📅

А.Энхболд: Нээлттэй эдийн засгийн бүсийн төв нь Найрамдлын Дархан хот байх болно

🕔 2016/05/06 13:23

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын орон нутгийн сэтгүүлчидтэй уулзалт хийж, тэдний сонирхсон асуултанд хариулсан ярилцлагыг хүргэж байна.

 

Ө.Рагчаасүрэн /Хэвлэлийн хүрээлэнгийн хойд бүсийн төвийн эрхлэгч, МУСГЗ/: -2015 оны 9 дүгээр сарын 18-аас хойш Дархан-Уул аймгийн удирдлагыг гартаа зангидаж байгаа. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчидтэй дан ажил хэргийн уулзалт хийж байсан өнөөдөр харин чөлөөт уулзалт хийж байгаа танд талархаж байна.  

-Юуны өмнө сэтгүүлчиддээ Монгол улсад сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дарханыхаа сэтгүүлчидтэй ямар нэгэн асуулт бэлдэхгүйгээр, чөлөөтэй ярилцая гэдэг санал өгсөн. Саналыг минь хүлээн авсан та бүхэнд баярлалаа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан хотын Захирагч гэдэг албан тушаалд томилогдсон өдрөөс хойш хэвлэл мэдээллийнхэний зүгээс олны анхаарал татсан зарим асуудлуудад хариулт өгөөч гэдэг саналыг удаа дараа тавьсан. Надад ажил авангуутаа л ийм тийм юм хийнэ гэж хоосон ярих сонирхол байсангүй. Тодорхой хийсэн ажилтай болоод тэр тухайгаа яръя, бас ямар зорилгод хүрэх вэ гэдэг төлөвлөгөө, төсөлтэй болоод ярилцая гэдэг үүднээс өнөөдрийг хүртэл ярьсангүй, энэ өдрийг хүрлээ.

Б.Норовсамбуу /Монцамэ агентлагийн Дархан дахь сурвалжлагч/: -Манай сэтгүүлчид олон талаас нь асуух байх. Миний хувьд өөрөөс чинь сонирхож байгаа хамгийн гол асуулт бол өнгөрсөн хугацаанд Дарханчуудад хэрэгтэй ямар том ажлыг амжуулав. Бүрэн эрхийн хугацаа дуусахад маш богинохон хугацаа үлдлээ. Энэ хугацаанд ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх вэ гэдгийг тодруулмаар байна?

-Бид бодлогын түвшинд тодорхой ажлуудыг хийж байна. Аймгийн ЗДТГ-ын хувьд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх тал дээр ахиц гарсан. Тухайлбал: Төрийн байгууллагын дотоод удирдлагын цахим хөтөлбөрийг ЗДТГ-т хэрэгжүүлэхээр туршиж байна. Иргэдээс ирсэн өргөдөл, санал, албан тоотыг хариуцсан мэргэжилтнүүдэд цахимаар цохож, цаг хугацаанд нь шийдвэрлэдэг болсон. Өмнө нь цаасаар өгсөн бичиг аль шатанд гацсан эсхүл ямар хариу өгөв гэдэг нь мэдэгддэггүй байсан бол одоо цахим ертөнцөд бүгд харагддаг болсон. Манай багийнхан ард иргэддээ нээлттэй байя, асуудлыг нь шийдье. Чадах юм аа чадна гээд чадахгүйгээ үнэнээр нь тайлбарлая гэдэг зарчим барьж ажиллаж байна. Мөн бид мониторингийн программ нэвтрүүлж байна. Хүн бүрийн төлөвлөсөн ажил, биелэлттэйгээ түүх болон цахимд үлдэхээрээ энэ програм ач холбогдолтой. Хий хоосон тунхагийн чанартай уриа лоозон шиг бичиг цаас үйлдвэрлээд үйл ажиллагаа нь амьдралд хэрэгжихгүй бол хэрэггүй. Оны эхэнд 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэсний дараагаар миний ажлыг буруу, дутуу дүгнэлээ гэдэг гомдол санал гарсан. Энэ програмыг нэвтрүүлснээр ийм асуудал гарахгүй. Та үнэхээр ажлаа хийсэн үү, үгүй юу гэдэг нь цахим програмд үлдэх учраас дараа нь ямар нэгэн маргаан гарахгүй. Мөн миний бие долоо хоног бүрийн тав дахь өдөр иргэдтэйгээ уулзаж байна. Энэ цагийг би зохиогоод, санаачлаад хийсэн юм биш. Өмнөх удирдлагуудын үед гаргасан цаг. Гэвч тэд тухайн цагт иргэдтэйгээ уулздаггүй байсан. Иргэдээс олон санал санаачилга гардаг. Бас бидний олж хараагүй олон асуудлыг хөнддөг. Тиймээс ажилдаа тусгаж, тулгамдсан асуудлуудыг цаг хугацаанд нь шийдэн ажиллаж байгаа.

Б.Отгонбаяр /RGB телевизийн сэтгүүлч/: -Сэтгүүлчдийн асуух эрхийг хүндэтгэн нээлттэй ярилцаж байгаад баярлалаа. Ажил авсан үетэй чинь холбоотой асуулт асууя. Ардын намын 10 шижигнэсэн залуу нэгэн амралтад очиж нэлээд юм яригдаад, энэ дагуу засгаа унагаасан. Найруулагч нь өнөөдрийн Засаг дарга Агвааны Энхболд гэсэн нийтлэлүүд гарч байсан. Тэгэхээр амралтын газар яг тийм зүйл болсон юм уу. Энэ процесс яаж явагдсан юм бэ?

