📅

Сонгуулийг зохих журмын дагуу сайн зохион байгууллаа гэж дүгнэв

🕔 2016/07/07 10:36

Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тухай эцсийн тайлангаа 2 сарын дараа гаргах бөгөөд түүнийг ирж танилцуулна гэдгээ Элчин сайд хатагтай Одри Гловер Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр мэдэгдлээ.

Элчин сайд, хатагтай Одри Гловер Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгуулийг ажиглах хорооны тэргүүн билээ. Тэрээр тус байгууллага болон Европын парламентын ажиглагчдын багийг ахалж ажилласан юм.

Өргөн бүрэлдэхүүнтэй энэ олон улсын баг ажиглалтын урьдчилсан дүнгээ гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болсон бөгөөд сонгуулийн өдөр эмх журамтай болж өнгөрлөө.Сонгууль нь их өрсөлдөөнтэй эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болов гэж олон улсын ажиглагчид үзсэн байна.

Мөн санал тоолох төхөөрөмжийг шалган баталгаажуулах ажлыг СЕХ-ноос оролцогч талуудыг байлцуулан мэргэжлийн хэмжээнд хийснийг тэмдэглэхийн сацуу сонгуулийн системийг хожимдож өөрчилснөөс үүдэн УИХ нэр дэвшигчдийн бүртгэлийн эцсийн хугацааг 57 хоног байсныг 25 хоног болгосон нь СЕХ-нд дарамт шахалт бий болгосон байна гэж тэд дүгнэжээ.

Түүнчлэн сонгуулийн хороодын ажилтнууд мэдлэг сайтай, сонгуулийн процедурыг чанд мөрдөж ажиллав. Олон улсын сонгууль ажиглах хороо зөөврийн санал авах үйл явцыг 53 тойрогт ажиглахад хот суурин болон орон нутагт зохих процедурын дагуу явагдлаа.

СЕХ нь тойргуудаар гаргасан урьдчилсан үр дүнг телевизээр шууд гаргаж, сонгуулийн үйл явцын ил тод байдалд хувь нэмэр оруулав. Санал өгөх үйл явцад ажиглалт хийсэн санал авах байруудын 98 хувьд нь сонгуулийг зохих журмын дагуу сайн зохион байгуулсан гэж олон улсын ажиглагчид дүгнэжээ.

Уулзалтын үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн хууль тогтоомжийг сайжруулах шаардлага байгаа эсэх талаарх олон улсын ажиглагчдын асуултад хариулахдаа, сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг илүү нарийн зохицуулж журамлах, намын штабын ажилтнуудын эрх үүргийг тодорхойлох, сонгуулийн хуулийг хэлбэрээр нь тус тусад нь гаргах шаардлагатай байна гэсэн зэрэг саналтай байгаагаа хэллээ.

Тэрээр мөн олон улсын ажиглагчдын баг санал авах байр бүрт хүрч ажилласныг сайшаан тэмдэглээд сонгуулийн байгууллагын ажлыг өндөр үнэлсэнд сэтгэл ханамжтай байна гэв.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн олон улсын ажиглагчдын багт талархал илэрхийлээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгуулийг ажиглах хороо болон Европын парламентын ажиглагчдын багийг 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урив.

Уулзалтын үеэр Элчин сайд, хатагтай Одри Гловер Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажиглахад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороотой сайн хамтарч ажилласан гэдгээ онцлон тэмдэглэв гэж СЕХ-ноос мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?