ДЭМБ-ын суурин төлөөлөгч “Найрамдлын Дархан” тэмдгээр энгэрээ мялаав
Өнөөдөр /2016.04.13/ аймгийн Засаг дарга А.Энхболд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт-У тэргүүтэй Ази номхон далайн баруун бүсийн байгууллагын төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч уулзав.
Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулах, Дархан хотыг эрүүл хот болгохын төлөө ДЭМБ хүчин чармайлт тавин ажиллаж ирсэнд аймгийн Засаг даргын зүгээс талархал илэрхийлсэн юм.
Мөн үеэр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дархан-Уул аймгийн ЗДТГазар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран "Эрүүл хот” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн тухай талууд онцлон тэмдэглэж байв.
Дархан-Уул аймаг 1996 оноос "Эрүүл хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2010 оноос ДЭМБ-тай хамтран сургалт семинарыг зохион байгуулж ирсэн. Бид бусад аймаг хотуудад очих бүртээ Дархан хотыг жишээ болгон ярьдаг гэж ДЭМБ-ын суурин төлөөлөгч ярьлаа. Мөн ДЭМБ-ын Ази номхон далайн баруун бүсийн байгууллагын төлөөлөгчдийг "Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцуулахаар дагуулж ирсэн гэв. Цаашид Дархан хотын эрүүл мэндийн тогтолцоог улам илүү бэхжүүлэх чиглэлд аймгийн удирдлагууд, Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Иймд саяхан зохион байгуулсан олон улсын форумын үргэлжлэл болгож ирэх жилийн өдийд Эрүүл мэндийн тогтолцооны асуудлаар олон улсын хурал зохион байгуулах саналыг аймгийн Засаг даргад танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Дархан хотыг эрүүл хотын жишгээр хөгжихөд болон анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулснаар эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, ХБӨ, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хяналтыг нэмэгдүүлэхэд орон нутгийн үе үеийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг Дархан-Уул аймгийн дээд шагнал "Найрамдлын Дархан” тэмдгээр шагнасан юм. Доктор Су Ньюнт-У нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгчөөр 2012 оны 11 дүгээр сараас ажиллаж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Ньюнт-У тэргүүтэй Ази номхон далайн баруун бүсийн байгууллагын төлөөлөгчид манай хотод ажиллах хугацаандаа амгийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.