IMG 5687

-Бид амралтын газар ч юм уу, өөр ямар нэгэн газар очоогүй ээ. Хэвлэл мэдээллээр янз бүрээр л бичдэг юм. Ямар асуудал үүссэн гэхээр Дархан МАН-ын удирдлагын баг болохгүй байсан учир үүнийг өөрчлөх нь зөв гэдэгт бид санаа сэтгэл нэгдэж аймгийн ИТХ-д асуудал тавьсан. Бид шууд засаг төрийн асуудал руу ороогүй. Нам дотроо асуудал хөндсөн, ярилцсан. Төв нам руугаа захидал бичсэн, уулзсан. Маш удаан хугацааны буюу 2 жил гаруй хугацааны үйл ажиллагаа явагдсан. Бид намын үзэл баримтлал биш Дарханаа гэсэн том эрх ашгыг харсан. Дарханчууддаа зөв зүйлийг хийе гэж зүтгэсэн. Өнөөдөр янз янзаар л хэлэгдэж байна. Урвагч л гэнэ, ямар нэг хүнээс мөнгө төгрөг авсан л гэнэ, худалдагдсан л гэнэ. Зөв зүйлийн төлөө явсан зарим нөхдийн маань эхнэрийнх нь ажил дээр очих, заналхийлэх, хэвлэл мэдээллээр гүтгэх гээд олон хүнд асуудлууд үүссэн. Бид намын том эрх ашгийг бодоод хэвлэл мэдээлэлд нэг ч удаа ярилцлага өгөөгүй. Дуугүй байсан. Дуугүй байхаар эргээд энэ хүмүүсийн буруу. Буруу зүйл хийсэн юм байна гэдэг асуудал ихээр яригдсан. Үнэндээ бол тийм биш гэж гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

Г.Ганцэцэг /Фокус Дархан сэтгүүлийн эрхлэгч/: -Таны талаар одоо ч гэсэн хуурамч дипломтой, боловсролгүй нөхөр, газрын наймаачин гэх зэргээр яригдсан хэвээр байна.

-Намайг дээд боловсролгүй гэж хэвлэл мэдээллээр маш их гүтгэсэн. Үүнд та яагаад хариулахгүй байгаа юм? Үнэн юм биш үү? Хүлээн зөвшөөрч байна уу? гэж олон хүн асуусан. Миний хувьд энэ асуудлаар хөөцөлдөөд хариу тайлбар өгөх сонирхол байсангүй. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа ганц хүн нь манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн шүү дээ. Тэр хүн үнэхээр жижиг асуудалд оролцож байна л гэж хэлмээр байна. Би УИХ-ын гишүүнд хандаж өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарая. Дархандаа ирж ажлаа үзээд бодлогын чанартай ажил хийе. Хүний төгссөн сургууль, дипломоор хөөцөлдөх нь гишүүн хүний хувьд зохимжгүй гэж хэлсэн. Миний хувьд энэ бол жижиг асуудал учир хэрүүл маргаан хийх сонирхол байгаагүй. Та бүхэнд үзүүлэхээр өөрийнхөө төгссөн сургуулиудын дипломыг аваад ирсэн. Дарханчууддаа үзүүлж харуулна дахиж энэ асуудлаар ярихгүй гэдгээ хэлье.

Би Дарханы Техникийн их сургуулийн анхны элсэгчдийн нэг. Тус сургуульд 1990-1993 онд Зураг хөдөлмөрийн багш мэргэжлээр суралцаж дээд боловсрол эзэмшсэн. Гэтэл та гурван жил суралцсан тул дээд мэргэжил эзэмшээгүй гэдэг асуудал үүсч байгаа юм. Тухайн үед багшийн сургууль, худалдаа аж үйлдвэр, биеийн тамирын сургуулиудад гурван жил суралцуулж дээд мэргэжил олгож байсныг гэрчилэх Үндэсний төв архивын хуулбар, мөн БСШУ-ны сайдын 1994 оны шийдвэрийн баримт бичиг нь байна. Сургуульд элсэн орсон тухай сургуулийн архивын бичиг байна. Яамны дээд боловсролын хэлтсийн даргын гарын үсэгтэй Агваан овогтой Энхболд нь 1993 онд Техникийн их сургуулийг Зураг хөдөлмөрийн багш мэргэжлээр 0010 дипломын дугаартай төгссөн тухай тодорхойлолт байна. 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус сургуулийг төгссөнийг нотлох Дархан хот дахь Техникийн их сургуулийн Захирлын тушаал нь байна. Тухайн үед манай ангийг нийт 10 хүүхэд төгсөж байсан.

Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад хандсан. Түүний мөрөөр Хэрэг эрхлэх газрын шалгалт ирсэн. Мөн Улсын МХГ, Дарханы МХГ, Техникийн их сургууль, БСШУЯамны хамтарсан шалгалт ирж сургууль төгссөн нь үнэн гэдгийг батлаад явсан. Монгол Улсын Ерөнхий сайд хэн нэгний үзэмжээр дүгнэлт гаргадаггүй байх. Бүх түвшинд нь шалгасны эцэст намайг Засаг даргаар томилох захирамж гаргасан. Ганц хүнийг ийм олон байгууллага шалгасан.

