📅

Н.Алтаншагай: Дараагийн дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ эхэлсэн

🕔 2016/05/06 13:49

"Хос шагай” салоны захирал, Ази тивийн гурван удаагийн аварга,  Дэлхийн аварга шалгаруулахтэмцээний хүрэл медальт, мастер үсчин Н.Алтаншагайтай ярилцлаа.

-Юуны өмнө үсчин гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнд амжилттай оролцож, алт болонхүрэл медалийг эх орондоо авчирсан танай багийнханд баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ сал­барт 16 жил ажиллалаа. Хамгийн оргил шагнал маань одоогоор дэлхийн аваргын хүрэл медаль юм. Би өмнө нь олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдэд амжилт үзүүлж байлаа. Тэглээ гээд "боллоо ханалаа” гээд зогсоогүй. Яг түүн шиг л мэдрэмж төрж байна.  Би дахиад дэлхийн аваргын тэмцээнд орно. Амжилтаа ахиулна.  Тэр эрч хүчийг энэ шагнал надад олгож байна.

-Таны үсчин болох гараа хэрхэн эхэлсэн бэ?

-Би багаасаа үсчин болно гэж боддог байсан.  Есдүгээр ангиасаа эхлэн үс засаж эхэлсэн. Эхлээд ангийнхаа хүүхдүүдийг жагсааж байгаад л засдаг байлаа. Сүүлдээ сургууль даяараа надаар үсээ засуул­даг болсон.  Би био­комбинатын 10 дугаар сур­гуулийг төгссөн. Тухайн үеийн Р. Аварзэд захирал маань ангийн буланд надад толь сандал гаргаж өгч байлаа. Нэг хүүхдийн үсийг 300, том хүнд 500 төгрөгөөр үйлчилдэг байсан. Тэр миний анхны ажлын байр байсан юм даа.

-Есдүгээр ангидаа үсчний суудалтай бол­чихно гэдэг чинь та их эртнээс  зүг чигээ олчихсон байжээ? 

-Тийм шүү.  Тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрчээ. 2006 оноос эхлэн тэмцээн урал­­даанд оролцож улс, хотын аварга болж байлаа.  Харин 2008 оноос  Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн хол­­бооны гишүү­нээр элсч, олон улсын тэмцээнд явж эхэлсэн.   Мөн  2008 ондоо Азийн аварга тэмцээнд орж, түрүүлж байсан.  Ер нь мэргэжилдээ үнэнч байж чадсан учраас амжилттай яваа гэж боддог. 

-Арван жилийн үсчин байхдаа та юу мөрөөддөг байсан бэ. Яг одоогийнх шиг Ази тивийн аварга, Дэлхийнаваргын хүрэл медальтай үсчин болно гэсэн төсөөлөл тэмүүлэл байв уу?

-Үгүй дээ. Тухайн үед хүний үсийг яаж сайн засах вэ. Үйлчлүүлэгчээ хэрхэн татах вэ гэж л боддог байлаа.  Хичээ­лийнхээ хажуугаар завсарлагаанаар гээд л өглөөнөөс орой болтол их л завгүй үс засаад л зогсдог байлаа.

Хэзээнээс тэмцээн уралдаанд оролцъё гэж бодож эхлэв?

-2004 онд Улсын аварга шалгаруулах тэмцээн үзсэн.  Тэгээд орж үзэх юм сан, өөрийгөө сорих сон гэсэн нууцхан мөрөөдөлтэй болсон. Нүд маань нээгдсэн л тэр байх. /Инээв/ Тэгээд хоёр жилийн дараагаас нь Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлсэн.  Түүнээс хойш тасралтгүй есөн удаа олон улсын тэм­цээнд оролцлоо. Цаашид ч орол­цоно. Дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог.  Одоо би дараа жил Франц улсад болох тэмцээнийхээ бэлтгэлд орчихсон байгаа.

-Олон улсын тэмцээнд оролцоход санхүүгийн асуудал хүнд байдаг гэж сонссон. Та санхүүжилтээ хэрхэнзохицуулж байв. Улсаас дэмжлэг тусламж үзүүлж байв уу?

