📅

АН дахь СТРЕСС

🕔 2016/05/10 10:50

 

Жижиг намуудад өгсөн намын удирдлагынхаа амлалтыг ил тодоор шүүмжлэхгүй ч, далдуур зүхэж, шатаж яваа хүн АН-д олон байна.

Цэциин дүгнэлтээс улбаалсан Сонгуулийн хуулийн өөрчлөлт улс төрийн хүрээнийхнийг бүхэлд нь стресст автуулж эхэллээ. УИХ-ын сонгуулийн тогтолцооноос пропорциональ системийг халаагүй бол 2012 оны амжилтаа бататгах хэмжээний улс төр хийхээр зэхэж суусан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон хотод ч, хөдөөд ч "босоо” рейтингтэй байх болсон 

С.Ганбаатарын "оймсонд хавчуулагдаж” парламентын босго давах зорилготой байсан ХҮН-ынхан гээд тэдгээрээс дурдвал цөөнгүй. Сонгуульд оролцохоо ноороглож суугаа нь АН хийгээд намын дарга З.Энхболдод ч өдөр ирэх тусам шийдвэр гаргахад хүндрэлтэй болж мэдэхээр байна.

Учир нь, аль нэг намтай эвсэхгүйгээр дангаараа сонгуульд хүч үзэх бодлого баримталсан АН-ыг МҮАН, Эх орон намууд тойргийн хуваарилалтад орох болзолтойгоор дэмжиж оролцохоор болсон нь саяхан. Арай олон жил парламентад сууж басхүү хоёр төлөөлөлтэй болсон ИЗНН-ынхан дээрх хоёр намын адил АН-ыг дэмжих сонирхолтой ч таван тойргийн барьцааг тэдэнд тулгаад байгаа. Тэдний араас ХҮН-ынхан ч тойргийн хуваарилалтад орох замаар АН-ыг дэмжихээр болсон тухай мэдээлэл бий. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос хоёр намыг бүртгэхээс татгалзсан нь ИЗНН болон ХҮН. Нэг нь бичиг баримтаа дутуу ирүүлсэн, хоёр өөр тамгатай байсан гэж үзсэн бол нөгөөх нь намын даргын гарын үсэг мөн дутуу гэсэн шалтгаантай. Энэхүү шалтгаанаар ИЗНН, ХҮН-ынхан ирэх сонгуулийг өнжих эс бөгөөс АН-ыг түших замаар тойрог горилохоос өөр сонголтгүй үлдчихээд буй.

ХҮН-ынхан ийм байдал үүсзхийг эртнээс мэдэрсэн болоод ч тэр үү сонгуульд өрсөлдөх дийлэнх гишүүн нь бие даахаар болж, тус тусдаа мөрийн хөтөлбөр боловсруулж СЕХ-нд хүргүүлсэн юм билээ. Харин ИЗНН-ынхан байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцрох гээд байгаа болохоор АН-ыг түшихээс өөр аргагүйд хүрч байх шиг. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар нэг хүн, хоёр намын гишүүнчлэлтэй байж болохгүйгээс гадна өөр намаас нэр дэвших нь хориотой. Тэгэхээр С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг,Б.Хүдэр-Ян, М.Хүрэлсүх нарт эрх баригчид хэрэгтэй байгаа таван тойргийг хуваариласан тохиолдолд тэд хуулиа дагаж АН-д элсэх юм.

Хуулийн энэ заалтын дагуу УИХ дахь МҮАН-ын төлөөлөл болох БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Байнгын хорооны дарга М.Сономпил нар АН-д элсэж Бүлгийн хуралдаанд нь оролцоод явж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр АН-ынхан ИЗНН-д хуваарилах тойргийг хоёроор бууруулж гурав болгосон гэх. Тийм ч байж болох. Гагцхүү ИЗНН, ХҮН-ынхан ийм нэгэн хүндхэн сонголттой тулгараад байгаа бол эдгээрээс дутахгүй бухимдаж яваа хүн нь АН-ын дарга З.Энхболд, ууртай байгаа хүмүүс нь тус намын гишүүд юм. Тэгэх нь ч аргагүй юм билээ.