Дээр нь би ганцхан сургууль төгсөөгүй ээ. Дарханы Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн удирдлагаар төгссөн. Дараагаар нь сургалт нь Монголд явагддаг. Дипломыг нь Англи улсаас олгодог Их Британи улсын Удирдлагын академийг Нийтийн албаны удирдлагаар төгссөн. Түүний дараагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн Рояал академид Төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.

Г.Ганцэцэг сэтгүүлчийн дараагийн асуултанд хариулая. Би 2012 оны сонгуулиар нэр дэвшихэд МАН-аас жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн. Нэгдүгээрт нь тухайн үеийн Засаг дарга Г.Эрдэнэбат байсан. Гэтэл Засаг даргын ажлыг болоод МАН-ын даргын ажлыг С.Насанбат гэдэг хүн сонгуулийн өмнөхөн хууль бусаар авсан. Тэрээр аймгийн МАН-ын дарга болонгуутаа намын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн намайг сонгуульд өрсөлдөж байх үед маань үйлдвэрийн районд байгаа газрыг зарсан гэдэг асуудлаар Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулсан. Тухайн үед би ИЗИС-ийн Дархан дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байсан. Тухайн үед ямар нэг газрыг зарсан өгсөн асуудал байхгүй гээд прокурор, авлигатай тэмцэх газрын дүгнэлт гарсан. Гэтэл одоо намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон газартай, түүнийгээ зарсан мэтээр мэдээлж байна. Үнэхээр газар зарсан гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн байна.

Би ажил авснаасаа хойш өнөөдрийг хүртэл нэг ч хүнд газар олгоогүй. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл Дарханд ундны усны эх үүсвэр нь энд байна, олгож болохгүй газар нь энд байна, намагтай газар нь энд байна, хот төлөвлөлт нь ингэж хөгжинө, энэ хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авна гэдэг инженерийн суурь судалгаанд үндэслэгдсэн бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл энэ ерөнхий төлөвлөгөөг хийгээгүй байсныг нь богино хугацаанд зохион байгуулж, саяхан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй уялдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-аараа батлуулах ёстой. Одоо энэ ажил хийгдэж байна. Үүний дараагаар газар олголт хийгдэнэ.  Зарим нэг иргэд газар өгөхгүй байна гэж бухимдаж байна. Тэгэхээр хууль, журмынх нь дагуу зөв голдрилд нь оруулахын тулд газар олгохгүй байгаа гэдгийг ойлгоорой. Нэг ч хүнд газар олгоогүй. Өнөөдөр яг үнэндээ Дарханы газар дуусчихсан шүү дээ. Өмнөх үе үеийн дарга нар хэн хэнд хаана газар өгснийг Дарханчууд мэдэж байгаа. Энэ мэтчлэн сөргүүлж ярих асуудал бидэнд олон байна. Хуулийн байгууллагаар шалгуулах болно. Дээр нь тэд нарын хийсэн буруу зөрүү асуудлыг шийдвэрлэж цэгцэлнэ, газар олгосон хууль бус шийдвэрүүдийг цуцална гэдгийг хэлье.

Б.Норовсамбуу /МОНЦАМЭ агентлагийн Дархан дахь сурвалжлагч/: -Цахим ертөнцөд гарсан мэдээлэлд таныг Улаанбаатар хотод газартай гээд тус газруудын баримтыг нийтлэсэн. Үүгээр таныг Газрын наймаачин гэдгийг батлаад байна шүү дээ?

-Надад Улаанбаатар хотод газар байхгүй. Shuurhai.mn сайтаар л иймэрхүү мэдээлэл цацаж байгаа л даа. Удаа дараа гүжирдлэгийн шинж чанартай мэдээлэл явуулаад байгаа учраас тус сайтынханаас тодруулсан. Эхний удаа холбогдоход миний өмнөх Засаг дарга 10 сая төгрөг өгнө Энхболдын асуудлыг нийтлэ гэсэн байсан. Гэхдээ надад одоогоор мөнгөө өгөөгүй байна. Би ийм асуудлыг дахиж тавихгүй ээ гэж  тус сайтыг ажиллуулдаг залуу өөрөө үнэнээ хэлсэн. Ингээд хэсэг зуур гүжирдлэгийн чанартай мэдээллүүд түр зогссон. Гэтэл саяхнаас эргээд тавиад эхэлсэн. Дахиад холбогдоход би тэр хүнтэйгээ гэрээгээ байгуулсан. Миний сэтгэлд хүрсэн мөнгийг өгсөн учраас би хэн нэгэнд захирагдахгүй гэж хэлсэн. Фотошоп гэдгээр миний анкет, сургууль, газрын асуудлыг эвлүүлж  ийм мэдээллийг нийгэмд цацаад байгаа тус сайтыг хуулийн байгууллагад өгнө. Улс төрч хүнийг янз янзаар л хэлдэг. Тэр болгоны хойноос хөөцөлдөөд яахав ажлаа хийе л гэдэг зарчим бариад явж байсан. Одоо бол хэм хэмжээнээсээ хэтэрч байна. Их хурлын гишүүн ч олон нийтийн сүлжээгээр тавьж л байдаг. Нөгөөхийг нь цааш нь цацаад мөнгө авдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Ийм байж болохгүй ээ. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс хууль шүүхийн байгууллагад хандах гэж байгаа.

П.Майцэцэг /DBS телевизийн сэтгүүлч/: -Юуны өмнө сэдэв хамаарахгүй асуух боломжийг олгож байгаа танд баярлалаа. Тодруулга хийе. Таны эзэмшил, өмчлөлд яг хэдэн газар байна вэ?

