📅

Монголын сайтын холбоо, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран ажиллахаар боллоо

🕔 2016/04/28 10:09

Өнөөдөр Монголын сайтын холбоо, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монголын сайтын холбоог төлөөлөн холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Бизнес хөгжил хариуцсан ерөнхийлөгч Э.Батхүү, Хяналтын зөвлөлийн гишүүн Ш.Амартүвшин, Улаанбаатар хотын цагдаагийн газрыг төлөөлөн тус газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар оролцлоо.

Хамтран ажиллах санамж бичгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл харилцан солилцох юм.

Санамж бичигт гарын үсэг зураг үеэр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр: "Монголын сайтын холбоо төрийн байгууллагуудтай иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангахад хамтран ажилладаг. Тухайлбал, иргэдэд эко боловсрол олгох чиглэлээр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Санамж бичигт хоёр талын хамтран ажиллах эрх, үүрэг туссан байгаа. Бид өөрсдийн эрх, үүргийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэх, сэрэмжлүүлэх ажлыг нэр төртэйгөөр хийж та бүхний ажлыг тууштай дэмжинэ. Сайтууд хамгийн шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр мэдээлэл олж авах боломжийг иргэдэд нээж байгаа. Сүүлийн жилүүдэд интернет хэрэглэгчийн тоо өссөн, сайтад ажиллаж байгаа сэтгүүлчдийн тоо өссөн. Тиймээс бид нийгмийн хариуцлагын ажлыг хийхэд таатай байх болно. Монголын сайтын холбоо 200 гаруй гишүүнтэй. Өнөөдрөөс эхлэн тодорхой сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд түгээх болно. Хамтын ажиллагаанд амжилт хүсье” гэв.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрыг төлөөлөн тус газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар: "Юуны өмнө Монголын сайтын холбооны удирдлагуудад Улаанбаатар хотын цагдаагийн газрын өмнөөс баярлалаа гэдгийг илэрхийлье. Цагдаагийн байгууллагын үндсэн ажил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх байдаг. Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэж, хууль эрх зүйн мэдлэг олгож, иргэдийн оролцоог дэмжсэнээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын нэг хэлбэр болдог. Тэр ч үүднээсээ сайтууд нийгэмд эерэг мэдээллийг түргэн шуурхай хүргэх хамгийн том хэрэгсэл гэж цагдаагийн байгууллагаас харж байгаа. Энэ утгаараа та бүхний оролцоо ач холбогдолтой гэдэг үүднээс хамтран ажиллах санал тавьсан. Саналыг хүлээн авч нийгэм рүү чиглэсэн ажилд хамтран ажиллах гэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Бидний ажлын үр дүн Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн үүрэг гэж ойлгож байна. Та бүгдэд маш их баярлалаа. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсруулж байгаа бодлого, иргэдэд хүргэж байгаа мэдээллүүдийг түргэн шуурхай хүргэх энэ ажлын үр дүн шуурхай гарна гэж найдаж байна.” Гэв.

 

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?