Дарханы марафон олон улсын тэмцээнийг зохион байгуулдаг болно
"Өөрийгөө ялах" марафон гүйлтийн тэмцээн Дархан-Уул аймагт 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдана. Уг тэмцээнийг Шри Чинмойн марафон багийнхан 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаа зохион байгуулахаар болж байгаа юм.
Цаашид уг тэмцээнийг Токиогийн марафон, Бостоны марафон зэрэг алдартай тэмцээнүүдийн нэгэн адил Дарханы марафон нэртэй олон улсын чанартай тэмцээн болгохоор шийдвэрлэжээ.
Энэ өдөр 5 насны ангилалаар мэргэжлийн тамирчид оролцсон тэмцээн болох бөгөөд мөн бүх нийтийн чийрэгжилт, эрүүл мэндийг дэмжих зорилгоор насны ангилал харгалзахгүй ард иргэдийг хамруулсан сонирхогчдын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулж энд аймгийн Засаг дарга өөрөө оролцох юм.
Түүх өгүүлэхэд: Дархан-Уул аймагт 1985 онд зохион байгуулагдсан "Энх тайваны төлөө” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнд одоогийн аймгийн засаг дарга А.Энхболд түрүүлэн диплом үнэ бүхий зүйлээр шагнуулж байжээ. Иймд аймгийн Засаг даргын зүгээс энэ удаагийн тэмцээнд өндөр ач холбогдол өгч төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.