Нэгэнтээ АН-ын дарга З.Энхболд "Ирэх сонгуульд манай намын зүгээс гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй гэсэн дүрэм баримтална” хэмээн ярьж байв. Үнэхээр тийм бол, З.Энхболд дарга хэлсэндээ хүрдэг нь үнэн юм бол энэ удаагийн сонгуульд АН-ыг УИХ-д төлөөлж байгаа 35 гишүүн бүгдээрээ нэр дэвшинэ. Үүн дээр АН-ын эмэгтэй гишүүдийн зүгээс шахалт үзүүлэх болсон 16 квот, жижиг намуудад амласан 12 тойргийг нэмж тооцвол нийтдээ 63 болно. Мэдээж АН-ынхан 76 тойрогт нэр дэвшигчээөрсөлдүүлэх болохоор горьлогчдод ердөө 13 тойрог үлдэнэ гэсэн үг.

Өөрсдийгөө хамгийн дотоод ардчилалтай хэмээн тодотгодог ч дийлэнх бодлого шийдвэр нь фракцын ашиг сонирхолд хүлэгддэг АН-д гал дуудах хэмжээний эрсдэл. Олон жил фракцын хуваарилалтаар бялууны зүсэм бүрээс томыг нь хүртэж ирсэн АН-ын нөлөө бүхий гишүүд ч үүнийг төдийлөн сайшаахгүй. Анхнаасаа жижиг намуудтай эвсэхгүйгээр тойрог амлах замаар эгнээндээ оруулж, бүр Бүлгийнхээ харьяалалтай болгочихсон учир Н.Батцэрэг, М.Сономпил нарыг АН-аас нэр дэвшүүлэх нь зүйн хэрэг. Дээрээс нь Эх орон намын Б.Эрдэнэбат ч хоёр тойргоо нэхэж, АН-аас ам асуух эрхтэй болно. Араас нь таван тойргоор барьцаа нэхэх болсон ИЗНН-ыг дурдах хэрэгтэй. Хүчинтэй, хүчингүй тамганы асуудлаас болж "хүн” шиг байж чадалгүй явсаар сонгуульд оролцох боломжоо алдсан ХҮН-д гурван тойрог өгөх нь АН-ын удирдлагад хүндхэн шийдвэр байх нь тодорхой.

АН-ын даргын жижиг намуудад өгсөн амлалт сонгуулиар бусадгай санал хуваахгүй байх сайн үр дагавартай байж болох ч эцсийн шийдвэрийг тэр ганцаараа гаргачихгүй.

Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурлаар МҮАН тэргүүтэй бусад намд хуваарилах тойргийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж таарна. З.Энхболд даргын амлалтыг баталгаажуулах эсэхээ АН-ынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа дэнслэх хэрэг. Албан тушаалын бялуу хуваарилалт, улс төрийн ашиг сонирхол нь хөндөгдөөд ирэхэд шинээр жигүүр өдөлдөг, фракц мэндэлдэг, өөр хоорондоо толхилццог, хэтэвчээрээ нэгддэг жишиг аль ч намд бий. Ялангуяа хоёр том намд.
Жишээ нь, Сонгуулийн хуулийг баталсантай холбогдуулж, УИХ-ын чуулганаар тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцээд хэвээр үлдээх шийдвэрийг нэгдүгээр сарын сүүлээр гаргаж байв. Энэхүү шийдвэр гараад удаагүй байхад АН-д нэгэн фракц шинээр мэндэлсэн нь "МоАН” байлаа. Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл зэрэг нэр бүхий УИХ-ын гишүүнээр эгнээнээ тэлсэн энэ фракцыг "МоАН санаачилга” гэх тодотголтойгоор анх байгуулсан ч ачир дээрээ АН-ын удирдлагуудад шахалт үзүүлэх, намын жагсаалтад дээгүүр эрэмбэлүүлэх хүмүүсийн нэгдэл байсан юм.

Гэвч намын жагсаалтыг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлж, УИХ түүнийг нь хүлээж авснаар "МоАН” фракцын гол зорилго нь бүтэлгүйтсэн гэж хэлж болно.

Нөгөө талаар намын жагсаалтад орох сонирхол нь бүтэлгүйтсэн тэд удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ууртай эрхмүүдийн тоонд зүй ёсоор орох болов уу. Магадгүй ИЗНН, МҮАН, Эх орон тэргүүтэй жижиг намуудад тойрог хуваарилах амлалт өгсөн намын даргынхаа шийдвэрийг сөрж мэдэх. Энэ бүгдээс харахад намын удирдлагынхаа жишиг
намуудад өгсөн амлалтыг ил тодоор шүүмжлэхгүй ч, далдуур зүхэж, шатаж яваа хүн АН-д олон байна. Тэд энэхүү бухимдлаа тээж явсаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр тэслэж мэдэхээр байна. Тэр үед жижиг намуудыг тойргийн хуваарилалтаар эгнээндээ оруулсан З.Энхболд даргын амлалт биелэлээ олох нь эргэлзээтэй.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?