-Нэг л газар байна. Би ИЗИС-ийн салбар сургуулийг тус сургуулийн захирал Ням-Осор гуайтай хамтарч таван жилийн өмнө Дарханд байгуулсан. Эрх зүйн бакалавр, магистрийн зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ сургуулийн үйл ажиллагаа явуулж буй сургуулийн байр байгаа. Тус байрны эзэмшил газар миний нэр дээр бий.

Б.Норовсамбуу /МОНЦАМЭ агентлагийн Дархан дахь сурвалжлагч/: -Сайтуудад тантай холбоотой, таныг шүүмжилсэн мэдээлэл гарангуут мөнгө өгөөд авахуулчихдаг гэж цахим ертөнцөөр бичээд байна шүү дээ. Тэгсэн юм уу?

-Тийм асуудал байхгүй. Бүх л хэвлэлээр гарч байгаа шүү дээ.

Г.Ганцэцэг /Фокус Дархан сэтгүүлийн сурвалжлагч/: -Та ер нь хэр баян хүн бэ?

-Би баян хүн. Яагаад гэвэл би гэр бүлтэй, дөрвөн сайхан хүүхэдтэй.

-Халамжийн хүүхдүүдийг ивээн тэтгэдэг гэж сонссон.

-Надад баримталдаг зарчим бий. Миний аав худлаа ярьж, хулгай хийж болохгүй. Зөв яваарай л гэж хэлдэг хүн байсан. Дархан жижигхэн газар. Энд төрж өссөн бүх хүмүүс нь бие биенийгээ таньдаг. Миний аав, ээжийг бүгд танина. Намайг хар багаас минь мэднэ. Тийм учраас их зөв амьдаръя. Аль болохоор зөв зүйлийг хийе гэж бодож явдаг. Нарны хүүхдүүд гээд энэ сайхан гэр бүлд аав шиг нь дотно явж ирсэн. Миний олон найз нөхдийн сэтгэлээсээ өгсөн урам зориг нь намайг баян байлгадаг.

Л.Отгонбаатар /ЛХА телевизийн сэтгүүлч/: -Бидний асуултууд дайралт шиг санагдаж болох юм. Гэвч цаг үетэй холбоотой асуултууд гэдгийг ойлгоорой. Нэгэнт чөлөөтэй ярилцаж байгаа учраас тантай холбоотой болоод аймаг орон нутагтай холбоотой бүхий л асуудлыг нэг дор уудлая гэж бодлоо. Таныг ажил авснаас хойш ЗДТГ-ын дарга хоёр ч удаа солигдсон. Үүнтэй уялдаад ЗДТГ-ын үйл ажиллагаа доголдох, төрийн албан хаагчдын чадавхи чадварын талаар багагүй ярьсан. Үнэхээр тийм чадваргүй хүмүүс байсан уу. Чадваргүй хүмүүс байсан учир халаа сэлгээ хийгдэв үү?

-Би энэ талаар өмнө нь тайлбарлаж байсан. Намайг ажил авахад 5 хүн өөрсдөө өргөдлөө өгөөд явсан. Үүнийг дахин ярих шаардлагагүй ч асуусан учраас тодруулаад хэлчихье. Тэдэнд тухайн үеийн Засаг даргын төлөө л ажиллахаас биш Дарханы төлөө ажиллах сэтгэл байхгүй байсан нь харагдаж байна. Ний нуугүй хэлэхэд Дарханд 20-30 жил нэг хүний ноёрхол, нөлөөлөл тогтсон, салхи ороогүй байсан. Та нар бод л доо. Хүн хүнээр нь аваад үзвэл тэр даргын ах нь, энэ хүний хүргэн нь, охин нь, тэр даргын эгч нь гээд нэр ус хэлбэл нэлээд урт жагсаалт гарна. Ийм л сүлжээ үүссэн байсан. Дураараа томилолт авдаг. Тэгсэн хэрнээ хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй. Ажлын үр дүн байхгүй, цалгар назгай байдал тогтсон байсан.

Миний нэг ч ах дүү, дотны хамаатан садан аймгийн ЗДТГ, хэлтэс агентлагуудад байхгүй. Намайг ямар нэгэн зүйлээр буруутгаж, муутгахаас би айхгүй. Байгаа хугацаандаа зөв салхийг оруулж Дарханыхаа ирээдүйн төлөө бодлогын шинэчлэлийг хийе гэдэг эрсдэлийг би өөртөө үүрсэн. Бид хэлтэс агентлагуудын ажилд хариуцлагатай дүн шинжилгээ хийх зорилгоор журмыг нь шинэчилж байгаад шаардлагаа тавьсан. Нөгөө талаас хүмүүсийнхээ төрд ажиллах итгэлийг нь сэргээх зорилгоор төрийн албан хаагчийн бахархлын өдрийг санаачилсан. Та нар бол Дарханы зуун мянган хүмүүсээс шилэгдсэн боловсон хүчин ийм учраас иргэдтэйгээ тулж ажилла, үр дүнгээ харуул гэдгийг ч хэлсэн.

