголбанк, Сангийн яам хоёр нэг долгион дээр хамтраад ажиллаж чадах нь уу, эсвэл тус тусдаа нэгнийгээ чирээд явчих нь уу гэдэг нь сонин үзэгдэл. Энэ бүгдийг тооцоолох ёстой  байх.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?