-Үгүй дээ. Өөрөө тэм­­­цээнд оролцох чин хүсэлтэй, энэ мэргэж­лийнхээ цаад мөн чанарыг нь үзнэ гэсэн зорилготой  учраас бор зүрхээрээ л бүхнийг зо­хи­­цуулж ир. Олон улсын нэг тэмцээнд оролцоход 6-8 сая төгрөг шаардлагатай байдаг. Хүн ямар нэгэн асуудал тулгарвал хичээгээд үзэхэд бүхнийг даван туулж чаддаг юм билээ.  Мөнгө байхгүй гээд гараа атгаад суусангүй. Аль болох бүтэх талаас харж зүтгэж ирсний хүчинд чамгүй амжилт үзүүллээ.  Гурван удаа Ази тивийн аварга, Европын аваргын тэмцээнд мөн эрэгтэй үсний төрөлд алтан медаль хүртсэн байна.

-Та энэ салбарт олон жил ажиллаж байна. Чамгүй амжилттай яваа. Ер нь мэргэжилдээ гаршиж байна уу. "Одоо боллоо, сайн болсон”  гэж өөртөө бардах үе бий юу?

-Байлгүй яах вэ. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд юу эсийг үзэхэв. Гэхдээ би "одоо боллоо” гэж бодохоос илүү одоо л зүгээ олж байна гэж боддог.  Мөн үсчин байна гэдэг тийм ч амар ажил биш. Цаг минут бүхэнд шинэ тех­ник технологи бүтээгдэхүүнүүд гарч ирж байна. Тэр бүхнийг су­далж мэддэг байх хэ­рэгтэй. Тэгэхгүй бол мас­тер үсчин, Ази тивийн аварга гэж хэлэ­хэд ичгэвтэр шүү дээ. Тиймээс цаг үеэсээ хоц­рохгүйн тулд өөрийгөө үргэлж хөгжүүлж байна.

-"Хос шагай” салон бас л таны мөрөөдлийн нэг хэсэг байсан биз?

-Тийм шүү. Үсчин бү­хэн өөрийн са­лонтой болохсон гэж мөрөөддөг байх.  Миний мөрөөдөл нэг жилийн өмнө биелэсэн.   "Хос шагай” салоноо найз Б.Хосбаяртайгаа хамт­ран өнгөрсөн жил нээж байлаа.  Удахгүй бид ойгоо тэмдэглэн, ур­лагийн тоглолт зохион бай­гуулахаар болсон.  Тог­лолтын орлогоо сайн үйлсийн аянд зориулах болно.

-Таныг оддын үсчин гэж ярьдаг. Олны танил эрхмүүд танайхаар их үйлчлүүдэг байх. Тийм үү?

-Манай Хосоогийн хувьд эмэгтэй үс засдаг.  Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Баярцэцэг гээд ур­лагийн эмэгтэйчүүд найзыг маань зорьж ир­дэг. Харин миний хувьд эрэгтэй үс давуу засна.  Урлаг соёлынхон болон спортын эрхмүүд их ирдэг. Ямартай ч эдгээр хүмүүстээ хүлээн зөвшөөрөгдөөд явж байгаадаа баяртай байдаг. 

-Дуучин Н.Мөнгөн­шагайг таны ах гэж сонссон. Стиль имиджийг нь та бүрдүүлдэг үү?

 -Тийм ээ. Ах маань надад тусалж би ч ахыгаа бүх талаар дэмждэг. Саяхан "Гангараа” дуу нь хит болсон.  Клипнийх нь зураг авалтын үс засалтыг би хийсэн. Хүмүүс их сонирхож байна лээ. XIII зууны үеийн Монгол эрсийн хэв маяг л даа. Тэр үеийн монгол эрсийн тав гэзэг, намба төрхийг шингээж зассан.

-Тантай уулзсаных энэ жилийн үсний загварын чиг хандлага ямар байгаа талаар асуухгүй өнгөрч болохгүйнь?

-Энэ жилийн трэнд бол зөөлөн, байгалийн өнгө ноёрхож байна. Хэдий трэнд гэж байгаа боловч ямар ч цаг үед өөрийн үсний өнгө илүү үнэ цэнэтэй, давамгайлах хандлагатай байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?