Мэдээж ажлын үр дүнгээр халагдсан хүмүүс байгаа. Ганц хоёр хүний шийдвэрээр биш Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн дүгнэлтийн дагуу шийдвэрлэсэн. Зарим нэг сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар өөрчлөгдсөн. Жишээ нь: цэцэрлэгт хүүхэд оруулсныхаа төлөө Дарханы иргэдээс өөрийнхөө дансаар дамжуулж мөнгө авсан эрхлэгчид хариуцлага тооцож ажлыг нь өөрчилсөн. Тэгэхгүй гээд яах юм бэ. Өөрийнхөө дансаар мөнгө оруулж авсан нь санхүүгийн шалгалтаар илэрсэн. Мөн сургууль дээрээ архи уудаг, хувийн ашиг сонирхлоор ханддаг, санхүүгийн маш олон зөрчил илэрсэн сургуулийн захиралд бид хариуцлага тооцсон. Иймэрхүү хүмүүс өөрсдөө үүрэгт ажлаа хийгээгүй, дээр нь эрхээ хэтрүүлснээ үл зөвшөөрч олон нийтийн хэрэгслээр буруу зөрүү мэдээлэл тараах явдал байна.

Л.Отгонбаатар /Лха телевизийн сэтгүүлч/: -Яруу найрагч Л.Мөнхбаатарын гаргасан мэдээлэлд хэвлэлийнхэн биднийг ч буруутгасан тал бий. Өөрөөр хэлбэл дууч шувууд гэж тодотгосон. Аймгийн Засаг дарга хэвлэл мэдээллийг худалдаж авсан. Дууч шувууд нь Энхболдыг өөгшүүлдэг, Энхболдын талын хүмүүс гэдэг нэг утгаар бичсэн. Энэ дашрамд яруу найрагч Л.Мөнхбаатар биднээс бас уучлал гуйх нь зүйтэй болов уу гэж хэлмээр байна.

-Хүүхдийн номын ордон бол их гэгээлэг байгууллага. Тэнд зөв менежмент хийж ажиллавал маш олон ажлыг хийж болохоор газар. Мөнхбаатарын хувьд цалингаа аваад л өнөө маргаашаа өнгөрөөсөн байдалтай явж ирсэн. Тус байгууллага тайлангаа нэг удаа ч хугацаанд нь ирүүлээгүй байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр энэ хүнийг энэ ажлыг хийх чадваргүй гэж үнэлсэн учраас хариуцлага тооцсон. Яахав янз янзын юм бичиж л байгаа. Одоохондоо нэг ч удаа хариулт өгөөгүй, чимээгүйхэн харж байна. Яруу найрагчийн хувьд өөрийнхөө асуудлыг хэрхэн яаж илэрхийлэх нь тэр хүний эрх. Гэхдээ хуулийн дагуу байх ёстой. Сүүлийн үед арай л хэм хэмжээнээсээ хэтэрч байгаа. Олон нийтийн хэрэгслээр амь насанд хүртэл заналхийлсэн. Цустай толгойг нь тасдана, элэг бөөрийг нь гаргана ч гэнэ үү. Ийм ёс зүйгүй байдал гаргавал хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй.

Барилга захиалагчийн албыг яагаад татан буулгах болов?

-Тус албаны хувьд Монгол улсын 21 аймагт байдаггүй байгууллага. Ганц хоёр аймагт байгуулагдаад татан буугдсан. Тус алба нь бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж, хоёр хувиар нь санхүүждэг аж ахуйн тооцоотой байгууллага байсан. Анх байгуулах үед нь Барилга хөгжлийн төвөөс ажил үүрэг давхцаж байна болохгүй гэдэг албан тоот ирүүлсэн байсан. Түүнийг нь тоолгүй байгуулсныг би юу гэж ойлгож байна вэ гэхээр тухайн хүнийг ажлыг нь зүй бусаар авсныхаа хариуд тэр хүнд зориулсан албан тушаал бий болгосон гэж харж байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжийн хяналтыг улсаас ирж хийж байна. Ингэхээр тухайн байгууллагын чиг үүрэг байхгүй болчихож байгаа юм. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийн ажлын чиг үүрэгтэй давхцаж байгаа. Мөн Захирагчийн албан дээр ч байна. Гэтэл 5-6 ажлын байр бий болгоод, өмч хөрөнгө тасдаад, машин унаа хэрэглээд түрээсийн байранд маш их зардалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ хяналтаа дорвитойхон тавьж ажиллаагүй. Иймд шинжээчийн баг ажиллуулж, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан. Тус албыг байх нь зөв гэж үзвэл шийдвэрээ гаргаад өгчих буруу гэвэл татан буулгая гэдэг санал оруулсан. Ингээд Тэргүүлэгчид чиг үүрэг нь давхацсан, илүү орон тоо бүтэц бүхий байгууллага байна гэж үзсэн.

IMG 5683

П.Майцэцэг /Ди Би Эс телевизийн сэтгүүлч/: -Нэмж асуухад Барилга захиалагчийн албыг татан буулгасан ч ГХБХБГ, Захирагчийн албаны орон тоог нэмнэ гэсэн яриа гараад байгаа?

-Орон тоог нэмэхгүй. Тэр бүтцэд байгаа хүмүүс ажлаа хийгээд явж байсан. Тэр хэвээрээ л байна. Шинээр орон тоо нэмэх асуудал байхгүй.

Та чинь аль намын гишүүн билээ?

-Би одоо нам бус. Уг нь МАН-ын гишүүн. Дархан-уул аймгийн МАН-ын бүлэг надад итгэл үзүүлж бүлгийн саналаар аймгийн Засаг дарга болгосон. Яахав одоогийн МАН-ын дарга болох ганц хүний шийдвэрээр ИТХ-ын 10 төлөөлөгч, Ардын намын 10 гишүүнийг намаас нь хөөсөн байгаа. Тийм учраас бид одоо нам бус болсон.

