📅

ГАЗАР НУТГАА ӨРӨНД АЛДСАН НЬ

🕔 2016/05/23 16:33

 

 

БНХАУ-ын цэргүүд тавдугаар сарын 6-нд Тажикстаны нутагт нэвтрэн орж ирсэн тухай мэдээлсэн. Тажикстаны сөрөгхүчнийхний бичсэнээр Мургабск дүүргийн Горно-Бадахшан мужийг хятадууд хяналтдаа авчихаад байгаа гэнэ. Энэ тухай Хятадын хэвлэлд ч бичсэн хэмээн Оросын зарим мэдээллийн сайтууд дурдсан. Бүгд Найрамдах Тажикстан Улсын зүүн хэсэгт орших тус мужид Хятадын цэргүүд төдийгүй жирийн хятад иргэд амьдрахаар очиж байгаа гэнэ. Нутгийн уугуул иргэд болох тажикууд газрын асуудлаас болж олон жилийн өмнөөс тэнд амьдардаг хятадуудтай зөрчилдөж байгаа. Одоо тажикууд нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрлээ. Учир нь Засгийн газраас нь тэндээс нүүлгэх тухай тогтоол гаргасан хэмээн мэдээллийн сайтуудад бичиж байна. Газар нутгаа өрөндөө өгсөн тул нутгийн уугуул иргэд тэнд амьдрах эрхгүй болоод байна.

Тажикстан бол БНХАУ-д нэлээд хэмжээний өртэй бөгөөд энэ оны эхний байдлаар 960 сая ам.долларын өглөгтэй гэсэн тооцоо гарчээ. Өрөө төлж чадахгүй байгаа тул оронд нь газар нутгаа өгөх гэж байгаа тухай 2013 оноос ажиглагчид бичсэн. Гэвч тухайн үед хүмүүс үүнийг төдийлөн ойшоогоогүй гэдэг. Тажикстаны Горно-Бадахшан автономит мужид Парим уул оршдог. Энэ нутгийг тус улсын эрх баригчид хүн амьдрахад тохиромжгүй газар хэмээн үзсэн гэдэг. Харин хятадуудын хувьд бол эсрэгээрээ тун ашигтай газар.

 

Энэ нутаг уран, ховор эрдэс, үнэт металл зэрэг ашигт малтмалаар баян. Чухам ямар ашипг малтмал байгааг судлах ажпыг хятадууд аль хэдийнэ эхлүүлчихсэн. Удахгүй ашигт малтмалуудын орд газрын хэмжээ тогтоогдоно. Ямар ч байсан уран байгаа. Тажикстаны эрх баригчид байгалийн баялгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж гадаадынханд хайгуулын ажил хийхийг зөвшөөрсөн аж. Горно-Бадахшан мужийн Мургаб хэмээх газар нь стратегийн хувьд маш чухалд тооцогддог. Энэ нь Памирын тээврийн амин сүнс гэгддэг. Нэг үгээр хэлэхэд энэ газар хятадуудын мэдэлд оржээ.

Өрөнд газар өгөх тухай асуудлыг 2001 онд хөндөж эхэлсэн гэдэг. Нэгэнт л өгчихсөн болохоор хятадууд хүссэнээ хийнэ. Үүнийг гайхаад байх хэрэггүй болов уу. Тажикстаны сөрөг хүчний нэгэн гишүүн Р.Зойиров одоогоос хэдэн жилийн өмнө "Би өөрөө Мургаб дүүрэгт очиж хилийн шугамыг 20 километрээр өөрчилсөн байхыг харсан” хэмээн ярьсан байдаг. Түүгээр ч зогсохгүй өрөө барагдуулахын тулд нэмж газар өгөх гэж байгаа тухай яригдаж байсан үе.

Бодит байдал дээр Тажикстан нь Хятадын мэдэлд орчихоод байна. Хаашаа ч харсан хятадууд. Хятадын хөрөнгө оруулалтаар барьж буй байшин, гүүр, зам үйлдвэрүүд, цахилгаан шугам, жижиглэн худалдааны зах гээд. Эдгээр газруудад хятадууд ажиллана. Одоогоос хэдэн жилийн өмнө Тажикстаны Эрчим хүчний яам БНХАУ-д Дулааны цахилгаан станц барих санал хүртэл тавьсан байна. Хүсэлтийг нь биелүүлсэн. Ийнхүү эдийн засгийн хувьд хараат байдалд орсноор улс төрийн аюул нүүрлээд байна гэхэд хилсдэхгүй.

 

Судлаачдын бичсэнээр Тажикстан нь эдийн засгийн хувьд Хятадаас бүрэн хараат байдалд орсон. Тус улсын томоохон төслүүд нь бүгд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа. Стратегийн чухал газрууд ч зүүн хөршийн мэдэлд орчихсон. Тус улсын "Зарафшон” хэмээх алт олборлодог томоохон үйлдвэрийн 75 хувийг хятадууд авчээ. Хөнгөн цагааны үйлдвэр ч мөн адил. Хөрөнгө оруулалтыг нь дагаад хятадууд Тажикстанд хэдэн мянгаараа орж ирж, ажлын байрыгбулаасан. 2012 оноос эхлэн тус улсын хөдөө аж ахуйн салбарт хятадууд хүч түрэн орж ирсэн гэдэг. Тажикстаны эрх баригчид тэдэнд Хатлон мужид 500 га газар түрээсээр өгсөн. Ингээд нэг үгээр хэлэхэд тус улсад хятадгүй юм үгүй болжээ.

 

Хөрш орноосоо ихээхэн хэмжээний зээл авах нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдалд сөргөөр нөлөөлдгийг дээрх явдал харууллаа. Ялангуяа манай шиг хоёр хөрштэй улс Тажикстанаас сургамж авах нь илүүдэхгүй болов уу. Гуравдагч хөрштэйгөө нөхөрлөвөөс улс дамжин ирээд газар нутгаас минь авах боломж байхгүй юм.

Ю.ДЭЛГЭР

Эх сурвалж: Өдрийн сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?