-Бид гэхээр нөгөө аравтайгаа нийлээд та юм байна тийм үү? Одоо сонгууль боллоо. Нам бус гэж байна. ХҮН намд элссэн тухай мэдээлэл байсан?

-Би ХҮН намд элсээгүй. Тийм явган яриа гадуур байгаа. Аливаа нэгэн намд элсээгүй. Хэдийгээр сонгууль ойртсон ч гэсэн улс төрийн баримтлах зарчмаа нэгдүгээрт тавьсангүй. Засаг төрийн ажлаа нэгд тавьж байна. Богинохон хугацаа байгаа ч гэсэн их зүйлийг хийе, ажил хийе гэдэг л зорилго байна. Тийм учраас улс төрөө хоёрт тавиад ажил төрлөө өмнө нь тавьсан.

-Сонгууль болтол МАН-аас ямар нэг шийдвэр гарахгүй бол таны хувьд сонгуульд яаж оролцох вэ?

Одоогоор шийдээгүй байна.

IMG 5686

Л.Буянхишиг /NBS телевизийн сэтгүүлч/: -Ажлаа авснаас хойших хугацаанд гадагшаа томилолтоор их явлаа. Томилолтоор явсны үр дүнд ямар ажлуудыг хийв?

-Таны асуултанд хариулахын өмнө нэг тайлбар хийсэн нь зөв байх. Улс орны төсөв хөрөнгө хүнд байгаа энэ орон зайг нөхөхийн тулд бид 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд "Дарханы хөгжил” Олон улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах гэж байна. Бидэнд хийх ажил их байна. Хөрөнгө мөнгө хомс байгаа хэдий ч зүгээр суухыг хүссэнгүй. Дархандаа нэг ч гэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийе гэсний үндсэн дээр энэ ажлыг санаачилсан. Үүнийг угтсан хоёр айлчлал хийсэн. БНХАУ-д болсон Цайны зам дагасан хотуудын дарга нарын "Нэг бүс нэг нутаг” дээд хэмжээний уулзалтад оролцож Дарханыхаа онцлогийг гаргасан илтгэлийг тавиад ирсэн. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг төсвийн мөнгөөр гадаадад зугаалаагүй. Төсвөөс нэг ч төгрөг гараагүй БНХАУ-ын талаас бүх зардлыг гаргасан. Дархан хот нь ОХУ, Хятад улсыг холбосон Эдийн засгийн гол зангилаан дээр оршиж байгаа. Эдийн засгийн коридор ч гэж ярьж байгаа. Энэ үеэр Дарханы хөгжил эдийн засгийн форумтай холбоотойгоор өмнө нь уулзалт хийж байсан Хятадын Нари группийн хүмүүстэй уулзсан. Тэд Дарханы станцаас гарч байгаа үнсийг дахин боловсруулж Эко технологиор үнсийг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгоод Хөтөлийн цементийн үйлдвэрийн түүхий эдийг үйлдвэрлэдэг хамтарсан үйлдвэр байгуулах саналыг тавьсан. Форумын үеэр бид албан ёсоор гэрээнд гарын үсэг зурж ажил хэрэг болгоно. Мөн Нари группийн нэрэмжит автомашингүй гудамжийг Дархандаа бий болгоё гэдэг саналыг тавьсан. Ингээд аймгийн ерөнхий архитектуртайгаа хамтран гудамжаа сонгоод байна. Энэ бүтээн байгуулалтуудыг Дарханд өөрсдийн хөрөнгө оруулалтаар хийж өгөхөөр болсон. Эдгээр нь Хятад явсан ажлын үр дүн. Саяхан Япон улс руу бас форумтай холбоотойгор яваад ирлээ. Мөн зохион байгуулагч тал нь зардлыг гаргасан. Төсвөөс мөнгө гаргаагүй ээ гэдгийг дахин хэлмээр байна. Оны дараахан Фукушима мужийн Айзувакамацу хотын төлөөлөгчид Дарханд Нарны хүүхдүүдэд талархал илэрхийлэхээр ирсэн юм. Нэг түүх ярихад Нарны хүүхдүүд төвийнхөн 2011 онд цунамид нэрвэгдээд хүнд хэцүү байсан Японы ард түмэнд зориулж хандивын тоглолт зохион байгуулсан. Хүүхдүүд маань тоглолтын орлого болох  3 сая гаруй төгрөгийг Японы ард түмэнд өгөхөөр болсныг Монгол улсад суугаа Японы Элчин сайд сонсоод маш их талархсан. Тэрээр Монголын ард түмэн, Дарханчууд тэр тусмаа сэтгэлийн дэм хэрэгтэй байгаа Нарны хүүхдүүд бидэнд тусалж байхад би өөрөө очихгүй бол болохгүй гээд Дарханд ирсэн. Ингээд тус төвийн Эрдэнэчулуун багш бид хоёр Японы Элчин сайдтай уулзаж, хүүхдүүдийнхээ сэтгэлийн бэлгийг гардуулсан. Тусламж маань Фукушима мужийн иргэдэд Монгол улс, Дархан-Уул аймаг, Нарны хүүхдүүд гээд нэр хаягтайгаа очсон. Гэтэл энэ энэ  тусламжийг авсан тус мужийн хүмүүс асрамжийн газрын хүүхдүүд бидэнд тусалж байхад бид заавал очиж сэтгэлийн дэм өгнө гээд ирж уулзсан юм. Ингээд Японд урьсан урилгын дагуу очоод ирлээ. Ирэх 11 дүгээр сард Японд Нарны хүүхдүүдийн тоглолтыг тоглуулахаар болсон. Зардлыг Японы тал даана. Дээр нь Дарханд үйлдвэрлэв бүтээгдэхүүний худалдааны төвийг Айзувакамацу хотод нээх асуудлыг ярилцлаа. Мөн Дарханы 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг бэлэглэхээр болсон. Мөн энэ үеэр Япон улсын Сумо бөхийн Озэки буюу арслан цолтой Дарханы унаган хүүхэд Тэринофүжи Ган-Эрдэнэтэй уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Их халуун дотно хүлээж авсан. Тэгээд Япон Монголыг холбосон соёлыг таниулах ажил дээр Дарханд төрснийхөө хувьд их зүйлийг хийгээрэй, аварга болоорой гэж захисан. Ган-Эрдэнэ маань явуулын рентген бүхий автомашиныг Дархандаа өгөхөөр болсон. Ийм үр дүнтэй яваад ирлээ.

Б.Отгонбаяр /RGB телевизийн Сэтгүүлч/: -Шинэ, хуучин Дарханыг холбосон замын ажил зогссон. Энэ замын ажил хэзээ үргэлжлэх вэ. Энэ чигтээ ингээд царцаагдах гээд байна уу?

-Энэ ажлыг миний зүгээс зогсоож саатуулаагүй. Нэгдүгээрт улирлын чанартайгаар зогссон. Хоёрдугаарт уг замын ажилтай холбоотой олон зөрчилтэй асуудлууд байгаа.

ИТХ-ын төлөөлөгч Төмөртогоо захиралтай "Өсөх урам” ХХК тендерт ялсан цагаас эхлэн будлиантай байсан. Тендер шалгаруулах шаардлагад замын ажлыг 3 жил хийсэн туршлагатай байх гээд заачихсан байхад энэ шаардлагыг хангаагүй нь нотлогдсон. Тодруулбал, Улаанбаатарт зам хийсэн гэсэн бичгийг хуурамчаар үйлдсэнийг Аудитын шалгалтаар болон холбогдох газруудаас авсан лавлагаагаар нотлогдсон. Одоо хуулийн байгууллага шалгаж байна. Дээр нь гэрээгээр 80 хувийн ажлаа хийгээд 80 хувийн санхүүжилтээ авна. Үлдсэн 20 хувийг ажил дууссаны дараа авна гэсэн гэрээтэй. Гэтэл эднийх 80 орчим хувийн санхүүжилтээ авчихсан байна. Дарханд тендерт ялж бүтээн байгуулалт хийсэн ч хөрөнгө мөнгөө авч чадахгүй олон жижиг компаниуд байгаа. Тэдний авах ёстой мөнгийг Өсөх урам компанид тухайн үеийн удирдлага өгчихсөн гэсэн үг.

Цаг агаар уярч байна. Цуг газар дээр нь очоод үзээч гэж хэвлэлийнхэнд хэлмээр байна. Замын ажлаас гарсан шороо чулууг зайлуулна гэж 150-иад сая төгрөг авчихаад замын дагуу А зэрэглэлийн газар дээр уул овоо үүсгэсэн байна. Үүнийг сурвалжилж олон түмэнд харуулаач. Дарханчууд антентай уул гэж ярьдаг энэ уулын цаад талыг ухчихсан байгаа. Наанаас нь харахад харагдахгүй байгаа. Энэ бол хууль зөрчсөн ноцтой асуудал. Тодорхой санхүүжилт авчихсан хэрнээ ажлаа гэрээний дагуу хийгээгүй. Тэгсэн хэрнээ биднийг замын ажлыг зогсоосон, гацаасан тухай худал ярьж байгаа.

П.Майцэцэг /DBS телевизийн сэтгүүлч/: -Өмнөх Засаг даргын Зөвлөлийн хурал дээр сэтгүүлчид бид байсан. "Өсөх урам” компанийнхан энэ бол томоохон бүтээн байгуулалт. Аймаг хөрөнгө мөнгөгүй бол бид өөрсдийн хөрөнгөөр энэ ажлыг эхлүүлж байя гэж ярьж байсан. Та сая 80 хувийн санхүүжилтээ авсан гэж ярилаа. "Өсөх Урам” компаниас 80 хувийн санхүүжилт аваагүй гэх яриа бий?

-Хэн нэгний яриаг биш баримт нотолгоог л үзэх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр өөрийн чинь хэлснээр хөрөнгө мөнгөө гаргаад хийнэ гэсэн бол хийх л ёстой. Гэрээнийхээ дагуу хийнэ гэсэн хугацаа нь өнгөрсөн. Энэ зам Дарханчуудад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ замын ажил дууссан байна уу үгүй юу гэдгийг та нар харж байгаа. Дуусаагүй л байна. Тэгэхээр асуудал хаана байна гэдэг нь харагдаж байна.

П.Майцэцэг /DBS телевизийн сэтгүүлч/: -Ер нь энэ замыг ажил хэрэг болгож хүлээж авахгүй юм байна, тийм үү?

-Бид  энэ замын ажлыг дуусгая, болгоё гэдэг талаас нь анхаарч байна. Энэ компанийн зүгээс шалтгаалсан хариуцлагын асуудал байна. Хуулийн байгууллага шалгаад дүгнэлтээ гаргах байх.

Б.Отгонбаяр /RGB телевизийн Сэтгүүлч/: -БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид манай аймагт айлчлан яаралтай түргэн тусламжийн дөрвөн автомашиныг өгсөн. Энэ үеэр аймгийн удирдлагууд тодорхой санал тавьсан байх, ямар асуудлууд яригдсан бэ?

Иж бүрэн тоноглосон дөрвөн эмнэлгийн автомашиныг Дарханы хамгийн хэрэгцээтэй газар нь бэлэглэсэн. Энэ бол өмнөх удирдлагуудын хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн гадаад харилцаа хамтын ажиллагааны үр дүн. Кёнги аймагтай тогтоосон энэхүү харилцааг бид үргэлжлүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Кёнги аймгийнхныг ирэх үеэр "Дархан нэхий”, "Дархан минж” үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт татах зорилгоор тус үйлдвэрүүдтэй танилцуулж, арьс ширний салбарт хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах санал тавьсан. Мөн хоёр орны соёлыг ард иргэддээ таниулах, сурагч, оюутан залуус, эмч багш зэрэг мэргэжлийн хүмүүсийг туршлага судлуулах ажлыг ярилцсан байгаа.

П.Майцэцэг /DBS телевизийн сэтгүүлч/: -Цаашдын хөгжил дэвшлийг хэрхэн харж байна вэ? Таны баримтлах чиг шугамыг би тодруулж асуумаар байна. Дархан-Уул аймгийг удирдаж байсан өмнөх удирдлагууд үнэхээр болохоо байчихсан хүмүүс байсан юм уу? Тухайн үед яригдаж байсан хогны үйлдвэрийн ажил зогсож дахиад шинийг эхлүүлэх гэж байна. Ер нь таны баг өмнөхөө харлуулахад анхаараад байна уу?

-Өмнөх хүнээ муулах, буруутгах шалтаг шалтгаан байхгүй. Маргаашаа, ирээдүйн хөгжлийг харж ажиллаж байна. Хөгжлийн хувьд зөвхөн Дарханаар хязгаарлахгүй бүсийн хөгжлийг ярьж байна. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт гэсэн Нээлттэй эдийн засгийн бүсийн төв нь Дархан хот байх болно. Удахгүй зохион байгуулах Дархан хөгжил олон улсын эдийн засгийн форумын үеэр Дарханы хөгжлийн бодлогоо тодорхойлж танилцуулах болно.

Хоёр дахь асуултад хариулъя. Хогны үйлдвэрийн хувьд хоёр компани тухайн үеийн удирдлагуудад хандаж ажил нь эхэлсэн байдаг. Нэг нь Солонгос зэрэг гадны олон компаниудтай хамтраад 8 сарын дотор хогны үйлдвэрийг концессийн гэрээгээр Дарханд байгуулна гээд 3 га газар авч, тухайн үеийн Засаг даргатай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл одоо хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад тухайн үйлдвэр баригдаагүй л байна. Эндээс хог боловсруулах үйлдвэр барихаасаа илүү газар авах сонирхол байсан юм болов уу гэж харж байна. Энэ асуудал саяхан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ороод цуцлагдсан. Мөн тус компанитай зэрэг Тахь Ко ХХК-ийн төсөл хэрэгжиж байгаа. Харин энэ компани өөрсдийн хөрөнгөөр техник, эдийн засгийн үндэслэлээ хийж байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ гаргачихсан. 100 гаруй сая төгрөгийг өөрсдийн компаниас гаргаад ажлаа эхлүүлсэн ч газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байна. Үүнийг бид бодлогоор дэмжинэ. Хэрвээ энэ үйлдвэр манай аймагт байгуулагдах юм бол тус компани бидний үнэгүй хаядаг хогийг худалдаж авна. Хогийг боловсруулж түлш гаргана. Оросоос худалдаж авдаг байсан эрчим хүчийг түүнээс бага үнээр худалдан авч алслагдмал гэр хорооллыг эрчим хүчээр хангах боломж нээгдэнэ. Улмаар Дархан-Уул аймгийн газар тариалан, уул уурхайн компаниудад хямд үнэтэй түлш нийлүүлнэ гээд олон ач холбогдолтой боломжууд бий болно гэж харж байна. Миний хувьд нэг л шаардлага тавьж байгаа. Та нар Дарханы 100 мянган иргэдэд мэдээллээ өг. амлалтаа ч өг. Хийж чадахгүй бол танай компанид олгосон үйлдвэрийн газар хураагдана. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах, дээр нь үйл ажиллагаа явуулах компаниа  Дарханд байгуулж, төсөвт орлого бүрдүүлэх шаардлагыг тавьж байгаа.

Ө.Рагчаасүрэн /Хэвлэлийн хүрээлэнгийн хойд бүсийн төвийн эрхлэгч, МУСГЗ/: -Дарханыхаа нийт уншигч, үзэгчдэд гүүр болдог биднийг хүндэтгэж Үндэсний сэтгүүлзүй үүссэн энэ өдөр аймгийн Засаг дарга бидэнтэй илэн далангүй яриа өрнүүлсэнд их баярлалаа.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

"СЭТГҮҮЛЧИЙН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ /2016.03.06/

Эх сурвалж: darkhan.gov.mn

 
 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?